Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г хэлэлцэн батлав. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өмнө нь би

  1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах цогц төлөвлөгөө
  2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө
  3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлнэ.
  4. Шударга ёс, цахим засаглалыг хэрэгжүүлнэ гэсэн 4 үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ гэж хэлж байсан.

Дээрх 4 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд миний бие чихэр мэт амттай зүйл биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийхээс өөр гарцгүй хүндхэн шийдвэрүүдийг гаргахын төлөө ажиллана.

Өнөөдрийн баталсан төлөвлөгөөнд эхний хоёр зорилт буюу эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх талаар тусгасан. 10 их наядын тус цогц төлөвлөгөөг өнгөрсөн 14 хоногт бэлдэж дууслаа. Уг төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй.

Засгийн газрын шинэ бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр байх болно. Ажлын байрыг хамгаалах, шинээр олон ажлын байр бий болгох нь төлөвлөгөөний зонхилох хэсэг байна. Бидэнд эдийн засгийн огцом өсөлт шаардлагатай. Ингэснээр ажлын байраа хадгалж үлдэнэ. 

Эдийн засагт шууд нөлөөлөх томоохон төслүүдээ Засгийн газар яаравчлан эхлүүлнэ. Хувийн хэвшлийн санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжиж ажиллана. Монголын нийт хүн амын 70 орчим хув нь залуучууд. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудыг орон сууцтай, тогтвортой орлоготой болгох нь энэ төлөвлөгөөний гол зорилго. Уг хөтөлбөр 2024 оны хүртэл хэрэгжих, дунд хугацааны хөтөлбөр юм.

Энэ төлөвлөгөөг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй учир УИХ, Монголбанктай нягт хамртан ажиллана" хэмээлээ.

Мөн тэрээр "Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо багтааж коронавирусийн вакцинжуулалтыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөө хэрэгжиж, иргэн бүр уг төлөвлөгөөнд итгэж хамтран оролцсоноор бид амьдралын шинэ, идэвхтэй, эрүүл, цоо шинэ хэв маягт шилжин орно" гэдгийг онцлов.

Төлөвлөгөөнд юу тусгасныг бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.