УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын санаачилсан УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огрохыг шаардсан 2 дахь жагсаал өнгөрсөн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд болсон. Тус жагсаалаас үргэлжлүүлэн зарим иргэн, иргэний хөдөлгөөнүүд УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх хүртэл тэмцэхээ илэрхийлэн, төв тайлбайд гэр барин суулт хийж буй юм.

Үүнтэй холбоотойгоор дээрх УИХ-ын гишүүд өчигдөр нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Энэ жагсаал цуглаан бол хувьсгал юм. Яагаад гэхээр энэ нь өмнө нь хийгддэг байсан гадна, дотны санхүүжилт, төлбөртэй жагсаалаас өөр. Тийм тэмцэл байж ерөөсөө таарахгүй. Талбай дээр суулт хийнэ гэж зарлахад хэдхэн өдрийн дотор өлсгөлөнд оролцохоор 300 гаруй хүн шууд эмнэлгийн үзлэгт ороод, албан ёсоор бичгээр өргөдлөө авчирч өгч байна. Энэ бол хувьсгал. Дээр нь хандиваар 40 гаруй гэр, цаана нь хүлээгдэж буй 200 гаруй гэр байна. Бидэнд гэр барих талбай л өгөхгүй байна. Ингээд нэг нэгээр, хамгийн олон нь таваар маш олон хүн гэр хандивласан. Энэ гэрүүдийн талаар хүмүүс байнга асууж байна. "Та нар энэ гэрүүдээ амьдралын бэрхшээлтэй хүмүүст өгөх үү, тэд энд ирээд гэр авч болох уу" гэх зэргээр асууж байна. Болохгүй. Энэ гэрүүд хувьсгалт тэмцэлд хандивлаж буй гэрүүд юм. Би юу гэж бодож байна вэ гэхээр амьдралын бэрхшээлтэй хэрнээ тэрийгээ үл хайхран энэ суултад оролцож буй хүмүүс дотроосоо санал хураагаад гэрийг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ гэрүүд бол жагсагчдын өмч гэж хэлж болно. Гэхдээ манай бусад гишүүд өөр байр суурьтай байгаа" хэмээлээ.