Peak.mn
07 сарын 25, 2026
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улс “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгүүллээ.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр улсын бүтэц, нийгмийн хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын өндөр технологи, зан үйлийн уламжлалыг шинжлэх ухааны үндэстэй гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод заасны дагуу тус жагсаалтад бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ (Outstanding Universal Value)-тэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг 6 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байсан бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 7 өвийг бүртгүүллээ.
Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс. Хүннүгийн хот суурин, язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагджээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.