Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийж буй цуврал ярилцлагаа хүргэж байна. Бид энэ удаа алдаа хэмээх сэдвийн хүрээнд ярилцсан юм. Алдаа гэж чухам юу вэ, бид яагаад алдаа гаргадаг вэ, хүн бүр алддаг уу, алдаанаас хэрхэн сургамж авах вэ?

Эдгээр асуултын хариулт танд нэгэн шинэ сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэж байна. 


-Та бид олон ойлголтыг тодорхойлж, эргэцүүлсэн ярилцлагыг өрнүүлсэн. Энэ удаагийн сэдэв маань алдаа. Та алдааг чухам юу гэж тодорхойлох  вэ? 

-Хүнд амьд байх, амьдрахын тулд зайлшгүй хангах ёстой хэрэгцээнүүд байдаг. Эдгээр хэрэгцээгээ хангах арга замыг байнга эрэлхийлж, тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг. 

Жишээлбэл, цангахаараа шингэн уух, өлсөхөөрөө юм идэх, асуудалтай тулахаараа юм сурах зэрэг нь хэрэгцээгээ мэдэрч байна гэсэн үг. Эдгээр хэрэгцээгээ хангахад л чиглэсэн үйлдлүүдийг хүн өдөр тутамдаа хийдэг. 

Тухайн үйлдлийг хийхээсээ өмнө хэрхэн хэрэгжүүлэх аргаа бодно. Судалж, төлөвлөнө гэх мэтээр олон шат дараатай алхмуудыг хийдэг. 

Энэ бүх үйл явцад  бидний урьдчилан тооцоолоогүй, таньж мэдээгүй зүйлүүдтэй нүүр тулж, алдаа гарч асуудалтай тулгарна. Үүнийгээ л бид алдаа гэж нэрлэдэг. 

-Хүмүүс “Залуу хүн алдаж байж л сурна...Эр нэг алдаа л биз..” гэж ярьдаг шүү дээ. Хүнд ер нь алдах эрх бий юу? 


-Алдах эрх гэж ярих нь тохиромжгүй. Эрх гэхээр эзэн хаан, төр засгаас ч юм уу хууль дүрмээр зөвшөөрөл олгоно гэсэн санааг агуулна. Хэрвээ энэ талаас нь тайлбарлавал алдааг ойлгоход тун бэрх. 

Гэхдээ аливаа нэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд асуудал заавал гарна. Хүн бүхнийг таньж мэдээд, алдаагүй шийдвэр гаргана гэдэг одоохондоо ямар ч боломжгүй зүйл. Хүн өөрийнхөө таних мэдэх боломжийг хязгаарлагдмал, төгс төгөлдөр бус гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Алдаа чинь бидний амьдралын мөнхийн дагуул, заяагдмал зүйл. Бидний эргэн тойронд хаан байна уу, бурхан байна уу хамаагүй хэн ч алдаанаас баттай зайлсхийж чадахгүй.


Бичлэг үзэх:




-Тэгвэл алдаа заавал  туулах зам байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хүн ямар мундаг гэр бүлээс гаралтай, дэлхийн хамгийн шилдэг их сургуулийг төгссөн, ямар ч дээд түвшний оюун ухаантай ч бай заавал алдаа гаргадаг.

Суут ухаантан ч гэсэн, ямар ч сүүлийн үеийн технологийн шийдэл ашигласан ч хүн алдана. Нэг удаа, хоёр удаа, гурван удаа, бүр түүнээс олон удаа алдана гээч. 

Яагаад гэвэл алдаа зөвхөн тэр хүнээс гадна эргэн тойрныхон, хүрээлэн буй орчноос хамаарах зүйлс ч бий шүү дээ. 

Харин яг ижил нөхцөлд нэг гаргасан алдаагаа давтаж байна уу үгүй юу гэдгээ л ажиглах хэрэгтэй. 


-Гаргасан алдаанаас суралцахын тулд яг юу хийх хэрэгтэй вэ? 

-Алдаа гаргахгүйн тулд хичээх хэрэгтэй. Хичээнэ гэдэг юмсыг илүү сайнаар таньж мэдэх, судалж шинжилж төлөвлөх, бүтээлчээр цэгцтэй сэтгэхийг хэлнэ. 

Хүн ямар ч үйлдлийг хийхээсээ өмнө эхлээд тунгаан боддог. Аливаа зорилгыг тодорхойлж, төлөвлөхдөө цэгцтэй сэтгэлгээгээр хандаж байвал тулгарах ямар ч асуудлыг, үүнийг үүсгэж байгаа суурь шалтгааныг нь олж тогтоох боломжтой. 

Юунаас болж асуудал үүсэв, яагаад ийм алдааг гарав гэдгийг задалж шинжилж, буруугаа эргэн харвал тэр алдааг давтахгүй тэр маань сургамж болно гэсэн үг. 

-Алдаагаа тунгаах бодохгүй, суралцахгүй бол алдаа хэвээрээ үлдэнэ гэсэн үг үү?

-Яагаад алдав, юунаас болж бүтэлгүйтэв, хэрхэн сайжруулах вэ?

Энэ асуултад хариулахгүй бол алдаагаа давтахаас айж, цаашид ямар нэг зүйл бүтээх оролдлого гаргахаа болино. Сэтгэлийн тэнхээгүй болж бууж өгдөг олон шалтгааны нэг энэ. Эсвэл ойр дотнын хүмүүс рүүгээ хамаг бурууг чихээд тэдэнтэйгээ муудалцаж, маргалддаг. 

Тэгэхээр би алдчихлаа гээд орхиж болохгүй нь. Ингэх л юм бол хүн ирээдүйд итгэлгүй болж, түгшүүрт байдал руу түлхэгддэг. 

Хүний бие өвдөхөөр эмчид үзүүлж оношлуулаад дараа нь эмчлүүлж эдгэрдэг шүү дээ. Үүнтэй яг адилхан. Алдаагаа ухамсарлаж, оношилж таньдаг байх ёстой.  


-Яагаад алдаа гарсан бэ гэдгийг мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Асуултад хариулахын тулд хүнд мэдээлэл хэрэгтэй. Мэдээлэлтэй байхын тулд бодож сэтгэх маань цэгцтэй байх хэрэгтэй. 

Цэгцтэй байна гэдэг надад энэ ажлыг хийхэд ямар саад бэрхшээл учрах, түүнийг ямар арга замаар даван туулах вэ, надад байгаа нөөц боломж хангалттай юу, хэнтэй хамтрах вэ зэргээр асуултад хариулж, энэ бүхнийг аль болох нарийн судалж, тооцохыг хэлж байна.

Ингэж бодож эргэцүүлэлгүй үйлдэл хийсэн хүн дараа нь юу хийснээ шинжилж, ойлгож чаддаггүй. Анх би ингэж бодсон чинь ингээд зөрчихлөө гээд харьцуулах юмтай байвал хэнд ч гэсэн асуудлаа танихад амар болно биз дээ. 



-Та системийн сэтгэлгээг таниулахын тулд олон жил ажилласан эрдэмтэн. Таны анзаарснаар хүмүүс тэр дундаа залуус алдааны талаар ямар буруу ойлголттой байдаг вэ? 

-Ихэнх нь хүмүүс бүтэлгүйтэл алдаа хоёрыг нэг сагсанд хийж ойлгодог. Би ч гэсэн тэгж бодож л байсан.  Энэ хоёрыг ялгаж цэгцлэх хэрэгтэй. 

Та нэг зорилго тавилаа. Түүндээ хүрэхийн тулд янз бүрийн алхмуудыг хийнэ. 

Энэ алхмуудыг гүйцэтгэх явцад дутуу бодсон, зөрсөн зүйлс нь алдаа юм. Харин энэ бүх алхмуудыг хийгээд эцсийн дүнд гарсан үр дүн нь таны анхны зорилгоос ялгаатай гарвал бүтэлгүйтэл гэж нэрлэвэл зохино.


-Алдааг том жижиг гэж ангилж болох уу? 

-Би алдааг том жижиг гэж харж болохгүй гэж боддог. Алдаа гэдэг нь хүний оюун санаанд болдог. Оюун санаанд өрнөж байгаа энэ бүх зүйлсийг том жижиг гэж ангилж болохгүй бүгд л чухал. 

Харин алдаанаас гарсан үр дагавруудыг том жижиг гэж ангилж болно. 

Ямар нэг үйлдэл дутуу хийсний үр дагаварт улс нийтээрээ, байгууллагаараа,гэр бүлээрээ эсвэл ганцхан өөрөө л хохирч болно.


-Хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа юу вэ? 

-Бодохгүйгээр үйлдэл хийнэ гэдэг л алдаа болгоны эхлэл. 

Монголчууд долоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ. Хэмж гэдэг нь дахин бодож тунгаа гэсэн үг. 

Гэтэл бид чинь хэмжихгүйгээр л огтлоод, огтлоод явчихдаг. Энэ тохиолдолд огтолсон нь алдаа биш. Бүр анхнаасаа хэмжээгүй нь алдаа байхгүй юу. 


-Асуудлыг шийдвэрлэх аргыг өөрөө бодох хэрэгтэй байх нь? 

-Хүмүүс ямар нэг асуудалтай тулгарахаар “Аргална даа, ямар нэг арга олдоно доо” гэж ярьдаг.  

Арга олно гэж ярих нь буруу. Тэр арга ухаан гэдэг чинь хаа нэг газар хэвтэж байдаг эд биш биз дээ. Хүн өөрөө л бодож бүтээдэг байхгүй юу. 

Ямар нэг шийдэл гаргахын тулд амьдралын янз бүрийн жишээнээс суралцах боломжтой. 

Энэ хүн ийм үйлдэл хийж надад тэр нь таарах уу гээд харж болно. Эсвэл өөрөө нэлээн ултай суурьтай судалж байгаад олж болно. Аль ч тохиолдолд өөрөө сэтгэж хөгжүүлж байгаа юм.  Тэгэхгүйгээр өөр хүний бэлэн оюуны загваруудыг хуулаад дуурайгаад байж болохгүй. 

Бага алдахын тулд бид “мэдэхгүй чадахгүй зүйлээ ойлгож, энэ үйлдлийн үр дагаварт надад юм уу хажууд байгаа хүнд маань сөрөг нөлөө авчирч магадгүй шүү” гэдгийг тооцох хэрэгтэй.