АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн сүүлд гаргасан мэдэгдэл нь Хятад улсыг ямар ч үндэслэлгүйгээр гүжирдэж байгаад бид эрс эсэргүүцлээ илэрхийлж байна гэж Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
Майк Пенс өмнө нь Хятад улсыг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгажээ. Үүний тулд Хятад улс төр, эдийн засаг, цэргийн арга хэрэгслүүдийг ашиглаж байна гэж тэрбээр хэлсэн байна.
“АНУ-ын сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцох тухай мэдэгдэл нь гүтгэлэг бөгөөд тэд үүнийг санаанаасаа зохиож, биднийг бүрэн төөрөгдөлд оруулж байна. Хятад улсад АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох ямар ч сонирхол байхгүй. Бид бусад орны дотоод бодлогод хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг байнга баримталсаар ирсэн” гэж Хуа Чуньин онцлон тэмдэглээ.
Түүнчлэн тэрбээр үндэслэлгүйгээр Хятад улсыг буруутгахаа болихыг АНУ-д уриалсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг