Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр /2019.01.23/ уулзаж, шийдэлд хүрсэн талаараа өөрсдийн цахим хуудсанд бичжээ. 

Уулзалт үр дүнтэй болоод зогсохгүй Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны төлөөлөл болон цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд уулзалтын үр дүнд "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан байна. Санамж бичигт “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэх, Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох зэрэг асуудлыг багтаажээ.

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, бусад цолтой бөхчүүд уулзалтад оролцжээ.

Санамж бичгийн хүрээнд:

-МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах,

-"Их Эе"-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах,

-"Бөхийн өргөө"-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ.

-Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох,

-Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох,

-Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх

-Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон “Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх,

-Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох,

-Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,

-“Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.