Коронавирусын батлагдсан тоогоороо Энэтхэг улс Бразилын өмнө орж хамгийн их халдвар тархсан дэлхий дээрх хоёр дахь орон боллоо.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өдөрт 90 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Халдвар тархаж эхэлснээс хойш нийт 4.2 сая тохиолдол тус улсад бүртгэгдсэн байна. Нийт 71.642 хүн нас бараад байна. АНУ-д коронавирусын хамгийн олон буюу 6.3 сая иргэн өвчилсөн, 189 мянган хүн нас барсан байна.

Эрсдэл хэдий өндөр байгаа ч 5 сар гаруй зогссон нийслэл Шинэ Дели хотын нийтийн тээврийн метро өнөөдрөөс эхлэн үйлчилгээгээ сэргээлээ. Хөл хорио тогтоохоос өмнө өдөрт 2.7 сая зорчигч зорчдог байсан тус улсын хамгийн том метро Даваа гаригийн өглөө маш цөөхөн хүн зорчсон байна. Метрогоор үйлчлүүлэхийн өмнө амны хаалт зүүх, биеийн халуунаа заавал хэмжүүлж үйлчлүүлж байна.

Тус хотын нийтийн цэнгээний газар, бар ирэх долоо хоногт мөн нээхээр төлөвлөж байна.