Б.Баясгалан
11 сарын 12, 2019
ШУТИС-ийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, Антарктид судлаач Л.Дүгэржав Антарктид судлалын долоо дахь аялалдаа гарах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улс сүүлийн жилүүдэд Антарктид судлалаар дэлхийн тэргүүлэх улс орнуудтай хөл нийлүүлэн амжилттай ажиллаж байна. Мөн манай улс "Үндэсний судалгааны бааз"-аа Антарктид тивд албан ёсоор байгуулж буй бөгөөд Л.Дүгэржав судлаачийн энэ удаагийн аялал нь Үндэсний баазаа бэхжүүлэх, гадаадын эрдэмтэн судлаачидтай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилготой аж.
Мэдээллийн үеэр профессор Л.Дүгэржав "1959 онд Антарктидын олон улсын гэрээг байгуулсан. Энэ гэрээ 2059 он хүртэл хүчинтэй. 2059 он хүртэл тус тив хэний ч биш газар. Дэлхийн хуурай газрын 10 хувь, 15 сая хавтгай дөрвөлжин километр тив, дунджаар 2400 метр зузаан мөсөөр хучигдсан, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг мөс хэлбэрээр хадгалдаг Антарктид тивийн төлөө дэлхийн улс орнууд оюунаараа тэмцэж байна. Тэнд хэн судалгаа, шинжилгээний ажил хийж, мөрөө гаргаж чадаж байна, тэр ирээдүйд Антарктидад өөрийн гэсэн газар, оронтой байх боломжтой.
Гэхдээ энэ боломж зүгээр олддоггүй. 2015 онд Монгол Улс олон улсын Антарктидын гэрээнд нэгдэж орсон. Улмаар бид өөрийн гэсэн судалгаа, шинжилгээний ажил хийх эрх нэгдсэн.
Судалгаа, шинжилгээний эрх нээгдэснээр бол өөрийн гэсэн баазтай, өөрийн гэсэн судалгааны хөтөлбөртэй байх ёстой. 54 орон гишүүнээр элсээд байгаа ч 29 орон Антарктидад өөрийн гэсэн баазаа байгуулж, асар их хөрөнгө зарцуулан ажиллаж байна.
Бид энэ ажилд анхныхаа алхмуудыг хийж эхэлсэн. Өмнө нь зөвхөн танин мэдэхүйн шинж чанартай аялал хийдэг байсан бол одоо судалгааны ажил хийж эхэлсэн. Байгуулж буй бааздаа бид геологийн зураглал хийсэн, автомат цаг уурын станц суурилуулсан, зургаан хүн амьдрах орон сууцтай болж байгаа. Тэгэхгүй бол бид бусдын "суганд хавчуулагдсан", хоёроос олон хүн явах боломжгүй нөхцөлд байсаар байх болно.
Одоо зуны улирал нь болж байгаа байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгаас 10 дахин том тус мөсөн тив дээр 5000 хүн ажиллаж байна. Өвөл нь 1000 орчим хүн ажиллаж, амьдардаг. Тэдний бүрэлдэхүүнд манай улсын судлаачид нэлээд олон удаа оролцож, ажиллаад ирсэн. Би долоо дахь удаагаа явах гэж байна.
Нэгдүгээрт, тэнд судалгааны ажил хийж, ирээдүйд тэнд хүн амьдрах орчныг судалж байна. Хүмүүс яаж амьдрах вэ гэсэн судалгаа хийгдэж байна гэсэн үг.
Миний баталгаатай хэлж чадах зүйл бол асар хүйтэн, хүнд бэрх тэр тивд Монголчууд хамгийн түрүүнд дасан зохицож чадна. Тэнд ажиллаж буй судлаачид өөрсдөө судалгааны объект болдог" хэмээн ярилаа.
Тэрээр энэ сарын 19-нд Антарктид тивийг зорих аж.
антарктид монгол улс судалгаа л.дүгэржав үндэсний бааз мөсөн тив
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.