Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчөөс хатуу үг дуулж “Бид эвлэрлээ” хэмээн зураг хөргөө татуулж нийгийн сүлжээгээр цацаж байсан Бөхийн холбооныхон дахиад л хоёр тийш харж эхлэв. Өчигдөр Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс “Иргэдийн дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт үүссэн. Угтаа хууль ёсны холбоо болон төрийн бус байгууллагын дүрэм зөрчиж байгуулсан холбоо нэртэй хүмүүс байгаа юм” хэмээн мэдээлэл хийсэн юм. 

Харин өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн агсан Р.Нямдорж нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тэрбээр 

Тэд 7 баримтаар Л.Чинбат тэргүүтэй бөхийн холбооны талын дэлгэсэн баримтыг үгүйсгэсэн юм.

  1. Л.Чинбат тэргүүтэй үндэсний бөхийн хуралдаан хэзээ хаана болсныг нэг ч мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй. Гэтэл бид өдөржин шөнөжин нээлттэй хуралдаж 8 дугаар их эе хуралдаанаа хийсэн. Үүний цаана хэн нь ил тод үйл ажиллагаа явуулж, хэн нь хууль бус нууц хуйвалдаан хийгээд байгаа нь тодорхой харагдана.

  2. Монгол бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй, бараг л Нямдорж гэдэг хүн өөрөө авчихсан юм шиг ярьж байгаа Дархан аварга Х.Баянмөнх гуайн үгэнд эгдүүцэж байна.  Монгол бөхийн өргөө бол үндэсний бөхийн холбооны өмч гэдгийг 2010 онд батлагдсан 6 дугаар их эе хуралдааны журамд зааж өгсөн. Бас үүнийг хэзээ ч зээлийн барьцаанд тавих болон хэн нэгний өмчөөр бүртгэж болохгүй гэсэн заалт оруулсан гэдгийг хэлье.

  3. Гэрчилгээгүй гэж биднийг үргэлж хэлж байна. Бид ТЕГ-аас үл хөдлөх хөрөнгийн албан гэрчилгээ авсан. Үүн дээр эзэмшигч нь Монголын үндэсний бөхийн холбоо, удирдлага гэдэг дээр Р.Нямдорж гэсэн нэр бий. Гэтэл Улсын бүртгэл дээр шинэ бөхийн холбооныхон гэрчилгээ гаргаж авчээ. Уг нь Улсын бүртгэлийн тухай хуулинд улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байгууллагыг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн байдаг. Гэтэл татан буугдаагүй байхад гэрчилгээг давхардуулж олгосон. Энэ бол одоо үүсээд байгаа Монголын үндэсний бөхийн холбооны маргааны гол нөхцлийг бүрдүүлж байна. Энэ гэрчилгээг олгоход Хууль зүйн яамны  сайд Ц.Нямдорж нөлөөлсөн. Энэ бол үндэслэлгүй олгосон гэрчилгээ.  Энэ үйл явдал бол анхных биш. 2006 онд Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд яг өнөөдрийнх шиг үйл ажиллагаа явуулж Чимэд Юндэн гэдэг генералыг МҮБХ-ны тэргүүн болгож байсан. Бүр овчарки нохойтой 40-өөд хүмүүсээр хамгаалуулж дайрсан.Гэвч хууль бус учраас тэр холбоо татан буугдсан.

  4. Бид Бөхийн өргөөний орлогыг хүссэнээрээ идэж шамшигдуулсан улс биш. Сар бүр тайлан гаргаж улирал бүр  аудит хийлгэдэг. Бид жилд 23 сая төгрөгийн татвар төлдөг. 

  5. “Гацуурт”-ын Л.Чинбатад анх манай нэр бүхий бөхчүүд “Та бөхийн холбоог тэргүүлээч” гэсэн хүсэлт илгээсэн байдаг. Уг нь бид нэг нутаг нугийн улс, хэн хэнээ л мэднэ. Уулзаж ярьж ч байсан. Тэгсэн хэрнээ яагаад ингэтлээ МҮБХ руу дайраад байгааг бид ойлгохгүй байна.

  6. Бөхийн өргөөг ард түмний хөрөнгөөр боссон гэж ярьж байна. Энэ үнэн гэхдээ энэ барилга өөрөө босоогүй. Үүнийг бид санаачилж мөнгө төсвийг нь босгосон. Хандив зарлахаар л мөнгө төгрөг цугладаггүй. Бид энэ өргөөг босгох хөрөнгийг босгох гэж 6 жил зүтгэсэн юм. 

  7. Х.Баянмөнх аваргад хаяглах нь: Монголд спортын зориулалт бүхий 3-хан байгууламж бий. Нэг нь СТО, Бөхийн өргөө, Яармаг дахь спорт цогцолбор бий. Та бол Монголын мэргэжлийн бөхийн холбоог тэргүүлдэг.  Магадгүй бөхийн өргөөг булаацалдаад байвал хандив зарлаад 5000 хүний суудалтай Бөхийн өргөө бариулчихаасай гэж хүсч байна. Хэрэв баригдвал ард түмэнд л хэрэгтэй. Тэгвэл аварга хандив зарлахаар л мөнгө цуглаж барилга өөрөө босчихдоггүй гэдгийг ойлгох байх.