Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 26, 2019
Уншигч та анзаарсан бол бидний цуврал ярилцлагын төвд систем гэдэг ойлголт зонхилдог. Систем гэдэг нь ямар нэг пуужин эсвэл сансарын хөлөг эсвэл физик химийн тэгшитгэлийн тухай яриа биш юм. Энэ бол аливаа зүйлийг таньж мэдэхэд шаардлагатай цэгцтэй цогц болгосон сэтгэлгээний хэв маяг юм.
“TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ээлжит ярилцлагаа АНУ-д болсон INCOSE IW2019 хурал тойрсон сонирхолтой сэдэв болон системийн сэтгэлгээний талаар хийснээ хүргэж байна.
-Хоёулаа ярилцлагаа эхлэхээсээ өмнө системийн сэтгэлгээний арга барил гэж юу болох талаар эргэн товчхон тайлбарлая?
-Системийн сэтгэлгээ буюу цэгцтэй сэтгэлгээ нь хэний ч өмнө тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж олох, шийдвэрлэхэд хэрэглэгдэх оюун санааны хэрэгсэл шүү дээ. Тэр хүн нь 70 настай Должин эмээ байна уу, 7 настай Бат гэдэг хүү эсвэл 30 настай инженер Баяраа гэдгээс үл хамаарч бүгдэд нь хэрэглэгдэнэ.
Хүнд асуудал үүсгэхэд хүргэдэг сэтгэлгээний хэв маягуудыг бид тодорхойлж ангилах гэж оролдлоо. Жишээ нь хуучинсаг, бэлэнчлэх, цэгцгүй, ерөнхийлдөг гээд олон төрлийн сэтгэлгээний доголдлууд бий. Харамсалтай нь жагсаалт үүгээр хязгаарлагдахгүй. Цөөн хэдийг нь товч тайлбарлах гээд оролдоё.
Бэлэнчлэх сэтгэлгээ: Ийм сэтгэлгээтэй бүлгийнхэн өөрөө ямар нөөц, хөдөлмөр зарцуулахгүйгээр бусдын нэгэнт бий болгосон материаллаг болон оюуны өмч баялгаас хүртэж байх сонирхолтой. Манай нийгмийн жинхэнэ идээ бээрийг үүсгэж байгаа сэтгэлгээний доголдол гэж болно. Залхуучууд бол яах аргагүй энэ төрөлд хамаарна. Энэ сэтгэлгээний доголдлыг улс төрчид сайн мэддэг төдийгүй, өөрийнхөө зорилгыг хэрэгжүүлэхдээ тэдний дэмжлэгийг ашигладаг. Хүүхдийн, ямааны, ноолуурын, гэрлэлтийн гэх мэт мөнгө амладаг нь үүний бодит жишээ.
Хуучин сэтгэлгээ: Энэ бол өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдралаасаа, нийгмээсээ өвлөж, тээж авсан хэвшмэл ойлголт юм. Үүнийг бас тухайн үед хэрэглээд тодорхой үр дүнд хүрсэн учраас сэтгэн бодохдоо байнга хэрэглээд дасчихсан итгэл үнэмшил гэж нэрлэж болно. Тэр хуучирсан сэтгэлгээ, шалгуураараа өнөөдрийн нийгмийн болж байгаа болон болохгүй зүйлсийг хэмждэг. Гэтэл хүний амьдарч байгаа орчин, нийгэм нь байнга өөрчлөгдөж байгаа учраас тэдгээр итгэл, үнэмшлээ байнга шалгаж цэгнэх зайлшгүй шаардлагатай.
Ерөнхийлдөг сэтгэлгээ: Ерөөсөө өөрийн эрхэлж байгаа ажил мэргэжил, амьдралынхаа нарийн ширийнийг судалдаггүй, түүнийгээ мэддэггүй хүмүүсийн гаргадаг сэтгэлгээний доголдол юм. Хэдэн өгүүлбэр хэлчихээд л байн байн “ерөнхийдөө” гэж хэлдэг хүн бол мэргэжлийнхээ талаар нарийн ширийн мэдлэггүй юм байна гэдэг дүгнэлтийг баттай хийж болно. Яагаад ерөнхийдөө гэдэг үг хэрэглэдэг вэ гэхээр ярьж буй зүйлийнх нь талаар асуулт ирвэл хариулж чадахгүй гэдгээ мэдэж байгаа учраас тэр. Эвгүй байдалд орохоос сэргийлж байгаа хэрэг.
Хоноцын сэтгэлгээ: Урт хугацааны тууштай зорьсон зорилгогүй хүмүүсийн гаргадаг сэтгэлгээ нь ихэвчилэн өнөө маргаашаа аргацаахад чиглэсэн байдаг. Өнөөдөр л болж байвал гэсэн ахархан бодол. Үүнийг монголчууд хоноцын сэтгэлгээ гэдэг.
Эдгээр сэтгэлгээний доголдлуудыг засаж бодол санаагаа цэгцтэй болгосныг л бид системийн сэтгэлгээ гэж хэлээд байгаа юм.
Хүн бүр системийн сэтгэлгээний арга барилыг заавал эзэмших хэрэгтэй. Ийм цэгцтэй сэтгэдэг хүн бол аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай мэдлэгийг олж авах, бүтээх маш хүчтэй зэвсэгтэй боллоо гэсэн үг.
Хүн аливаа үйлдэл хийхийн өмнө заавал сэтгэн боддог. Сэтгэж бодсоноороо дүгнэлтийг хийж, дараа нь юу хийх вэ гэдгээ шийддэг. Хэрэв сэтгэн бодож байгаа арга барил нь цэгцгүй бол мэдээж дүгнэлт нь худлаа гарч таарна аа даа. Үүнээс үүдэн дараагийн хийж байгаа зүйл нь худлаа болж тэр хүн өөртөө болон өрөөл бусдад мянган асуудал үүсгэдэг. Бөөн асуудал үүсгэчихээд түүнийгээ шийдэж чадаагүй энэ хүн ирээдүйн сайн сайхан хүсэл мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй. Бидний амьдарч байгаа энэ нийгэм маань тийм асуудлуудаар дүүрчихсэн байна шүү дээ.
Миний бодлоор хүн бүр танин мэдэх арга барилд суралцаж эхэлбэл бидний сэтгэлгээ цэгцэрч эхэлнэ. Үүнийгээ дагаад бидэнд асуудал үүсгэдэг дээрхи сэтгэлгээний гажуудал, доголдлууд засагдах байх.
-Та системийн инженерчлэлийн /system engineering/ чиглэлээр олон улсын хуралд оролцоод ирсэн гэж дуулсан. Энэ хурлын талаар сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Хоёр жилийн өмнө онлайнаар системийн шинжлэх ухааныг дэмждэг, дагнадаг байгууллагуудыг хайж байгаад International Society for the Systems Sciences гээд байгууллагыг олсон юм. Ухаж үзсэн чинь сонирхолтой санагдсан. Тухайн үед өргөдөл өгөөд гишүүнээр элсээд мэдээлэл солилцоод л байлаа. Гэтэл тэрхүү нийгэмлэгээс International Council for System Engineering буюу INCOSE гэдэг товчилсон нэртэй байгуулагаас INCOSE IW2019 гэдэг хурал болох гэж байна, түүнд оролцооч гэсэн санал ирүүлсэн юм.
Энэ хурал миний хувьд нүд нээсэн, маш сонирхолтой арга хэмжээ байлаа. Олон ч шинэ соргог мэдээ, мэдээлэл сонслоо.
Ялангуяа СИСТЕМИЙН аргачлалын хэрэглээ дэлхий даяар өргөжин тэлж байгааг, олон улсын байгууллагууд системийн аргачлалыг улам боловсронгуй болгохоор хүч, нөөц бололцоогоо нэгтгэн ажилладаг талаарх мэдээлэл ихээхэн сонирхол татлаа. Тодорхой ажлын хэсгүүд гаргаад тулгамдсан, тодорхойгүй асуудлуудаа цэгцтэйгээр судалж, хэлэлцүүлэг хийдэг юм байна.
Хурлын үр дүнд системийн инженерчлэлийн үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай арга, аргачлал стандартуудыг нь гаргасан. Маш нарийн мэдээлэл, гарын авлага, аргачлалууд ч байна. Үүнээс гадна дэлхий нийтэд байгаа системийн аргачлалын хэрэглээ, сайжруулалтын “тэргүүн фронт” дээр нь “тулалдаж” яваа 17 мянган гишүүдийн төлөөлөл, АНУ, Австралийн Батлан хамгаалах яам, Сингапур, Хятад, Оросын томоохон үйлдвэрлэгч нараас гадна их дээд сургуулийн судлаач, профессорууд оролцдог юм байна.
Нийт оролцогчдын 50 гаруй хувийг томоохон үйлдвэрлэгч болох алдарт NASA, Boeing, Airbus, John Deere болон бусад томоохон компаниудын төлөөлөгчид бүрдүүлж байсан. Энэ хуралд оролцож байгаа байгууллагуудын жагсаалтыг хараад системийн арга барил хэрэглэхгүй ямар ч салбар алга гэж дүгнэж болохоор байна лээ.
Хурлынхаа талаар нийгмийн сүлжээнд тэр үед нь товчхон оруулсан чинь Монголоос олон хүн сонирхож байна лээ. Эндээс энэ системийн талаарх ганц манай компани биш манайхан нийгмээрээ сонирхож байгааг бас анзаарлаа.
International Council on Systems Engineering / INCOSE/ нь дэлхий даяар 17 мянга гаруй гишүүнтэй, 35 оронд салбартай, 45 ажлын хэсэгтэй. АНУ-д гэхэд 5 салбартай.
-Системийн инженерчлэл гэдгийг тайлбарлахгүй юу?
-Аливаа асуудал нь олон хүчин зүйлүүдээс хамаардаг, олон оролцогчтой байвал түүний шийдлийг олоход их төвөгтэй болдог. Ийм төвөгтэй асуудлуудыг шийдэхэд эмх цэгцтэй сэтгэлгээ голлох үүрэгтэй. Эмх цэгцтэй шийдэл бий болгох ажлыг бидний тархи л хийж байгаа шүү дээ. Байгууллагыг, спортын багийг, гэр бүлийг, нийгмээ бид эмх цэгцтэйгээр харах хэрэгтэй байна. Ингэж харахын тулд тохиромжтой аргыг нь бий болгох ёстой. Тэр аргыг нь бий болгодог, хэрэглэгдэг, асуудлын шийдлийг гаргадаг хүмүүсийг системийн инженерүүд гэдэг. Инженерүүд гэхээр зөвхөн тоног төхөөрөмж, багажтай харьцдаг хүмүүс гэсэн уламжлалт ойлголт өөрчлөгджээ.
Нийгэм бол тэр чигээрээ тогтолцоо мөн. Тэгвэл энэ тогтолцооны загварыг зохиож, барьж, засаж, чиглүүлдэг хүмүүс бол системийн инженерүүд юм.
-Системийн аргыг ямар цар хүрээтэй байгууллагууд голдуу ашиглаж байна вэ?
-Хуучин системийн загварыг БХЯ чиглэлийн болон NASA мэтийн том цар хүрээтэй олон оролцогчтой төслүүд дээр ашигладаг байлаа. Харин олон улсын чиг хандлага өөрчлөгдөж 25 хүртэлх авсаархан бүтэцтэй байгууллага хүртэл системийн загварыг хэрэгжүүлдэг болчихож. Бас эрүүл мэнд, дэд бүтэц гээд салбар бүр дээр ашиглаж байна.
-Таны санал болгож буй системийн шийдлүүд ямар түвшинд явна гэж та харсан вэ?
-Энэ хуралд оролцохдоо дэлхийн түвшинтэй харьцуулахад бидний судалгаа, манай компанийн бий болгосон загвар олон улсад аль хавьд нь, хаагуур нь байна вэ гэдгийг таньж мэдэх зорилготой явсан. Манай компаниас боловсруулан гаргасан системийн шийдлүүд нь олон улсын нийтлэг чиг хандлагад нийцэж яваа юм байна. Бусад байгууллагуудын гаргасан шийдлүүдтэй харьцуулахад давах зүйл, дутах зүйл ч бас байна. Манай шийдлүүдийг илүү таньж мэдэх сонирхлоо олон хүн илэрхийлсэн.
Нөгөөтэйгүүр, нэгэнт гаргаад байгаа шийдлүүдээ цаашид улам сайжруулах, бүр олон хүнээр хүлээн зөвшөөрүүлэх их томоохон орон зай, боломжууд байгааг ч бас анзаарлаа. INCOSE гэдэг байгууллага бидний чухал түнш юм байна. Байгууллагаараа INCOSE-ийн гишүүн болохоор шийдсэн.
-Баруунд системийн шийдлийг аль чиглэлд, салбарт өргөн хэрэглэж байна вэ?
-Техник, технологийн чиглэлд их өргөн ашиглаж байна. Сансар судлал, батлан хамгаалах, үйлдвэрлэлийн чиглэлээр шийдлүүд, арга аргачлалууд нь бий болчихож. Ингэж тусгайлан шийдлийг гаргаад улмаар олон улсын стандартын байгууллагатай хамтраад стандартуудыг гаргачихсан байгаа юм. Гэтэл бид үүнийг мэдэхгүй л харайлгаж явна. Одоо бид цаг алдалгүй энэ олон улсын чиг хандлагад хөл нийлүүлэхээс өөр арга байхгүй.
Бид алийн болгон өнөө л Оюутолгой, өнөө л уул уурхайгаа ярьж, булаалцалдаж суух вэ дээ? Энэ хооронд дэлхий нийтээрээ шинжлэх ухаан технологийн шийдэл ярьж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал явагдаж мэдлэгээр үнэ цэнийг бий болгож хөгжлөөрөө хол тасрах нь. Үүнийг л бид нар ухамсартайгаар ойлгох хэрэгтэй байна.
Тийм учраас ярилцлагаараа дамжуулаад Монголын компаниудын удирдлагуудад хандаж системийн арга барилыг эрэлхийлэх, судлах нэг чухал гарц нь INCOSE мөн юм байна, сайт руу орж сайн судлаарай, олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлж алхах хэрэгтэй байна гэдгийг хэлье.
-Та “TУС солюшн"-ны системийн загвараа танилцуулсан уу?
-Хэдийгээр загвараа танилцуулах зорилго байгаагүй ч хоёр гурван ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үеэр би ТУС загвараа товчхон тайлбарлаж танилцуулсан, олон хүн сонирхож байна лээ. Тэр битгий хэл дараа дараагийн хуралд танилцуулж өгөөч гэж хүсэлт тавьсан шүү. Тэдний сонирхлыг татах зүйл бидэнд байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөнд олзуурхаж урамшсан. Ямар ч байсан сонирхоно гэдэг бол өөрсдийнх нь шийдэлд байхгүй ямар нэг давуу талыг манай шийдлээс олоод харчихсан л гэсэн үг. Гэхдээ энэ нь манай шийдлийг шууд аваад хэрэглэчихнэ гэсэн үг биш, маш олон хурлаар хэлэлцүүлж сайн мууг нь шүүн тунгаана, харьцуулна. Үүний дараа л хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудал яригдана. Одоохондоо энэ талаар ярих болоогүй. Зохион байгуулагчдын зүгээс хаа холын Монголоос ирээд гишүүнээр ороод ирчихсэнд гайхаж, нааштайгаар хүлээж авсан шүү.
-Системийн инженерчлэл нэвтрээд ирэхээр хуучин менежментийн арга барил халаагаа өгнө гэсэн үг үү?
-Уламжлалт менежментийн аргууд одоо болтол үнэ цэнийг бүтээж байгаа. Цаашид ч үнэ цэнтэй хэвээрээ байх болов уу. Гол нь үүнийг илүү үнэ цэнтэй, өгөөжтэй болгох шаардлагатай. Уламжлалт менежментийн хамгийн том сул тал нь хоорондоо уялдаа муутай шийдлүүдийг санал болгоод байгаа явдал юм. Жишээ нь байгууллага дээр хүний нөөцийн бодлого нь эрсдлийн удирдлагатайгаа, санхүүтэйгээ, хэрэглэгчийн менежменттэйгээ яаж уялдах вэ гэдгийг тооцох ёстой. Ингэхийн тулд эдгээр асуудлуудыг шийдэхэд чиглэсэн шийдлүүдийг бүгдийг нь хооронд нь тааруулж зангидаад, угсараад, бие биеэ дэмждэг, цогц тогтолцоо болгох хэрэгтэй байна. Үүнийг чинь системийн инженерчлэл гээд байгаа юм.
Бид хүссэн ч, хүсээгүй ч амьдралынхаа явцад танин мэдэх аргыг өөрийн эрхгүй асуудал болгон дээр хэрэглэж байдаг. Ийм танин мэдэхүйн аргыг хэрэглэж бий болгосон шийдлүүд нь тухайн байгууллагыг удирдаж байгаа хүний толгойд боловсорч, тэр хүн түүнийгээ хэрэгжүүлж байна. Үүнийгээ ил гаргаад, багаараа хэлэлцэж улмаар хооронд нь уялдуулж цэгцлээд дүрэм, журмын хэлбэрт оруулж хэрэгжүүлдэг болох зайлшгүй шаардлагатай.
Ингэхгүй бол ямар ч сайн шийдэл тэр захирлын толгойд л үлдэнэ, эсвэл тэр захиралтайгаа яваад өгнө шүү дээ. Ингэж цэгцэнд оруулах ажил бол системийн инженерүүдийн хийх ажил мөн. Эрт орой хэзээ нэгэн цагт бүх гэр бүл, байгууллагууд системийн шийдлийг заавал хэрэглэнэ. Хэрэглэсээр ч байгаа, харамсалтай нь одоохондоо эмх цэгцгүй хэрэглээд байгаа хэрэг.
-Уламжлалт менежментийн аргаараа амжилттай яваа компаниудад системийн шийдэл хэрэгтэй юу?
-INCOSE-гийн хурал дээр нэг айхтар онож хэлсэн ишлэлийг олж харсан. “Хэрвээ танай байгууллагын дотор болж байгаа өөрчлөлт гадна талд болж буй өөрчлөлтөөс удаан байвал сүйрэн унана” гэж. Гадна талд болж байгаа өөрчлөлтөд байгууллага чинь хурдан түргэн дасан зохицож шаардлагатай өөрчлөлтүүдээ дотроо шуурхай хийх чадвартай байх ёстой. Харин өнөөдрийн амжилтдаа бардаад явбал нэг өдөр уналтад орно л гэсэн үг.
Тэрхүү дасан зохицох чадварыг системийн сэтгэлгээ, системийн инженерчлэлээр л бий болгож чадна. Систем гэдэг нарийн нийлмэл зүйл. Уламжлалт менежментийн аргаар байгууллага аливаа гадны өөрчлөлтөд хурдан шуурхай дасан зохицох чадварыг бий болгох боломжгүй.
Дэлхийн тэргүүлэх компаниуд яагаад системийн шийдлүүдийг сонирхож байна вэ, яагаад системийн шийдлүүдийг боловсруулан гаргахад ихээхэн нөөц зарцуулж хоорондоо хамтран ажиллаад байна вэ гэдгээс олон олон чухал дүгнэлтүүдийг хийж болох байх аа.
-Нэг үеэ бодвол системийн талаар нэлээн ярих болжээ. Ач холбогдлыг нь ойлгож эхэлж байна уу даа…?
-Систем гэдэг үгийг хэрэглэх дуртай болно гэдэг хүн болгон асуудалтай байгаагийн нэг илрэл болов уу. Тэрхүү асуудлыг шийдэх арга нь системийн сэтгэлгээнд л бий. Тийм учраас дуртайдаа биш асуудлаа шийдэхийн тулд үүнийг ярихаас, судлахаас өөр арга байхгүй. Энэ бол бодит амьдралаас бидэнд тулгаж байгаа тулгалт. Сонголт биш гэсэн үг. Хэдий чинээ эрт системийн аргачлал руу орж системийн сэтгэлгээтэй болно төдий чинээ эрт хурдтайгаар урагшилна.
Харин хэн нэгэн мундаг удирдагч эсвэл хаан гарч ирээд хүн болгоны тархинд цэгцтэй сэтгэлгээг суулгаж өгөөд Монгол улс маань сайхан хөгжинө гэж хүлээвэл нилээд олон жил, магадгүй хэдэн үеэрээ хүлээх хэрэгтэй болно. Ингэж хүлээснээс хүн болгон л өөрсдөө зүтгэж танин мэдэх арга барилд суралцаж мэдлэгийн эрэл хайгуул хийх хэрэгтэй байна. Үүнийг бидэнд ямар нэг улс төрч эсвэл нам, төрийн зүтгэлтэн үүнийг хийж өгөхгүй.
-Системийн сэтгэлгээг барууны орнууд боловсролын салбартаа хэр суулгаж, шигтгэсэн байдаг вэ?
-Тэд системийн сэтгэлгээ, системийн инженерчлэлийн талаарх сургалтыг аль хэдийн боловсролын хөтөлбөрт оруулчихсан байна. INCOSE-ийн зохион байгуулсан хурал дээр нэлээн хэдэн багш, профессоруудтай уулзаж энэ талаар сонслоо. Системийн шижлэх ухаан, системийн инженерчлэлээр тусдаа тэнхим байгуулаад аргачлалаа бий болгочихсон, сайн муугаа ярилцаад явж байна. Бид нарын ярьдагаар ЕБС-д ч орж бага насныханд цэгцтэй, бүтээлч сэтгэлгээний арга барилыг суулгаж өгдөг болжээ.
Хүний тархи сэтгэх ёстой, тэгэхдээ эмх цэгцтэй сэтгэх учиртай. Энэ эмх цэгцтэй буюу системийн сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээний арга барилыг тэд бүр цэцэрлэгийнх нь наснаас дасгаж эзэмшүүлж байна. Дэлхийд боловсролоороо тэргүүлдэг Финландын жишээ үүнийг батална. Манайхан эсрэгээрээ хүүхдийг 2*2 гэдгийг цээжлээд ир гэнэ, эсвэл баахан бодлого өгчихөөд маргааш нь шалгадаг. Нэг л их тоо цээжилсэн хүүхдийг IQ өндөр гэж үнэлдэг. Энэ бол оюун санаандаа тогтоох ур чадвар болохоос хүүхэд цэгцтэй, бүтээлч сэтгэлгээтэй болж баигаа хэрэг биш мэт санагдах юм.
Бид ерөөсөө хүүхэд залуучуудынхаа сэтгэлгээг эмх цэгцтэй болгох тал дээр анхаарах ёстой. Болдогсон бол бүр тусгай хөтөлбөр гаргаад цэцэрлэгийн наснаас нь эхлээд суулгаж өгмөөр байна. Хэрэв сэтгэлгээ нь анхнаасаа системтэй болчихвол хүн насан туршдаа тэр загвараа хэрэглэж чадна шүү дээ. Бэлэн юм нэхдэг сэтгэлгээ бага насанд нь төлөвшсөн бол залхуу бусдын гар хардаг хүн болж төлөвшинө. Бүтээлч сэтгэлгээтэй өссөн хүүхэд өөртөө болон өрөөлд үнэ цэнтэй зүйл бүтээж чадна.
-Логик сэтгэлгээг хөгжүүлэхэд математикийн хичээлийг голлох үүрэгтэй гэж ярьдаг даа… Математикийг илүү үзсэнээр хүний сэтгэлгээ хэр цэгцтэй болох бол?
-Би сайн мэдэхгүй байна. Бид хийсэн судалгаан дээрээ үндэслээд албан ажил дээрээ оюуны тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлж байна. Түүний явцад хийж байгаа ажиглалт дээр үндэслээд зарим нэг дүгнэлтүүдийг хийж байгаа. Тухайлбал, хүний сэтгэлгээний хэв маягийг тухайн хүний хэрэглэж байгаа үгүүдийн сонголтоор шинжилж болдог юм байна. Өөрөөр хэлбэл, тэр хүний хэлж байгаа үгийн цаана уг үгээр дамжуулж бидэнд ойлгуулах гэсэн утга санаа нь байгаа гэж ойлгож болно. Ямар нэг математикийн үйлдлийг хийгээгүй ч гэсэн бид оюун санаандаа логикийн буюу учир шалтгааны холбоосыг таньж мэдэх үйлдлүүдийг хийдэг. Ингээд бодохоор монгол хэлний хичээл математикийн хичээлээс илүүтэйгээр хүүхдийн сэтгэлгээний хэв маяг төлөвшихөд нөлөөлдөг байх гэж бодогдох болсон.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.