Боловсролын багц хуулийг сүүлийн 2-3 жил өргөн хүрээтэй хэлэлцээд одоо бариандаа орох гэж байна. Миний бие эдгээр хэлэлцүүлгийн эхний хэсэгт оролцож санал бодлоо илэрхийлж байсан. Манай орны олон шилдэг эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, боловсрол судлаачид, хуульчид, тулхтай төрийн түшээд зэрэг олон төрлийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын санал бодлыг тусгасан сайн хууль гарна гэдэгт би эргэлзэхгүй байна. 

Энэ удаа манай орны боловсролын системийн цаашдын хөгжилд нэмэр болох болов уу гэж хэдэн саналаа та бүхэнтэй хуваалцаж байна. 

  1. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого ба хууль

Төрийн бодлого, хууль хоёр бол бээлийтэй гар гэж тодорхойлсон байдаг. 2015 онд УИХ-аас 2014-2024 он хүртэл Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого баталсан байна. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого бол манай нийгмийн хөгжлийн өнөөгийн шатанд тавигдаж байгаа нийгэм улс төрийн үзэл санааг илэрхийлж, улмаар боловсролын зорилго, зорилтыг тодорхойлж байдаг. Төрөөс тодорхойлсон боловсролын бодлого амьдрал дээр хэрэгжиж  чадахгүй, боловсролын талаар тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байгаагаас боловсролын талаарх төрийн бодлого амжилтгүй болсон гашуун туршлага дэлхийн олон улс оронд бий. Манай орны хувьд ч гэсэн төрийн бодлогын залгамж шүтэлцээ муу учраас хэрэгжилт нь хангалтгүй байдаг. Дээр дурдсан төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын шалгуур 9 үзүүлэлтээс хэдийг нь хэрэгжүүлснээ эргэж нэг харвал байдал ойлгомжтой болох байх.

Боловсролын хууль бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх мэдлийг  хуваарилж зохицуулж өгч байгаа баримт бичиг гэж үзэж байна. 

Эндээс миний эхний хэлэх гэж байгаа зүйл бол боловсролын талаарх төрийн бодлогоо эхлээд шинэчлээд хуулиа түүнийг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн бол илүү үр дүнтэй байх байсан юм биш байгаа. 2-3 жилийн дараа төрийн бодлогоо хуулийндаа тохируулж хийх үү, эсвэл хуулиа дахин шинэчлэх үү гэдэг асуулт гарч ирж магадгүй юм.


  1. Боловсролын философийн асуудал

Төрийн бодлого ба хуулийн хоорондын уялдааг хангаж улмаар тавьсан зорилгодоо хүрэхэд түлхэц үзүүлж байдаг хүчин зүйл бол боловсролын философи юм. Боловсролын философийг нийгэм төвтэй, хүн төвтэй гэж дор хаяж 2 ялгаж үздэг байна.

Манай төрийн боловсролын талаарх бодлого нь хүн төвтэй философид тулгуурласан гэж харагдаж байна.

Иргэн бүр авьяас чадвараа хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадвар чадамжийг эзэмшин хүмүүнлэг ёсыг дээдлэн, насан туршдаа суралцах боломжоор хангах тогтолцоо бүрдүүлэх, хүүхдийг сургах гэх зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн асуудалд анхаарах гэсэн бодлогын зорилтуудаас харахад ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. 

Дэлхийн улс орнууд боловсролыг үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж үздэг учраас боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтэд ихээхэн болгоомжтой ханддаг байна. 

Бүр 1984 онд АНУ-ын боловсролын талаар гарсан тайланд манай улсын боловсролын системд гаднын өөрчлөлтийг тулгах аваас манай улсад дайн зарласантай ижил гэж зүйрлэж үзэх болно. Бид боловсролын системд байсан сайн зүйлүүдээ өөрсдөө ч ухааралгүй үрэн таран хийжээ гэсэн санааг хэлсэн байдаг. Тэгвэл сүүлийн 30 жилд манай улсын боловсролын систем ийм байдалд хүрсэн байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Яагаад гэвэл бид боловсролын талаарх үндэсний философио тодорхойлж, бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, хамгаалж чадаагүй байна. Аль ч улсын боловсролын систем төрөөс тавьсан зорилгод хүрэхэд үндэсний уламжлалт философи чиглүүлж байдаг.


Монгол төрд боловсролын талаарх философийн үндсийг түүх соёлын эх сурвалж,  тэр дотроо ардын аман зохиол, туульс, зүйр цэцэн үгс, ертөнцийн гурав, дөрөв зэргээс эрж хайх хэрэгтэй юм. Ийм философи байхгүй учраас бид монгол хүнийг төлөвшүүлж чадахгүй, монгол ч биш дэлхийн ч биш хүн гаргаад байна. Өнөөдөр монголын түүх ёс заншил, соёл урлаг, хэл гэхээсээ гадаадын юманд илүү ач холбогдол өгөх хандлага бий болсон байна.

Ийм философи байхгүй учраас монгол хэл, уран зохиол, монголын түүх, соёлын талаарх хичээлийг сургалтын төлөвлөгөөнөөс хасах, цагийг нь багасгах зэрэг оролдлого гарч ирэх болж байна.  

Ийм философи байхгүй учраас гаднын янз бүрийн гоё нэр томьёотой арга технологийг уг сурвалжийг нь сайтар ухаарахгүй оруулж ирж нэвтрүүлэх гэж гүйдэг боллоо. Хамгийн аюултай нь ийм арга технологийг багш эрдэмтэд бус улс төрчид, эрх мэдэлтнүүд оруулж ирж байна.

Ийм философи байхгүйгээс төрийн бичиг баримтад бичигдсэн уламжлалт зан заншил, түүх соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсрол заавал эзэмших гэсэн төрийн бодлого хэрэгжиж чадахгүй байна. Үүнийг төрөөс тусгайлан анхаарал тавьж, хэрэгжүүлэх талаар олон талтай, орчин үеийн өнгө аястай арга хэмжээг системтэй хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Ийм философи байхгүй учраас янз бүрийн бодлогын баримт бичиг гарах бүрд төрийн бодлогын анхаарлын төв өөрчлөгдөж байдаг боллоо. Уг нь ийм янз бүрийн бодлогын баримт бичиг гаргах бол үндэснийхээ философид тулгуурлаж түүнийгээ шингээж байвал илүү үр өгөөжтэй болох юм.


  1. Ирээдүйн боловсрол

Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын ирээдүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулах боллоо. 

2015 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Боловсрол, ур чадварын ирээдүй-2030 гэсэн төслийг хэрэгжүүлж, 21-р зуунд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, үнэт зүйлсийн талаар нэгдсэн ойлголттой болох зорилго тавьсан байна. Энэ төслийн хүрээнд суралцахуй, багшлахуйд тавих ерөнхий шаардлагыг тодорхойлжээ. 

Дэлхийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас ирээдүйн боловсролын 4 сценарийг гаргаж танилцуулжээ. 

Ийнхүү ирээдүйн сценарийг гаргах гол зорилго нь ирээдүйг мэргэ төлгө тавьж тааж тодорхойлоход биш ирээдүйд үйл явдал өрнөж болох янз бүрийн замыг хүлээн зөвшөөрсөн төсөөлөлтэй болоход оршиж байна. Стратегийн форсайт нь ирээдүйн талаарх төсөөллийг тодорхойлж шалгах, ирээдүйд баталгаатай төлөвлөгөө зохиох, өнөөгийн үйл ажиллагааг дэмжсэн ирээдүйн талаарх хамтын алсын зорилготой болоход чиглэж байдаг. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас боловсруулж танилцуулсан боловсролын хөгжлийн ирээдүйн дүр зургийг харвал  

нэгд, одоогийн албан боловсролын бүтэц, зохион байгуулалтыг хадгалан өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, технологийн дэвшлийг ашиглан ганцаарчилсан сургалтыг дэмжих,

хоёрт, уламжлалт боловсролын системийг задалж, сургалтыг цахим технологийн үндсэн дээр илүү олон янзын хэлбэрээр явуулах, 

гуравт, сургуулиуд хэвээр үлдэх боловч сургуулийн ханыг нурааж нийгэмтэй холбож, суралцахуйн байнга өөрчлөгдөж байдаг хэлбэрийг дэмжиж, нийгмийн оролцоо, инновацийг бүх талаар хөхүүлэн дэмжих, эцэст нь суралцахуй хаа сайгүй, хэзээ ч хамаагүй явагдаж, албан, албан бус суралцахуйн ялгаа арилж, боловсролын системийн хөдөлгөх хүч болж хувирах гэж тодорхойлжээ.

Дэлхий эдийн засгийн форумаас Шинэ эдийн засаг ба нийгмийн ирээдүйг томьёолох гэсэн дэлхий нийтийг хамарсан хэлэлцүүлгийн явцад Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үеийн чанартай боловсролын ирээдүйтэй загварыг тодорхойлсон байна. Үүний эхний үр дүн нь боловсролд системийн өөрчлөлт хийж шинэ загвар, шинэ стандарт тогтоох зорилготой Боловсрол 4.0 санаачилгыг гаргажээ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед дээд зэргийн чанартай боловсролын 8 чухал шинж чанарыг тодорхойлсон байна. 

Сүүлийн арваад жил ЮНЕСКО боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг бүрэн ухамсарлаж, 1972 оны Форын илтгэл (Faure report. Learning to be ), 1996 оны Делорын илтгэл (Delors report. Learning: The treasure within )-тэй энэ тэнцэхүйц томоохон бүтээл гаргахаар ажиллаж 2015 онд Боловсролын талаар эргэцүүлэн бодох нь (Rethinking Education) гэсэн товхимлыг бэлтгэсэн бөгөөд 2019 онд Эфиоп улсын ерөнхийлөгч Сале Ворк Зевде (Sahle-Work Zewde)-гээр ахлуулсан олон улсын хороог нэрт эрдэмтэд, боловсролын эрдэмтэн мэргэдээр бүрдүүлэн байгуулж ажиллуулсны эцэст “Ирээдүйгээ хамтдаа төсөөлөхүй: Боловсролын талаарх нийгмийн шинэ гэрээ” (Reimagining our Futures together: A new contract for education) илтгэлийг бэлтгэжээ.

Энэ тайлангийн гол санаа бол өнөөдрийн боловсрол шударга, эрх тэгш, энх тайвнаар зэрэгцэн орших, тогтвортой хөгжлийг хангах зорилгоо хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна. Бид хөгжил дэвшлийн төлөө тэмүүлэх явцдаа эх дэлхий, байгаль орчноо сүйтгэж эцэст нь бид бүхний амьд явах асуудлыг аюулд хүргэж байна. Амьжиргааны түвшин өсөх, шинэ технологи нэвтрэх тутам нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, ардчилал, нийгмийн нэгдэл нягтралыг хангаж чадахгүйд хүрч байна. 

Ийм учраас эдгээр нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын ирээдүйн талаар ерөнхий чиг хандлагыг дүрслэн тодорхойлоход бид юуг цааш нь үргэлжлүүлэх, юунаас татгалзах, юуг бүтээлчээр эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ гэсэн 3 асуултад хариулах шаардлагатай болж байна гэж тэмдэглэжээ. 

Дээр дурдсан олон улсын нэр хүндтэй байгууллагуудын санаачилга, тайлангуудаас хийх гол дүгнэлт бол боловсролын системийн өнөөгийн байдалд  дэлхий дахинаа сэтгэл дундуур байгааг харж болохын зэрэгцээ боловсролын системийг ойрын болон хэтийн ирээдүйд хэрхэн сайжруулах талаар олон янзын сонирхолтой санаа санаачилгыг гаргаж байна. 

Мөн боловсрол гэдэг бол амьдрах ухаан, гэгээрэх ухаан, шинжлэх ухаан гэсэн 3 ерөнхий ухаанаар тодорхойлогдож болмоор харагдаж байна.

Боловсролын салбартаа бодлогын болон эрх зүйн томоохон суурь өөрчлөлт хийхийг зорьж байгаа өнөө үед бид гаднын зүйлээс шууд хуулахаас татгалзаж, харин түүнийг бүтээлчээр судалж, монголын боловсролын ирээдүйн дүр зураг, боловсролын үндэсний философио тодорхойлж авч түүнийг тууштай баримталж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй санагдана. 

Ер нь ирээдүйн асуудлуудын шийдлийг өнгөрсөн үеэс олно гэсэн үг байдаг. Дэлхий дахинаа эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар сэтгэл зовниж, хамтын хүч чармайлт гаргадаг болгох, залуучуудын ёс зүйн хүмүүжилд илүү анхаарал тавьж ажиллах, боловсролыг сургуулийн хананаас гаргах, суралцахуйг хайрцагласан стандартаас гаргаж хувь хүний онцлогт тохируулан явуулах гэсэн ерөнхий санаанууд гарч байна.

Бидний Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж, түүнийгээ хайрлаж хамгаалах талаар эцэг эх, өвөг дээдэс, нутгийнхаа хүмүүсээс сонсож, сурч амьдралын ухаан сууж ирсэн.  Өнөөдөр энэ уламжлалаа сэргээх талаар бодох хэрэгтэй байх. 

Монголын боловсролд ялангуяа хөдөөгийн сургуульд хүүхдийг сургахын зэрэгцээ хөдөө орон нутгийн ажилд оролцуулах, байгаль дэлхий, нүүдлийн аж ахуй, соёл, уламжлал, зан заншил зэрэгтэй танилцах боломжоор хангаж амьдрах ухаанд давхар сургаж байсан.

Барууныхан либерал арт гэж их ярьж ач холбогдол өгч байна. 

Манай их бага 5 ухаан бол хүнийг гэгээрүүлэх зорилготой байсан гэхэд буруудахгүй байх. Энд буддын шашныг дэмжих тухай яриагүй. 

Харин монголчууд 13-р зууны үеэс энэтхэгийн философийн хөлгөн судруудыг орчуулан судалж байсныг бид мэднэ. Харамсалтай нь тэдгээр философийг өргөн хэмжээнд судалж, амьдрал ахуйтай холбож сурталчилж, сургаж чадаагүй учраас дийлэнх олныг мухар шүтлэгээс илүүд хүргээгүй юм. Сүүлийн үед манай түүхчдийн олсон баримтаас үзвэл монголчууд бид түүнээс ч дор хаяж мянган жилийн өмнө бичиг үсгийн соёлтой байсныг тодорхойлж, түүхийн баримтаа төрийн ордондоо залсан билээ. Энэ талаар манай эрдэмтэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж тавьж сурталчилж, монгол хүн бүрийг гэгээрүүлэх буянтай ажлыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Социализмын жилүүдэд бид академи сургалтыг өөрөөр хэлбэл шинжлэх ухааны боловсролыг нэлээд өргөн хүрээнд гүнзгий өгч түүнд бараг бүх анхаарлаа хандуулж ирсэн байна.

Амьдрах ухаан, гэгээрэх ухаан, шинжлэх ухааныг зөв харьцаатайгаар эзэмших нөхцөл бололцоог олгох явдал бол манай боловсролын бодлогын нэг чухал чиглэл байх ёстой гэж бодно.

Эцэст нь өнөөдөр манай улсын боловсролын системийг хөгжлийн зөв голдиролд оруулах хэмжээний эрдэм мэдлэгтэй, хэл устай, дэлхийн тэргүүлэх их сургуультай сургаар биш биеэрээ танилцсан олон залуу эрдэмтэн мэргэжилтнүүдтэй болсон байна. Бид гаднын зөвлөхүүдийн санаа бодолд шууд хөтлөгдөхгүйгээр өөрийн бодолтой, дотроо ухаантай байж, боловсролын үндэсний философио боловсруулах оюуны нөөц бий болсон байна. 

Хүнд суртлын олон давхар саад бэрхшээлийг эвдлэн нурааж, боловсролын асуудлыг тэргүүлэх чиглэлээс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьж, эрхтэн дархтны хувийн амбицаас боловсролын үндэсний философио дээр тавьж, мерит зарчмыг тууштай баримталж, авьяаслаг залуусаа нэгтгэн дэмжиж, тэдэнд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэрэгжүүлэх боломжоор хангаж чадвал монголын боловсрол ирээдүй үедээ дэлхийн хэмжээнд мэдлэг ур чадвараа сорьж, дэлхийн аз жаргалтай 10 орны нэгний иргэн гэдгээрээ бахархах  цагийг авчрах болно.



Проф. Д.Бадарч