Онолбаатарын Анужин
10 сарын 01, 2026
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 9 дүгээр ангийн 41 сурагчийг үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулж, бусдыг хүндэтгэн харилцах, ялгаатай байдлыг зөвөөр хүлээн авах, асуудал тулгарсан үед тусламж хүсэх талаар мэдээлэл өглөө.
2023 оны сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар 13-17 насны сурагчдын 26.9 хувь нь судалгаанаас өмнөх 30 хоногт сургууль дээрээ дээрэлхэлтэд өртсөн бол 17.9 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд цахим дээрэлхэлтэд өртсөн гэж хариулжээ.

Мөн 2024 оноос 2026 оны гуравдугаар сарын 13-ныг хүртэл Хүүхдийн тусламжийн 108 утсанд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 2300 дуудлага бүртгэгдсэнээс 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Дундговь аймагт хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд, эцэг эх, багшид зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Цагаандэлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулжээ.
Сургалтаар сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтийн дөрвөн хэлбэрийн талаар мэдээлж, дээрэлхэлтийг хэрхэн таних, түүнээс урьдчилан сэргийлэх, асуудал тулгарсан үед хаана, хэнд хандаж тусламж авах талаар ярилцав. Мөн бусдыг хүндэтгэх, нэр хоч өгөхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй, эелдэг харилцахын ач холбогдлыг тайлбарлалаа.

Сурагчид “Миний дотроос гэрэлтэх наран” үйл ажиллагаанд оролцож, өөрийн болон найзынхаа эерэг, давуу чанарыг тодорхойлон, нэгнээ эерэгээр үнэлж, дэмжих дасгал ажилласан байна. Түүнчлэн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сэдэвт комик зураг ашиглан тодорхой нөхцөл байдлыг таних, тухайн үед хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх талаар ярилцаж, сурагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүллээ.
Сургалтаар сурагчид үе тэнгийнхнийхээ ялгаатай байдлыг хүндэтгэх, бусдыг дэмжих, дээрэлхэлттэй тулгарсан үед багш, эцэг эх болон холбогдох байгууллагаас тусламж авах талаар мөн дадлага хийжээ.
Цаашид үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн орчинд тогтмолжуулж, хүүхэд, эцэг эх, багшид чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай үргэлжлүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.