Бүрэг ичимхий хүүхдээ яах вэ гэж эцэг эхчүүд нэлээн асуудаг. Юуны өмнө "манай энэ бүрэг, дуугүй, ичимхий" гэж нэр хаяг бүү зүүлгээрэй.

Хүүхдийн хийж буй үйлдэл, үг яриг хэзээ ч бүү шоол! Бусдад шоолуулснаас болоод дуугүй, бүрэг болох тохиолдол олон.

Итгэж ярьсан ямар нэг нууцыг нь хэн нэгэнд битгий задлаарай! Өөрийнх нь хувьд нууц гэсэн зүйлийг нь аав ээж нь бусдад дэлгэн ярихыг сонсоод хүүхэд их эмзэглэдэг. (Үүнээс үүдэн ичих нь бий)

Нэгэнт бүрэг, ичимхий болчихсон бол яах вэ?


- Нэр, хаяг зүүлгэхгүйгээс гадна "За нэг дуулчих, шүлэг уншчих" гэж бүү тулгаарай!Түүнийхээ оронд "миний хүү/охин дуунд дуртай биз дээ? гэж нээлттэй асуулт асуугаарай. Хэрэв дургүй гэсэн хариулт хэлвэл "яагаад" гэдгийг нь лавлаарай!


-Хүүхэдтэйгээ харилцахдаа урт асуулт бүү тавь. Утгыг нь салгаж удаан бодох шаардлага бүү үүсгээрэй!

-Олон хүүхдүүдтэй тоглох боломж олгоорой, тоглоомын талбайд тоглуулж бусадтай тоглоомоо хуваалцах замаар найзуудтай болгоорой. Өөр өөр зан харилцаатай олон хүүхдүүдтэй байх боломж нь бүрэг хүүхдийг өөрчлөхөд тусална.

-Ямар ч хүүхдэд заавал нэг бусдаас сайн хийж чаддаг зүйл бий. Тэр зүйлсийг нь ажиглан илрүүлж хүүхдээ урамшуулан магтаарай!

-Дэлгүүр, үзвэрийн газраар дагуулж явахдаа худалдагчтай харьцах боломж олгож, дэмжээрэй. Мөн өөрөөр нь сонголт хийлгээрэй.

Бүрэг, ичимхий занг нь харилцаагаараа засч болдог юм шүү!