Энэ сарын 17,18-ны өдрүүдэд "Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт элсэх сонгон шалгаруулалт “PITCH DAY” боллоо. 

Энэхүү “PITCH DAY”-д хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, медиа, үйлчилгээний салбаруудад мэдээллийн технологийг ашиглан харьцангуй давуу тал бүхий шийдлийг боловсруулсан 14 гарааны бизнес эрхлэгч, бизнес санаачлагчид сонгон шалгаруулалтад оролцлоо.

Тэд “ЦЭГЦТЭЙ СЭТГЭЖ, СИСТЕМТЭЙГЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БИЗНЕСИЙН СИСТЕМИЙГ ХАМТРАН БҮТЭЭЕ!” уриатай "PITCH DAY" нь улирал тутам тодорхой салбаруудын хүрээнд тогтмол зохион байгуулагдах юм байна.

"Сократус Старт-ап Студио” бизнес инкубатор одоогоор гарааны хоёр компанийг бойжуулах хөтөлбөртөө элсүүлж, эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийжээ.  Тус компаниуд хөтөлбөрийнхөө эхний шатыг амжилттай төгсөөд байгаа гэдгийг "Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог ярилаа.

Гарааны бизнес эрхлэгч, бизнес санаачлагчид маань эхний ээлжинд сонгон шалгаруулалтад оролцдог. "Сократус Старт-ап Студио"-гоос бизнес санааны шийдлийн харьцангуй давуу талыг гол шалгуур болгодог байна. Тус компаниас гарааны бизнес эрхлэгчид, бизнес санаачлагч нарт зориулсан "Санаагаа цэгцтэй системтэйгээр үнэ цэнтэй концепц болгох арга зам сургалт"-ыг сар тутам үнэ төлбөргүй зохион байгуулдаг байна. 

Тус сургалтаар бизнес санааны шийдлийн харьцангуй давуу талаа хэрхэн тодорхойлох, бизнес санааныхаа оюуны загварыг хэрхэн гаргах, хөрөнгө оруулагч нар гарааны бизнесийн юуг нь харж, үнэлж хөрөнгө оруулдаг болон тэдний бойжуулах хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэгийг олж авах боломжтой юм байна.  

Сонгон шалгаруулалтад тэнцсэн гарааны бизнес, бизнес санаачлагч нь "Сократус Студио"-гийн боловсруулсан bizStep-Up, iStep-Up хоёр хөтөлбөрт хамрагдаж, мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авах  боломжтой болно. “Мөнгөн хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэйгээр бойжуулах хөтөлбөрөөр гарааны бизнесийг зорилгоо хэрэгжүүлж чаддаг хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгох нь гарааны бизнесүүдэд хамгийн том давуу талыг бүрдүүлж өгч байгаа юм. Зорилгоо хэрэгжүүлж чаддаг бизнесийн систем болчихбол мөнгөн хөрөнгө оруулалт урсаад л ороод ирнэ” гэж Сократус Студиогийнхон онцолж байна.       

Тэдний сүүлд гаргаад байгаа iStep-Up хөтөлбөрийн талаар"Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог “Энэхүү хөтөлбөр нь бизнес санаатай гарааны бизнес эрхлэхээр зорьж яваа залууст зориулсан хөтөлбөр юм. Танд харьцангуй давуу тал бүхий шийдэлтэй бизнесийн санаа байгаа бол бидэнд тэрхүү санааг тань амжилттай, өсөлттэй болгох шийдэл байна. Бид дансанд нь тодорхой хэмжээний мөнгийг байршуулчихсан бизнесийн системийг угсарчихсан байна. Та бизнес санаагаараа хөрөнгө оруулаад манай бизнесийн системийг цааш удирдаад яв. Өөрөөр хэлбэл бид далайд гарахад бэлэн хөлөг онгоцоо бүтээчихлээ та капитаны үүргийг гүйцэтгэ, бид хөлөг онгоцыг далайд живүүлэхгүй байх шийдэл, түлш шатахууныг нь бүрдүүлэх үүргийг гүйцэтгэе”  гэлээ.

Дижитал үйлчилгээний хүртээмж өсөж байгаа нь олон улсад апп эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсээр байна. Дотоодод дата хэрэглэгчдийн тоо 2.8 сая, нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.3 саяд хүрсэн нь манайд энэ төрлийн зах зээл цаашид улам ч эрчимтэй өснө гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа билээ. Залуус ч гэсэн энэ өдөр энэ чиглэлд олон сонирхолтой санааг танилцуулсан юм. Тэдний нэг бол “Мөнх-Өрлөг” компанийн захирал Б.Даваасүрэн. 

“Мөнх өрлөг” ХХК нь борлуулалтын компани, түүний хэрэглэгчдийг холбосон цогц шийдэл бүхий анхны зохиогчийн эрхээ авсан систем болох https://tuslakh.mn/-ийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Цэцэрлэг, сургуулийн цайны газрууд, жуулчны баазууд тус сайт руу ороод үйлдвэрлэгчид барааг анхдагч буюу бөөний үнээр авах боломж олгодог.  Үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүнээ хялбархан зарж борлуулах, хэрэгчлэгч нар ч гэсэн нэг цонхоор ороод бүх бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг олгохоор зорин ажиллаж буй.

https://tuslakh.mn/ онлайн бөөний төвийн сайт хэдийн 10.000 бүртгэлтэй хэрэглэгч, 4.900 хэрэглэгч байгууллагатай болжээ. Өдөрт тогтмол 200 хэрэглэгч ханддаг, 235 хувийн цэцэрлэг, 16 улсын сургууль эндээс бараа бүтээгдэхүүнээ захиалан авч байгаа гэлээ.