УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжгүй гэдгээ УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийн үеэр тод харуулж байна. Эрх баригч намын бүлгийн дарга гэхээрээ ийм бүдүүлэг байх ёстой биш биз дээ. 

Д.Тогтохсүрэнг “Жендэр бол эмэгтэй хүн” гэсэн алдарт ишлэлээ хэлэх үед тэнд байсан хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд, хэвлэлийнхэн, олон нийт яг ямар гээчийн хоцрогдсон гишүүн биднийг төлөөлж төрд сууж байгаа юм бэ гэж гайхсан биз ээ. 

Өвөрхангай аймгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож, хоёр дахь удаагаа Өврийн хангайхныг төлөөлөн сууж байгаа тэрбээр нам бол төрийн дээр гэсэн хуучин коммунист үзэл баримтлалтай нэгэн ажээ. 

Түүний цээжээрээ улайран хамгаалж байсан хүйсийн тэгш байдлыг хангах заалт бүхий 30 хувийн квот олны дэмжлэг авалгүй, тэнд байгсад 40 хувийг дээр гэж үзсэнээр ууртай ахын хилэн бадарч эхэлсэн байна.  

Хорин хувь байсан, одоо гучин хувь боллоо гээд боов хайрлаж байгаа Богд мэт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж байсан Д.Тогтохсүрэн 30 хувийн квотын санал нь унаж, 40 хувь гарч ирснээр тэнд байсан эмэгтэй гишүүд рүү дайрч, хариуцлага тооцно хэмээн сүрдүүлж эхэлжээ. 

Мөн намынхаа бүлгийн хурал дээр бүгд рүү "ноцож", намын бодлогыг дэмжихгүй бол хатуу хариуцлага тооцно, нэр дэвшүүлэхгүй гэж уурлаж байгаа сурагтай. Гэхдээ хуучин арга барил явахгүй, гишүүд сонгогчдынхоо дуу хоолой болж, дэвшилтэт үзэл санаагаар асуудалд ханддаг болсныг мэдэхгүй л байгаа бололтой. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хурал дээр тэрбээр бас бүлгийнхээ гишүүдийг багцалж, өмнөх саналыг унагах гэж оролдох биз ээ. 

"Эмэгтэй гишүүд ээ, та нар сошиалаар дэвэргэж, санал өгөх эрхэнд маань халдаж байна" гэж байсан Д.Тогтохсүрэн өөрөө бүлгийнхээ гишүүдийн саналын эрхэнд шууд халдаж байгаагаа мэдэхгүй байх шиг байна.  

Өөрийнх нь санал халдаж болохгүй эрхтэй, бусдын санал бүлгийн даргын тааллаар хөдөлж байх ёстой гэж боддог энэ гишүүнээ Өвөрхангайнхан аваач ээ.