Хятадын иргэд зорчиж явсан усан онгоцнууд Тайландын Пхукет арлын эрэг орчимд дэгдсэн хүчтэй далайн хар салхинд өртөн хөмөрч, нэг хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байгаа тухай Тайланд улсын Сонгкхла муж дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас баасан гарагийн өглөө мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Пүрэв гарагт Пхукет арлын эрэг орчимд хүчтэй далайн хар салхины улмаас үүссэн таван метрийн өндөр оволзсон давалгаанд 127 хятад жуулчин тээвэрлэж явсан хоёр усан онгоц өртөн гэнэт хөмөрч осолдсон ажээ. Осолд өртөгсдөөс 77 аялагчийг авраад байгаа бөгөөд тэдний дундаас таван хүн мэс засалд орж, зургаан хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.

“Баасан гарагийн өглөө амьд үлдсэн хоёр хүнийг олсон хэдий ч аялагч болон усан онгоцны багийн гишүүн 56 хүнийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна” гэж Пхукет мужийн захирагч Норрафат Плодтонг мэдээллийн “Синьхуа” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна.

Тайланд улсын борооны улирал тавдугаар сараас эхлэн аравдугаар сарыг дуустал үргэлжилдэг бөгөөд энэ үед эрэг орчмын бүс нутагт хүчтэй салхи шуурга элбэг тохиолддог ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг