Хятадад шинэ төрлийн титэмт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ

Peak.mn
01 сарын 11, 2020

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн титэмт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан байна. Үүнээс гадна, 40 хүн уг вирусээр халдварласан байгаа бөгөөд хэдэн зуун хүн хяналтад байна гэж хотын Эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо мэдээлжээ.

Хятадын Хубэй мужийн Ухань хотод үүсгэгч нь тодорхойгүй хатгалгаатай төстэй өвчний халдвар дэгдсэн тухай хотын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сарын 5-ны байдлаар халдварын 59 тохиолдол бүртгэгджээ. Өвчний үүсгэгч нь титэмт вирусийн шинэ төрөл болохыг Хятадын шинжээчид нэгдүгээр сарын 4-ний пүрэв гарагт урьдчилсан байдлаар тогтоосон байна.

“Шинэ төрлийн титэмт вирусээр халдварласан 41 тохиолдол илэрсэн. Тэдний хоёр нь эмнэлгээс гарсан бол долоогийнх нь биеийн байдал хүнд байна. Нэг хүн нас барсан, бусад хүний биеийн байдал тогтвортой байна” гэж хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.

Үүнээс гадна, одоогийн байдлаар 739 хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд тэдний 419 нь өвчтөнүүдтэй шууд харьцсан эмч нар аж. Одоогоор тэдэнд уг вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнхау халдвар хатгалгаа ухань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.