Л.Долгор: Бид тэтгэвэр тойрсон 50 суурь ойлголтыг тодорхойлсон

Х.Оргил
07 сарын 09, 2021

Залуу судлаачдыг дэмжих сангийн ахлах судлаач, нийгмийн эрүүл мэнд судлаач Л.Долгортой ярилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр бөгөөд өдгөө Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-д ахлах судлаачаар ажиллаж байна.

Өмнө нь "Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвараар шинжилж, дүрслэх нь" судалгаа мөн гэр бүл, ерөнхий боловсролын сургууль, гарааны бизнесийн экосистем, тэтгэврийн тогтолцоо зэрэг арав гаруй нийгмийн дэд системүүдийг загварчлах судалгааны ажилд оролцсон туршлагатай судлаач юм. 

Сүүлд ажилласан "Монгол Улсын Тэтгэврийн Үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнгийнх нь талаар түүнээс тодрууллаа.

-Судалгааны багийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Энэхүү судалгааг Нэйшнл лайф даатгал ХХК-ийн санаачлага, санхүүжилтээр ТУССолюшн ХХК-ийн арга зүйн дэмжлэгтэйгээр ЗСДС ТББ-ын судалгааны баг хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн судалгаанд 130 гаруй судлаачдаас сонгогдон шалгарсан их дээд сургуулийн багш, хуульч, системийн инженер, хуульч боловсрол судлаач, даатгалын мэргэжилтэн зэрэг 26 судлаач гурван сарын турш ажилласан.

Мөн судалгааны төсөл болон явцыг 4-5 удаа олон нийтэд танилцуулж, санал авч, иргэдийн саналыг тусгасан. Өнгөрсөн сард сайжруулсан үр дүнгээ дахин танилцуулсан байгаа. 


-Тэтгэврийн тогтолцооны загварыг гаргахын тулд гадны улс орнуудын жишээг судалсан уу?

-Судалгааны хүрээнд Монгол улсын одоо тэтгэврийн тогтолцоонд тулгарч буй асуудлуудын суурь шалтгаан, хооронд уялдааг тодорхойлох, жишиг болох тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, загварчлах ажлуудыг гүйцэтгэсэн. Энэхүү ажлуудыг гүйцэтгэхдээ бусад улс орнуудын тэтгэврийн тогтолцоонд тулгарсан, тулгарч буй асуудлууд, амжилттай хэрэгжүүлж буй туршлагуудын мэдээллийг цуглуулсан, мөн одоогийн хэрэгжиж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн. 

 

Тухайлбал тэтгэврийн тогтолцоо нь үр дүнтэй 20 гаруй улс орныг сонгон авч, тэдгээрээс 11 төрлийн мэдээллийг ангилж тодорхойлсон. Гол эрх зүйн бичиг баримт, зорилго нь юу вэ гэдгийг, ямар оролцогч талуудтай, тэдгээр нь ямар үүрэг хүлээдгийг, үр дүнгээ хэрхэн хэмждэг вэ зэрэг асуудлыг нэгтгээд өөрсдийнхөө шийдлийг боловсруулахдаа тэдгээрийг ашиглаж, тохирох хэв шинжийг жишиг загвартаа сонгон авсан.

Тухайн хууль эрх зүйн баримт бичгийнхээ нийгмийн даатгалын тухай хуулиудад хэвийн үйл ажиллагаатай систем байж чадсан эсэх дээр шинжилгээ хийлээ. Мөн суурь ойлголт баримтлах зарчмууд, тухайн системийн нэгдмэл зорилго, сул давуу талууд, тэдгээрийн хэв шинжийг нарийвчлан иргэдэд чухам ямар давуу тал үүсгэж, дараа нь Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны логик дүрслэл боловсруулсан.

 

 

-Та бүхэн судалгааны ямар арга барилыг ашигласан бэ?

-Судалгаанд ТУССолюшн ХХК-ийн боловсруулсан Тохируулгатай Угсардаг Системийн загвар, түүний дагалдах шийдлүүдийг ашиглалаа. 

Энэхүү загвар нь маш олон давуу талтай, нарийн ажиллагаатай.

Жишээ нь суурь ойлголтыг тодорхойлохын тулд тусгайлсан алгоритм ашигладаг, энэхүү алгоритмын дагуу эх сурвалжуудаас тодорхойлолтуудын мэдээлэл цуглуулаад, ерөнхий ойлголт, олон давтагдаж буй болон чухал хэв шинжүүдийг тодорхойлж уялдуулдаг, үүний дараа логик үндэслэлүүдийг шалган санал болгох 2-3 хувилбарыг тодорхойлдог. Тухайн хувилбаруудаа судлаачидтайгаа хэлэлцүүлэг өрнүүлж, олон талаас нь санал авч тусган нарийвчилсан нэг тодорхойлолт гаргадаг.   

 

-Тэтгэврийн тогтолцоо тойрсон хэдэн ойлголтыг тодорхойлсон бэ?

-Тэтгэврийн талаарх суурь ойлголтод хамаарагдах 50 ойлголтыг гаргаж тодорхойлсон. Үүний 32 ойлголтыг шинээр тодорхойлсон.  

Нэгэнт суурь ойлголтоо тодорхойлсны дараа бусад ойлголтуудаа уялдуулж суурь ойлголтуудаа шалгадаг. 

Жишээ нь тэтгэвэр болон тогтолцоо ойлголтуудыг тус тусад нь тодорхойлоод дараа нь хооронд нь угсраад тэтгэврийн тогтолцоо гэдэг ойлголтыг тодорхойлдог гэсэн үг. Ингэснээр энэхүү хоёр ойлголт зөв буруу гарсан эсэхийг нягталж болно. Ойлголтуудыг шалгахдаа нэг ойлголтоо нөгөө ойлголттойгоо угсарч шалгана гэсэн үг.

 

-Энэ төрлийн судалгаануудаас юугаараа онцлог вэ?

-Өмнө нь тэтгэврийн тогтолцооны асуудлаар тоон болон чанарын судалгаа нэлээд хийгдэж байсан. Ингэж асуудлыг тодорхойлоод дараа асуудлын шийдлийг санал болгох нь элбэг. Уламжлалт судалгааны арга зөвхөн нэг хэсэг дээр нь ажилладаг.

Бидний судалгааны хувьд асуудлын шийдлийг илүү том зургаар харж, хоорондоо уялдаатай цогц шийдлүүдийг санал болгодгоороо онцлог. Тухайлбал тогтолцооны хувьд, суурь ойлголт, нэгдмэл зорилго, хэв шинжүүд, зорилгын хэмжүүр үзүүлэлт, оролцогч талууд, тэдгээрийн үүргүүдийг тодорхой санал болгож байгаа юм. Нөгөө талаар шууд хэрэглэх, турших боломжтой хувилбар санал болгож байгаа давуу талтай. 

 

Энэ судалгааны ажлын хамгийн гол үр дүн нь ойлголтоо нэгтгэх хэрэглэхүүнтэй болсонд байгаа юм. Ойлголтоо нэгтгэнэ гэдэг хамгийн чухал зүйл. Дийлэнх хүмүүс тухайн ойлголтыг өөр өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг, үүнээсээ болоод тэдгээр ойлголтууд нь зөрчилддөг. Тэтгэврийн тогтолцоог ч бас тал талаас нь тайлбарлаж ярьж байгаа ч нэгдсэн ойлголт дээрээ тогтоогүй.  Бид бүхний судалгаа эдгээр ойлголтыг хүн бүхэнд ойлгомжтойгоор тодорхойлж, загвар гаргаж, өгсөн учраас ойлголт нэгтгэх чухал хэрэглэгдэхүүн болох боломжтой.

 

Нөгөө талаар одоо тулгарч буй асуудал, болж буй асуудлыг байх ёстой жишигтэй харьцуулах боломж олгож байгаа юм. 

 

Загвартайгаа харьцуулдаг байна гэдэг маш чухал үзүүлэлт юм. Ийм загваргүй байгаа цагт маргаан, зөрчил үргэлж гарсаар байх болно. Нэг жишиг загвартай болчихвол тэрхүү загвараа тойруулж ярьдаг, улмаар сайжруулж, тэтгэврийн тогтолцоо тойрсон асуудал цэгцрэх бүрэн боломжтой.  


“Монгол Улсын Тэтгэврийн Үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнгийн нэг хэсэг болох тэтгэвэр тойрсон суурь ойлголтуудын хэсгээс танилцууулж байна

  1. Ахмад настан (Elder) - Эмэгтэй 55-79, эрэгтэй 60-79 насны бүлэгт хамаарах хүн

  2. Тэтгэвэр (Pension) - Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор иргэн болон байгууллагын оролцоотойгоор тусгайлан хуримтлуулсан сангаас харилцан тохиролцсон дүнгээр авах мөнгөн орлого

  3. Тогтолцоо (System) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, бий болгосон үр дүнгээс үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц

  4. Тэтгэврийн тогтолцоо (Pension system) - Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор, иргэн болон байгууллага нь харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэх замаар тусгайлан хуримтлуулсан сангаас тухайн иргэнд мөнгөн үр шим хүртээх цэгцтэй үйл ажиллагааны бүтэц

  5. Тэтгэвэр авагч (Pensioner) - Хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлаа хангах зорилгоор иргэн болон байгууллагын оролцоотойгоор тусгайлан хуримтлуулсан сангаас харилцан тохиролцсон дүнтэй мөнгөн орлогыг эзэмшдэг иргэн

  6. Даатгал (Insurance) - Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдэлээс үүсэж буй хохирлыг хуваалцах тохиролцоо

  7. Даатгуулагч (Insured) - Санхүүгийн тогтвортой байдлаа хангах зорилгоор эрсдэлээс үүсэж буй хохирлыг хуваалцах тохиролцоо хийсэн иргэн болон хуулийн этгээд

  8. Иргэн (Citizen) - Нийгмийн харилцаанд хуулиар болон нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад шалгуураар тодорхойлогдсон эрхийг эдэлж, үүрэг хүлээдэг хүн

  9. Сан (Fund) - Тодорхой зорилготойгоор хуримтлуулсан хөрөнгийн нөөц

  10. Тэтгэврийн сан (Pension fund) - Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор иргэн болон байгууллагын оролцоотойгоор тусгайлан хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн нөөц

  11. Тэтгэмж (Benefit) - Иргэний орлого нь бусдыг асрах шаардлага, эрүүл мэнд, гэнэтийн хүчин зүйлийн улмаас тасалдсан нь тодорхой шалгуураар баталгаажсан тохиолдолд тухайн иргэн, түүний гэр бүлийн орлогыг түр хугацаанд нөхөх зорилгоор тусгай сангаас олгож буй мөнгөн тусламж

  12. Эрсдэл (Risk) - Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, тохиолдох хугацааг нь урьдчилан тооцох боломжгүй байгаль, нийгмийн юмс, үзэгдэл

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.