Өнгөрсөн долоо хоногт домогт аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан, холбооны удирдлагын төлөөх маргаанаас үл хамааран бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлүүлэх тал дээр тохиролцсон билээ.

Үүний дагуу хоёр аварга Улсын заан Сайнбаярт "Бөхийн өргөөг" хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан юм. Гэтэл Л.Чинбат тэргүүнтэй бөхийн холбоо үүнийг эсэргүүцжээ. 

Тэд:

"Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй" гэсэн бичгийг Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тиймээс бөхийн өргөөний асуудал мөн л дахиад гацаанд орсон байна.

Үндсэндээ холбоод дотроо зөрчилтэйгээс болоод уг асуудал зөвхөн хууль хяналтын байгууллагаар л шийдэгдэхээр болсон хэрэг.

Энэ талаар ҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжав:

"Бөхийн өргөө цоожтой байвал Л.Чинбат захирлын талын хүмүүст ашигтай. Ийм ч учраа үймээн гаргаж байсан. Цөөхүүлээ ирээд зөвшилцвөл бөхийн өргөөг цагдаа хамгаалалтад авахгүй шүү дээ. Үймээн гаргаж байгаа нь барилдааныг цуцлах нэг төрлийн арга юм даа" хэмээн ярьсан билээ.

Х.Баянмөнх аварга өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ:

"Өнөөдөр гэхэд бөхчүүд маань барилдах газаргүй, зодог шуудгаа цүнхэндээ хийчихсэн явж байна. Бөх сонирхогч ард түмэн маань ч очих газаргүй болчихлоо. Ийм учраас 10 гаруй жил түрүүлсэн аварга, монгол бөхийн тэргүүн дээд цолыг авсан хүмүүсийн хувьд жудаг ёсоороо нэгдэж Монгол бөхийн өргөөг албан ёсоор нээж ажиллуулах тал дээр санал нэгдээд байна. Энэ бол аваргуудын хувьд бурхнаас заяагдсан үүрэг" гэсэн юм.