Хоёр талцсан бөхийн холбоодын маргаан үргэлжилсээр байна. Сүүлд Л.Чинбатын тэргүүлдэг бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд 3000 гаруй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах МҮБХ тойрсон маргаан тун удахгүй шийдвэрлэгдэнэ гээд харин тэр хүртэл хэсэг бүлэг хүмүүс 17 жил явуулж ирсэн бусармаг аргаа ашиглан холбооны үйл ажиллагааг саатуулсаар ирлээ, иймээс шүүхийн шийдвэр гартал элдэв гүтгэлэг муйхарлалд автахгүй байхыг уриалсан байна.

Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн үед барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа шалтгааныг ийнхүү тайлбарлажээ.

 "УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны маргаантай холбоотой юм. Л.Чинбатын МҮБХ-ны тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгуулах шаардлага тавьсан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл Бөхийн өргөөг хаах шийдвэрийг гаргасан. Гэтэл өөрийгөө МҮБХ-ны тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирал гэж нэрлэж буй дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон түүнийг дагалдах цөөн бөхчүүд ард иргэдийг төөрөгдүүлж байна. Тэд Л.Чинбатын талынхан бөхийн өргөөг нээхгүйгээс болоод барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй гэжээ. Мэдэгдэлд мөн цаашид бөхийн өргөөг ямархуу байдлаар авч явахаа танилцуулжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо нь Нийслэлийн Захиргааны Хэргийн шүүхээр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгуулах зар гаргасан дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэн тэргүүнд дараах асуудлуудыг яаралтай шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байна. Үүнд:

 

1. Монголын нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон Бөхийн Өргөөг МҮБХ ТББ-ын нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлнэ. Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-г хууль бусаар удирдсан бүлэглэл Бөхийн Өргөөг МҮБХ-ны нэр дээр огт бүртгүүлээгүйгээс болж төр өөрийн мэдэлд авах асуудал яригдаж эхлээд байна. Уг асуудалд МҮБХ нь эсрэг байр суурьтай байгаа Бөхийн Өргөө бол МҮБХ-ны өмчлөлд байх ёстой бөгөөд нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон барилга байгууламж юм.

 

2. Бөхчүүдийг цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Сүүлийн 20 гаруй жил нэг бүлэглэлийн мэдэлд байсан МҮБХ-нь бөхчүүдийнхээ эрүүл мэнд, нийгмийн асуудлыг орхигдуулснаас уг спортод амьдралынхаа олон жилийг зориулсан бөхчүүд хохирч байна. Нэн тэргүүнд Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны эрх бүхий албан тушаалтанд дээрх асуудлыг уламжилж шийдвэрлүүлнэ.

 

3. Бөхийн Барилдаан, Өргөөнд болсон тоглолт үзүүлбэрүүдээс олсон орлогыг нийтэд ил тод, шилэн болгож бөхчүүдийн нийгмийн асуудал, Үндэсний Бөхийн хөгжилд зарцуулна.

 

4. Ах дүү, эхнэр нөхөр, хамаатан садан нийлсэн Аварга Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн “Допингийн эсрэг төв" гэх ТББ-аар дамжуулж бөхчүүдийн шинжилгээний хариуг худал гаргаж бизнес хийдэг, шантааж хийж хууль бус бизнес эрхэлдэг байдлыг таслан зогсоож, уг шинжилгээг нээлттэй ил тод болгоно.

 

5. Найраа хийж худлаа барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, уг байдлыг таслан зогсооно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд нэгэн дархан аварга 4 жил дараалан начин цолтон төрүүлж, найраа хийж, худал барилдсаныг бүх бөхчүүд, бөх сонирхогчид, үзэгчид харсан билээ.

 

6. МҮБХ-ыг нэг хүн, нэг бүлэглэл 20 гаруй жил удирддаг байдлыг таслан зогсоож, удирдах байгууллагын сонгуулыг нээлттэй, ил тод, шударга явуулах нөхцлийг бүрдүүлнэ.

 

7. Бөхийн Өргөөг иж бүрэн засварт оруулж, түрээсийн байгууллагуудыг цөөлж, уг хэсэгт бөхчүүдэд зориулсан хөгжлийн төв, номын сан байгуулах, мөн хангалттай тооны ариун цэврийн өрөө, душ байгуулна.

 

8. Бөхийн барилдааны билет дамлан худалдаалдаг байдлыг таслан зогсоож, шударгаар, аль болох олон хүнд өөрсдөө худалдан авах боломжийг бий болгоно.

Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-ыг хууль бусаар удирдсан бүлэглэл нийг бөхчүүдийг халх, дөрөөд, баруун, зүун аймгаар нь хувааж, хагаралдуулж, талцуулж дундаас нь допинг, начны найрааг цэцэглүүлж. Бөхийн Өргөөний орлогоор хөлжиж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэд хохироосоор ирсэн. Иймд энэхүү бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож дээрх шинэчлэлийг хийх үйл хэрэгт албан ёсны тамга тэмдэг, гэрчилгээ, улсын бүртгэлтэй Монголын үндэсний бөхийн холбоогоо дэмжиж үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэддээ уриалж байна.

Мэдэгдэлтэй танилцана уу