Өчигдөр Пхеньян хотноо БНАСАУ болон БНХАУ-ын уран бүтээлчдийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус улсын удирагч Ким Жөн Ун хоёр улсын харилцааны талаар онцлон тэмдэглэсэн тухай Солонгосын төв телевиз мэдээлэв.

АНУ-БНАСАУ-ын төлөөлөгчдийн дунд Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээ ид өрнөж буй энэ үед уг арга хэмжээг зохион байгуулжээ.

Тоглолтын үеэр дэлгэцэн дээр хоёр улсын өмнөх удирдагчдын гар барьсан зургуудыг үзүүлсний дунд Ким Ир Сен болон Дэн Сяопин, мөн Ким Чен Ир болон Ху Жиньтао нарын зураг багтаж байв.

“Манай хоёр орон хүнд хэцүү цаг үед ч уламжлалт, найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн билээ” гэж Ким Жөн Ун хэлсэн байна. Мөн цаашид ч хоёр талын харилцаа улам гүнзгийрнэ хэмээн найдаж буйгаа онцлон тэмдэглээд, БНХАУ-ын дарга Си Жиньпинд талархал илэрхийлж байгаагаа мэдэгджээ.

Тус хоёр улсын харилцаа сүүлийн үед ихээхэн сэргэсэн бөгөөд энэ он гарсаар БНАСАУ-ын удирдагч Хятад улсад гурван удаа айлчлаад байгаа юм. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/NHK/