“Сократус Студио” ХХК-ийн гарааны бизнесийг бойжуулах системийн шийдэлд суурилсан хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд хөтөлбөрийн эхний үе шатаа амжилттай төгсөж байна.

Тэдний нэг нь онлайн сургалтын агуулга, нэгдсэн цахим платформ хөгжүүлэгчwww.melearn.mnюм. Тус платформыг үүсгэн байгуулагчид хөтөлбөрийнхөө эхний үе шатыг буюу байгууллагын стратегийн суурь шийдлүүдээ суурилуулж, хөтөлбөрийн дараагийн үе шат руугаа шилжиж байгаа юм. Melearn.mn платформын үүсгэн байгуулагч О.Төрмөнхтэй стратегийн суурь шийдлүүдээ суурилуулахын давуу тал болон бизнесээ хэрхэн шинэчилж байгаа талаар ярилцлаа.


-Өнөөдөр та бүхэн "Сократус Старт-ап Студио"-ийн хөтөлбөрт хамрагдаж байгууллагын стратегийн суурь шийдлүүдтэй боллоо. Анх төсөөлж байснаасаа хэр ихийг сурч авав?

-Үнэнийг хэлэхэд бид энэ хөтөлбөрийг ийм үнэ цэнтэй, ач холбогдолтой зүйл гэдгийг төдийлөн сайн ойлгоогүй байсан юм билээ. Анх системийн шийдэлд суурилсан хөтөлбөр, системийн инженерчлэл гэхээр маш төвөгтэй хэцүү зүйлтэй нүүр тулгарах нь л гэж бодсон. Явц дундаа ойлгож эхэлсэн гэж болно. Бид өөрсдийн гэсэн суурь шийдэлтэй болж чадсанаараа багийн гишүүдийнхээ үүрэг оролцоогоо тодорхойлж чадлаа. Үүргийнхээ дагуу бид чухам ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгээ ч ойлгосон. Ингэснээр бүх зүйл цэгцтэй тодорхой болчихдог юм байна. Жижиг том гэлтгүй бүх ажлаа нарийн төлөвлөж, зорилгоо тодорхойлж чадсан. Байгууллага гэдэг ойлголт хэдхэн хүмүүсийн тухай ойлголт биш нэгдмэл зорилготой, харилцан уялдаатай үүрэг хүлээсэн хүмүүсийн нэгдэл юм байна. 

Дээрээс нь Сократус Старт-ап Студио нь миний мэдэх хөрөнгө оруулалтын компаниас олон зүйлээрээ ялгаатай юм билээ. Жишээ нь зөвхөн хөрөнгө оруулаад болчихлоо гэж үздэггүй. Бизнесүүдээ нэгэн зорилготой нэгэн гэр бүл болсон гэж үзээд байнгын хамтын ажиллагаа, зөвлөгөөгөөр хангадаг нь таалагдсан. Мөн гарааны компаниудад хамгийн их тулгардаг асуудлууд болох оффисоор хангаж, тайлан тооцоог хүртэл гаргахад туслах шийдлийг нь бий болгосон. Аливаа зүйлийг таньж мэдэхэд шаардлагатай эмх цэгцтэй цогц болгосон сэтгэлгээний хэв маяг нь системийн шийдлийн суурь гэдгийг хатуу ойлгосон.

-Магадгүй гарааны компаниуд эдгээр ойлголтуудаа бүрэн гүйцэд таниагүйгээс алдаа гаргадаг байж болох юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Байгууллага дээр уялдаа холбоо, төлөвлөгөө маш чухал юм байна.  Өмнө нь манай багийнхан аливаа ажлыг аваад гүйцэтгэхдээ шууд л ажлаа хийхийг урьтал болгож ирсэн. Заримдаа нэгэндээ итгэж ажлаа цалгардуулах явдал хааяа гарч байсан нь нууц биш. Үндсэндээ тухайн ажлынхаа мөн чанарыг ойлгож танилгүйгээр гүйцэтгээд байсан гэсэн үг. Харин компанийхаа зорилго, үзэл баримтлалыг тодорхойлоод нэгдсэн дүрэм журамтай болоод ирэхээр хандлага өөрчлөгддөг юм байна.  Гарсан үр дүнгээ хэмжиж, алдаа оноогоо дүгнэдэг оношлогоотой болно гэдэг гарааны бизнес эрхлэгчдэд алдаа гаргахгүй байх, алдсан ч түүнийгээ засах боломж гэж ойлгосон. 

Өмнө нь байгууллагын оношлогоо, асуудалд дүгнэлт гаргах үйл явц хэр чухал гэдгийг мэддэггүй учраас датаг ойшоож үзээгүй. Энэ нь маш том алдаа юм байна. Жишээ нь тэд орчим хэрэглэгчтэй л гэж тоймлохоос биш ямар хэрэглэгч бидний үйлчилгээг сонирхож байгаа гэдэг дээр анхаарал тавьдаггүй байснаа анзаарсан. 

Хөтөлбөрт хамрагдсанаар тэрхүү датагаа сайтар хянаж, чухам ямар үед манай хэрэглэгч нэмэгдэж байгааг олж мэдлээ. Өмнө нь төлөвлөгөө ерөнхий дүр зурагтай л явж ирсэн. Улирлаар нь ч төлөвлөгөө гаргаж байгаагүй. Урт хугацааны төлөвлөгөөгүй учраас сар сардаа хуралдаад хийх ажлуудаа ярилцаж ирсэн. Харин стратегийн суурь шийдлүүдээ суурилуулснаар төлөвлөгөөгөө том зургаар харж, нарийн төлөвлөж чаддаг болсон. Харахад, ярихад магадгүй төвөгтэй санагдах ч ажлыг үнэхээр хялбарчилдаг юм билээ. Борлуулалтын орлогоо 2-3 дахин нугалсан дүнгээс үүнийг харж болно.


-Танай багийнхан z үеийнхэн. Системийн шийдлийг ойлгож хэрэгжүүлэхэд ямар давуу тал нь байв?

-Бидний үеийнхэн хэтэрхий их мэдээлэлтэй нийгэмд өсөж өндийж байна. Тэр хэрээрээ мэдлэг, мэдээллийг боловсруулах тал дээр ажиллах давуу талтай юм шиг санагдсан. Нөгөө талаасаа тэр их мэдээлэл дунд төөрдөг, суурь учир шалтгаанаа таниагүй, зорилгоо тодорхойлоогүй зэрэг дутагдалтай юм билээ. Ингээд хөтөлбөрт хамрагдсанаар манай залуус гар сэтгэл нэгдэж нэг зорилгын төлөө утгаараа зүтгэнэ, чадна гэдэгтээ бүр ч их итгэлтэй болцгоосон.

-Багаараа ойлголтоо нэгтгэх, ойлголтын болон мэдээллийн зөрүүтэй байдал бий болгохгүйн тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид өмнөхөөсөө илүү олон удаа хуралдаж хоорондоо мэдээллээ солилцож байна. Жишээ нь өглөөний хурлаараа өчигдөр юу хийсэн, ажил хийхэд тулгарсан асуудал бэрхшээл юу байсан, өнөөдөр юу хийх вэ гэдгээ ярилцдаг. Ингэснээр асуудлуудыг шийдэхэд чиглэсэн шийдлүүдийг бүгдийг нь хооронд нь уялдуулдаг гэсэн үг. 

Ажлыг бүтээмжтэй байлгах, асуудлыг хурдан шийдвэрлэх, мэдээллээ хурдан солилцох ач холбогдолтой.  


-Өнгөрсөн дөрвөн сарын турш  MELEARN.MN платформд ямар хөгжүүлэлт хийв?

-Дижитал шийдлүүдээ эрс сайжруулсан. Шинэ version буюу хувилбар 2-оо гаргаж чадсан. MELEARN.MN  хувилбар 2 дээрээ програмчлалын алдаагаа засаж сайжруулсан. Бас нэг оруулсан өөрчлөлт бол хэрэглэгчдийнхээ онлайнаар сурахад тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийг хичээсэн шийдлүүдийг оруулж өглөө. 

Онлайн сургалтын сул тал нь багштайгаа харилцах боломж хомс. Энэ асуудлыг шийдэж суралцагчиддаа ойртуулахын тулд багштайгаа байнга чатлах цэс нэмж өглөө. Ингээд зогсохгүй тухайн хичээлийг үзэж байгаа хүмүүс хичээлийнхээ доор хоорондоо чатлах цэс үүсгэсэн. Энэ нь суралцагчид мэдлэгээ батжуулах шийдлийн нэг хэсэг юм.


-Та бүхний хэрэглэгчдэд өгөхөөр зорьж буй үнэ цэн юу вэ?

-Бид энэ удаагийн хувилбараар хэрэглэгчдэд гурван үндсэн үнэ цэнийг өгөхөөр зорин ажиллаж байна. 

1. learn best skills буюу одоо болон ирээдүйд хамгийн их хэрэгцээтэй, шинэ зууны иргэд зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадварыг олгох цогц системтэй онлайн сургалт бий болгох. Энэ ажлынхаа хүрээнд салбарын туршлагатай багш, сургалтын байгууллагуудтай хамтраад явж байна.

2. learn new way буюу өөр арга барилаар суралцах.  Мэдээж үүний ард дижитал шийдэл бий. Энэ хүрээнд бидний барьж байгаа гол зүйл нь онлайнд суралцах хамгийн таатай цахим орчныг бүрдүүлэх юм.  Хичээлээ үзэж байх зуураа тэмдэглэгээ хийх, шалгалт өгөх цэс зэрэг дижитал шийдлүүд хэрэглэгчдэд тус дөхөм болно.

3.learn fast and easy. Бид онлайн хичээлээ цэгцтэй бөгөөд хурднаар суралцах боломжийг олгох хичээлийн агуулга боловсруулсан. Энэ нь аль болох хэрэглэгчдийг уйдаахгүй байх талаасаа ач холбогдолтой. Бас танхимын сургалт шиг сатаарах, элдэв цаг үрэх зүйлгүйгээр гол мэдлэгийг өгөх давуу талтай.


-Ер нь технологийн бизнесийн өгч буй хамгийн гол давуу тал юу вэ?

-Технологийн бизнес тухайн хэрэглэгчийнхээ цаг хугацаа гэгч хамгийн үнэтэй нөөцийг хэмнэж чаддагаараа давуу талтай. 

Наад зах нь онлайн сургалтад хамрагдсанаар замын түгжрэлд орж стрессдэхгүйгээр тэрхүү үнэт цагаа өөрийн сонирхдог сэдэв, хүсэл сонирхолдоо зарцуулах боломжийг олгож байна. COVID-19 дижитал шилжилтийн хурдыг хэд дахин хурдасгасан гэсэн үзүүлэлт гарсан байсан. Хэрэглэгчдийг дасгаж суралцуулна гэж амаргүй бөгөөд урт удаан хугацаатай ажил байдаг. Энэ процесс хурдтай өрнөж байна. 

Бидний хувьд төлөвлөж байснаас хэд дахин хурдтай өрнөж давуу тал өгсөн. Өнөөдөр танхимын сургалт явуулж байгаа бүхий л сургалтын төвүүд хичээлээ онлайн болгож байна. Ингэж зах зээл тэлсэн тэр хэрээрээ өрсөлдөгч нар ч нэмэгдсэн. 


-MELEARN платформоос хэрэглэгчдийн хамгийн их сонирхдог хичээлийг нэрлэж болох уу?

-Маркетингийн стратеги төлөвлөгөөнд сошиал медиа гэх орон зай нэгэнт чухал байр эзлэх болсон. Үүнээс улбаалаад  "Сошиал медиа маркетинг"-н цогц сургалт хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг. Энэ сургалтад сууснаар  Facebook, Instagram, Twitter, Youtube маркетингийн цогц сургалтыг авч контентээ хэрхэн бичиж, төлөвлөж нийгмийн сүлжээний сувгуудыг үр дүнтэй ашиглах аргад суралцдаг.  Мөн график дизайны чиглэлийн хичээлүүд эрэлт ихтэй байна. 

Сүүлд Melearn.mn HR Constulting LLC-тэй хамтран цогц сургалтыг бэлтгэлээ. Энэ сургалтын хүрээнд хувь хүний хөгжлийн хүрээнд хэрэгтэй үндсэн сэдвийг хамруулсан. Сургалтын хөтөлбөрт хандлагын хүч, харилцааны менежмент, багаар ажиллахуй, хувийн манлайлал, цагийн менежмент, бүтээлчээр сэтгэхүй нийт 8 бүлэг 58 цогц сэдвийг хамруулж чадсан.