Санхүүгийн зохицуулах хороо Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны санхүүжилтээр “Монгол Улсын хөрөнгийн зах зээлд төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) болон Т+2/3 зарчмыг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. “Арилжааны төлбөр тооцоо” ТӨХХК-ийг түшиглэн явуулах энэхүү төслөөр үнэт цаасны төлбөр тооцооны тогтолцоог шинэчилж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн нэгдсэн системийг бий болгох юм. Төслийн хүрээнд Сангийн яам, биржүүд, кастодиан болон клиринг банкууд, брокеруудтай хамтран ажиллана.

Төслийг эхлүүлж байгаатай холбогдуулан Хорооны дарга, доктор С.Даваасүрэн ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус банкнаас төслийн үйл явцыг чиглүүлэн ажиллах зөвлөхөөр ноён Хью Симпсоныг томилоод байгаа юм. Төслийн удирдагч Хюнгбин Парк болон банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Ирина Кравченко нар зөвлөхийг албан ёсоор танилцуулсан бөгөөд түүнийг шилжилтийн орнуудын хөрөнгийн зах зээл, арилжааны дэд бүтэц, хөгжлийн талаарх мэдлэг, туршлагыг нь үндэслэн сонгож, томилсон байна. Зөвлөх эхний ээлжинд манай улсын санхүүгийн салбарт хамаарах төрийн байгууллагууд болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, зах зээлд оролцогчидтой биечлэн уулзаж, мэдээ мэдээллийг цуглуулан дүгнэлт хийж, мөн өөрийн туршлагад тулгуурлан энэ ондоо багтаан төсөлд шаардлагатай зөвлөмжийг боловсруулах юм.

Хорооны дарга С.Даваасүрэн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээлийн талаар товч танилцуулж, дэд бүтэц, төлбөр тооцооны горим, түүнийг цогцоор нь шийдвэрлэх арга шийдлийн талаар санал солилцов. Хорооноос ЕСБХБ-нд олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийн горимыг нэвтрүүлэхэд ямар хүндрэлүүд байгаа, манай хөрөнгийн зах зээлд ямар зарчмууд нэвтрүүлбэл нийцэх, уг төслийн хүрээнд олон улсын туршлагад тулгуурласан зөвлөмж гаргуулахаар харилцан тохиролцов.

Хороо үнэт цаасны төлбөр тооцооны дэд бүтцийн байгуулагуудын санхүүгийн чадавхийг сайжруулах, батлан даалтын сан үүсгэх, манай зах зээлд нийцсэн төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) болон Т+2/3-ыг зарчмын тодорхойлох, мэдээллийн технологийн нэгдсэн систем бүхий дэд бүтцийг бий болгох зэрэг төслийн хүрээнд хийх, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай ажил, асуудлуудыг танилцуулав. Мөн хадгаламжийн хүүгийн баталгаа, барьцаа хөрөнгө байршуулах зэрэг олон асуудлаар санал солилцсон бөгөөд төсөлтэй уялдуулан Хороо холбогдох хууль, дүрэм журмуудыг өөрчлөн шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм. Иймд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн болон зохицуулалтын орчныг шинэчлэхэд ЕСБХБ хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлэв.