Говь-Алтай аймгийн Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж өнөөдөр бариагаа хийлээ. 

Түүнийг Сүхбаатарын талбайд угтан авлаа. Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж энэхүү гүйлтээ санаачилсан. Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажиллажээ.

Б.Болдбаатар 54 настай харин түүний аав Буриад нь өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын газар