Х.Оргил
03 сарын 02, 2022
Тоёота мотор компанийн ханган нийлүүлэгч нарынх нь нэгний эсрэг кибер халдлага гарсан учир тус компанийн Япон дахь 14 үйлдвэрийн 28 угсрах шугам зогслоо.
Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч уг компани олон улсад нүүрлээд байгаа хагас дамжуулагчийн хомстолд нэрвэгдэлгүй давж гарч байсан бол нэг ханган нийлүүлэгчид учирсан халдлагаас болж ийнхүү үйлдвэрээ зогсоож байна.
Айчи мужийн Кожима Индустрийс компани Тоёота компанид жилд 1.5 тэрбум ам.долларын хуванцар эд анги нийлүүлдэг, бусад Денсо гэх мэт томоохон нийлүүлэгч нартай харьцуулахад жижиг компани юм байна.
Гэсэн ч Кожимагийн үйлдвэрлэсэн хуванцар суудал зэрэг бусад эд анги байхгүй бол Тоёота компанийн автомашин угсрах шугам хэвийн ажиллах ямар ч боломжгүй болжээ. Нийт 13 мянган автомашин үйлдвэрлэх боломж, цаг хугацаа алдлаа гэж тус компани мэдэгдэж байна.
Тоёота компанид нийт 40 мянга гаруй ханган нийлүүлэгч байдаг бөгөөд Кожима компанитай 1930 оноос хойш хамтарч ажиллаж байна.
Яагаад тус компанийг сонгосон, хэн халдсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч Оросын хакерууд үйлдсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Кибер халдлага болохоос өмнө кибер аюулгүй байдлыг хариуцсан ажилтан хоёрдугаар сараас хойш Кожима компанийн мэйл сервер руу Emotet вирус ашиглан "тоёота" гэсэн хэрэглэгчийн нэрээр нэвтрэх гэсэн сэжигтэй үйлдэл хэд хэдэн удаа гарч байгааг илрүүлсэн байна. Тоёотатай хамаатай ажилчдын төхөөрөмжид халдаж, нууцлалын мэдээллийг хулгайлсан байна.
Эх сурвалж: https://asia.nikkei.com/
кибер кибер аюулгүй байдал кибер халдлага тоёота мотор корпорац
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.