Сүхбаатарчууд өнгөрөгч сарын сүүлээр төрийн тахилгат Алтан Дарь овооны тахилгаа хийсэн билээ. Энэ үеэр тус аймгийн БОАЖГ-аас “Хандлагаа өөрчилж хамтдаа хамгаалья” уриа дэвшүүлэн хоггүй цэвэрхэн байлгахад бүхий л боломжтой арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайлбал, наадмын талбай болон отгуудыг тойруулан нийт 20 гаруй түр хогийн цэг байршуулж, 5000 ширхэг хогийн уутыг наадамчдад тараасан байна. Наадмын үеэр “Нэг уут хог-Нэг сугалаа” аяныг зохион байгуулж давхардсан тоогоор 800 гаруй хүүхэд оролцон, 12 тн хог цуглуулсан ажээ. Сугалаанд унадаг дугуй, скутер, ролик зэрэг хонжвор багтжээ. “Нэг уут хог-Нэг сугалаа” аяныг Сүхбаатарчууд өмнө нь үндэсний баяр наадмаар зохион байгуулсан нь мөн үр дүнгээ өгч байсан туршлагатай юм байна.