Хөвсгөл аймагт 9-р сарын 12, 13-ны өдөр зохион байгуулагдаж байгаа “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийн үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Дуудлага худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй малаа оролцуулсан юм.   

Монгол улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан удмын “тэс” адуу, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн цагаан адуу, мах, өөх бүдүүвтэр ноосны чиглэлийн “дархад" үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн “эрчмийн хар ямаа” гээд олон үүлдрийн гойд ашиг шимт малтай.  

Өвөлдөө 50 градус хүртэл хүйтэрдэг бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогт зохицсон эдгээр үүлдэр угсааны мал нь амьдын жин, үс ноосоороо илт давуу ашиг шимтэй байдаг байна.  

Мөн тус аймаг “Шинэ хөдөө” төслийн хүрээнд  2020 онд Сэлэнгэ үүлдрийн 510 толгой  үржлийн үхрийг авчирч малчиддаа түрээсээр өгчээ. 

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав: Монгол Улсын болоод Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлого, холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэн тэргүүнд шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулж,  хэд хэдэн зорилт  дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.

Тэрээр “Үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах,  үхэр хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэд технологи, технологийн шинэчлэл, инноваци нэвтрүүлэх замаар махны экспортын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын стандарт шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн тогтолцоо сүлжээг орон нутагт  байгуулах шаардлагатай. 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ. 

 Цагаан уул сумын мал үржүүлгийн нэгжийн дарга, мал зүйч П.Төртогтох: 

Манай нэгж махны чиглэлийн  “Цагаан уул” үүлдрийн  600 гаруй толгой үржлийн хуц бэлтгэж Завхан, Архангай, Булган, Хэнтий, Төв аймагт борлуулсан. Судалгаагаар Завхан аймгаас бусад газарт маш сайн өсч үржиж, ашиг шимээ өгч байна. Жирийн монгол төлгөн хуц дунджаар 45-48 кг байдаг бол манай төлгөн хуц амьдын чингээр 55-58 кг татдаг. Одоогоор 500000 төгрөгөөр борлуулж байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Мөнх-Эрдэнэ: 

Манай сум энэ үзэсгэлэн худалдаанд 2015 онд батлагдсан “Дархад” үүлдрийн хуцтай оролцож байна. Энэ үүлдрийн хонь нэг нуглам илүү, нарийн ноостой, мах, ноосны чиглэлийнх. Эр хонины гулууз мах нь 45-47 кг, төлөгнийх 22-25 кг татдаг. Хэдийгээр тайгын өндөр уулын бүсийнх ч гэсэн өөр газар нутагшуулах боломжтой “Хишигтмандал” үржлийн нэгж энэ хуцнуудыг бэлтгэж зах зээлд нийлүүлж байна. 

Дархад үүлдрийн хуц 350-400 000 төгрөгийн ханштай байна. Харин энэ дуудлага худалдаагаар толгой бүрийг нь 350000 төгрөгөөр бөөнд нь борлуулах захиалга авлаа.

Ренчинлхүмбэ сум дархад үүлдрийн 100000  гаруй толгой хоньтой. Мөн бид энэ оны 8-р сард Дархад үүлдрийнхээ  хонины махыг органик махаар батлуулж чадлаа. Тайгын ховор  тэрдундаа эмийн ургамал ихтэй, цэнгэг устай, өвчлөлгүй газрын мах органик мах мөн болно гэж баталгаажуулсан. Ренчинлхүлбэ сум  1000 гаруй  малчин өрхтэй,  221 мянган толгой мал маллаж байна. 

 

Д.Амарбаясгалан “Мөрөн Агра” ХХК-ийн кластер төслийн зөвлөх: 

Яг энэ цаг үед Хөвсгөл аймаг органик мах бэлтгэлийн тухай ярьж байгаа нь чухал. Манай компани органик мах бэлтгэж, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл  аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл гэсэн гурван сумын 1100 малчин өрхийн малчдыг чадавхижуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэдэг байх зэргээр хоршиж ажиллах тогтолцоог бий болгохоор ажиллаж эхэллээ. Өнөөдөр Монгол улсад 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилдээ 30-90 тн мах экспортлодог. Экспортын дундаж үнэ 2.3$. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг гайхшруулах хямд үнэ. Бид органик махаа үнэ хүргэж экспортолж чаддаг байх хэрэгтэй. Хэд хэдэн шаардлага  тавигдаж байна. Үүнийг шийдэхийн тулд бид асуудлыг тогтолцоогоор нь шийдвэрлэх, өөрчлөх хэрэгтэй байна. Мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. 

 Товч: 

- Хөвсгөл аймаг жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлж, мал аж ахуйн салбарын орлогоороо улсад тэргүүлж байна. 

- Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг 9-р сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

- Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол гарч органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. 

- Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн. Ямаан сүргийн тоогоор улсад нэгт ордог байна.