Цэдэнбалын Цэрэндолгор
12 сарын 15, 2020
"TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ээлжит ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн сэдэв бол нийгмийн хэмжүүр. Нийгэм хэмээх энэ хийсвэр ойлголтыг иргэн бид яагаад нэгтгэж цэгцтэй болгох ёстойг, ингээгүйгээс бид олон асуудалтай учирч, үр дагаврыг нь гашуунаар амсаж, үүнээс үүссэн алдаа дутагдлаа нууж, бусдаа буруутгадаг сэтгэлгээний дутагдлын талаар ярилцлаа.
-Нийгмийн загвар гэдэг ойлголтыг бид тэр бүр хэрэглээд байдаггүй. Тэгэхээр энэхүү ойлголтыг хэрхэн тайлбарлах вэ?
-Эхлээд загвар гэж юу юм бэ гэдгээ ойлгохоос эхлэе. Загвар гэхээр олон хүний толгойд гунхсан, ганхсан загвар өмсөгч үзэсгэлэнтэй хүүхнүүд буух байх. Гэтэл үнэн хэрэг дээрээ загвар өмсөгч нь биш өмсөж байгаа хувцас нь тухайн зохион бүтээгчээс бусдад үзүүлж харуулахыг хүсээд байгаа загвар юм шүү дээ.
Загвар гэдэг бол юуны өмнө хүний нүдэнд тусаж байгаа өгөгдлүүдээс бүрддэг.
Энэхүү өгөгдлүүдийг хүний тархи боловсруулан, хоорондоо харилцан уялдаатай хэв шинжүүдэд хөрвүүлэн дүрслэлийн хэлбэрт оруулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэв шинжүүдийг логикийн зөрчилгүйгээр дүрслэлийн хэлбэрт оруулсаныг ойлголтын загвар гэж тодорхойлж болно.
Бид ямарваа нэг зүйлд зорьж яваа бол эхлээд заавал зорилгоо хэрэгжүүлснээр бий болох үр дүнгийн талаар тунгаан бодож загварыг нь гаргадаг шүү дээ. Байшин барих гэж байгаа бол эхлээд зурж, дараа нь цаас юм уу модон макетыг, төхөөрөмж хийх гэж байгаа бол түүнийхээ жижигрүүлсэн хувилбарыг эхлээд хийж үздэг. Энэ бол ямар ч зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэдэг арга юм.
Энэ мэтээр бидний нүдэнд харагддаг, гарт баригддаг бүх зүйлийг ингээд дүрслэн загварчлахад хялбархан. Харин хийсвэр ойлголтуудыг загварчилж дүрслэхэд ихээхэн төвөгтэй. Учир нь тухайн хийсвэр ойлголтыг бүрдүүлж байгаа хэв шинжүүд нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд бас үзэмжийн шинж чанартай байдаг юм билээ.
-Гарт баригдахгүй хийсвэр ойлголтыг тэр дундаа нийгмийн тухай ойлголтыг загварчлах ямар хэрэгцээ, шаардлага байна вэ?
-Оюун санаанд байдаг тэр олон хийсвэр ойлголтыг тодорхойлох нь нэн төвөгтэй. Жишээ нь гэр бүл, ажил, хайр дурлал гэсэн ойлголтыг дүрслэх гэхээр чаддаггүй. Дүрслэх оролдлогууд бий, тэр нь ижил төстэй хэв шинжтэй бусад бодит зүйлстэй зүйрлүүлж зурдаг арга юм.
Хайр гэдэг ойлголтыг дүрслэх гээд оролдоё. Хайр нь бидний оюун санаанд л бий болсон дүрслэл, төсөөлөл юм. Энэ төсөөллийг шууд дүрслэн зурах боломжгүй учраас хайрыг цэцэг эсвэл зүрхээр зүйрлүүлж зурдаг. Хайр бол хоёр болон түүнээс дээш тооны харилцан хамааралтай хүмүүс байгаа тохиолдолд л бий болдог ойлголт.
Ийм учраас эхлээд тийм бүлэг хүмүүсийн хоорондын харилцааг ойлгож байж бид хайр гэдэг ойлголтыг нарийн тодорхойлох боломжтой. Гэр бүл, байгууллага, цаашлаад нийгэм гэдэг ойлголтыг тодорхой болгох шаардлага үүнээс урган гараад байгаа юм. Нийгмийг, гэр бүлийг бүрэлдүүлж байдаг гол бүтэц нь хүмүүс биш, бидний, хүмүүс хоорондын харилцаа юм. Энгийнээр хэлэх юм бол хаа хамаагүй хэдэн ч хүнийг цуглуулсан тэр нь нийгэм ч биш, гэр бүл ч биш юм. Нийгмийг эсвэл гэр бүлийг бүрдүүлж байгаа харилцаа нь орон зай, цаг хугацаа, логикийн хувьд байнга өөрчлөгдөж байдаг учраас зурчихаж болдоггүй. Ийм ч учраас нийгмийг дүрсэлдэг цорын ганц арга нь өнөөг хүртэл үгээр ярих л арга байв. Ойлголтуудыг хоорондын харилцаандаа хэрэглэхдээ үгээр илэрхийлснээр хүн болгон өөр өөрөөр ойлгож улмаар нэгдсэн нэг ойлголт бий болж өгдөггүй гэмтэй. Үүний улмаас байнгын маргаан, мэтгэлцээн үүсдэг.
Орчин үед системийн онол, системийн инженерчлэлийн арга хөгжсөнөөр нийгмийг бүрдүүлж буй харилцааг загварчлах боломжтой болсон.
Жишээ нь манай нийгмийн дүр төрхийг тодорхойлдог албан ёсны бичиг баримт бол Үндсэн хууль юм. Үндсэн хууль сая өөрчлөгдөн батлагдахаасаа өмнө 6368 үгтэй байсан. Орсон үг болгон нь манай нийгмийн хэв маягийг тодорхойлоход хэрэглэгдэж байгаа ойлголтуудыг илэрхийлж байгаа. Зүйрлэж хэлбэл, манай нийгэм нь 6368 эд ангиас бүрдсэн машин юм. Эдгээр эд ангиуд нь бүгдээрээ логик холбоотой бөгөөд бүгд нийлж байж нийгэм гэдэг нэг том системийг бүрдүүлж буй. Нэг эд анги нь ажиллахгүй бол систем бүхэлдээ ажиллахгүй болно гэсэн үг.
Гэтэл эдгээр олон ойлголтуудыг нэг мөр, нэгдмэл утгаар хэрэглэхэд чиглэсэн шийдэл нь гараагүй байгаагаас нийгмийн гишүүдийн дунд ойлголтуудын маш олон зөрчилдөөн үүсээд байна.
Тухайлбал, төр гэдэг ойлголтыг хүн болгон өөрөөр ойлгодог. Иргэний хөдөлгөөнийхөн, улс төрийн намууд мөн л өөрсдийнхөөрөө ойлгодог. Түүгээр ч барахгүй өөр өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгон тайлбар хийж ашигладаг. Ингээд миний зөв, чиний буруу гээд маргалдсаар, зөрөлдсөөр улмаар буруу, зөрүү шийдвэрүүдийг гаргаж бүтэлгүйтсээр байгаад нийгэм маань өөрт байгаа жаахан нөөцөө шавхаж тамирдаж унах гээд байна.
Жаахан зальтай, гүйлгээ ухаан илүүтэй улс төрчид, иргэний эрх ашгаар халхавчилсан хүнд гарууд хүртэл Үндсэн хуулийн хэдхэн үгтэй нэг өгүүлбэрийг, нэг зүйлийг барьчихаад түүгээрээ өөрсдийнхөө атгаг санаа, өчүүхэн эрх ашгаа халхалж байгааг та бид бэлхнээ харж байна. Тэд Монгол Улсын нийгмийн харилцааны өнцөг булан болгоныг зохицуулж байгаа цогц хуулиас хэдхэн өгүүлбэрийг халхавч болгон ашиглаж байна.
Жишээ нь байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг. Тэгвэл энэ өмчийг ашиглах эрх нь иргэн та бидний Үндсэн хуулийн 16-р зүйлээр баталгаажсан иргэн бүрийн эдлэх естой 18 эрхтэй яаж холбогдохыг бид мэдэж байна уу? 16-р зүйлд иргэн бүр таньж мэдэх, сурах, жагсах, хөдөлмөрлөх, бүтээх, эд хөрөнгө олж авах, үр шимийг нь хүртэх эрхтэй байхаар тогтоосон. Гэтэл байгалийн баялгийг бүгдээрээ тэгш хувааж хүртэх ёстой гэдэг Үндсэн хуульд байхгүй үзлээр байгалийн нөөцөнд суурилсан эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрхэнд төр болон бусад иргэд халдаж томоохон зөрчилдөөн үүсгэж байна.
Ийм л учраас Үндсэн хуулийн заалт, үг, өгүүлбэр болгоныг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болгоход чиглэсэн шийдлийг зайлшгүй олох хэрэгцээ бидний өмнө тулгараад байгаа юм.
-Ингэж нийгмийн эрх ашгаар халхавчлан тоглолт хийх боломжийг олгоно гэдэг бидний мэдлэг боловсролгүйд байна уу, эсвэл бидний сэтгэлгээнд учир байна уу?
-Бидний сэтгэлгээнд хамаг учир байна. Бидний сэтгэлгээ бол байнгын өөрчлөгдөж байдаг, эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицож нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хэв маягаас эхтэй гэж боддог. Үүнийг бид нүүдэлчний сэтгэлгээ гэж нэрлэе. Ази, Африкийн нүүдэлчдээс их өөр шүү.
Бидний энэ сэтгэлгээнд олон давуу талууд бас олон сул талууд байна. Тийм ч байх ёстой байх. Давуу тал нь шийдвэрийг хурдтай гаргадаг, танин мэдэхдээ шаламгай, дасан зохицох чадвар сайтай. Эдгээрийн хажуугаар сэтгэлгээ нь цэгцгүй, бас тууштай биш. Чухам энэ сүүлийн хоёр шинжүүдийг би нүүдэлчин ахуйгаасаа өвлөж авсан сэтгэлгээний сул тал гэж хардаг. Аливаа асуудлыг бүтнээр нь, том зургаар нь хардаггүй. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин араншинтай. Шуудхан хэлэхэд хоноцын сэтгэлгээтэй. Нүүдэлчдийн сэтгэлгээгээр л бүх асуудалд ханддаг нь өөрсдөд нь эргээд гай тарьж байна.
Албан байгууллага, компани дээр хар л даа. Ихэнх ажилтан хэдэн төгрөг л авах гэж ажилд орж байгаа шүү дээ. Байгууллагаа, цаашлаад нийгмээ бүтнээр харж чадаж байна уу, тэр хүн. Би лав эргэлзэж байна. Тэр битгий хэл манай хэдэн улс төрчид хүртэл нийгмээ бүтнээр нь харж чадаж байна уу? Монголынхоо нийгмийг төдийгүй Зүүн Хойд Азийг, дэлхийн эдийн засгийг, сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлагыг, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал уялдааг томоор, бүтнээр нь харж чадаж байна уу? Харамсалтай нь үгүй л болов уу. Яаж бүтнээр нь, цогцоор нь харах аргаа ч мэдэхгүй байна.
-Таны бодлоор энэ гажуудлыг засахдаа юунаас эхлэх вэ?
-Нийгмийн загварын, өөрөөр хэлбэл нийгмийн дүр төрхийг бүрдүүлж байгаа хэв шинжүүдийн тухай ойлголтоо нэг болгохоос л бүх зүйл эхлэх нь зүйтэй байх. Манай нийгмийн дүр төрхийг тодорхойлсон албан ёсны шийдвэр бол Үндсэн хууль мөн. Иймд Үндсэн хуулиар тогтоосон суурь зарчим, хэв хэмжээний талаар ойлголтоо нэг болгох хэрэгтэй байна. Ингээгүй цагт бидний хамаг нөөцийг байнга шавхдаг олон олон зөрчилдөөн бидний дунд үүссээр байх болно.
Системийн онол, системийн инженерчлэл гэдэг шинжлэх ухааны харьцангуй шинэ салбарт шинэ арга, аргачлал бий болсноор бидний оюун санаа дахь зарим хийсвэр ойлголтуудыг, тэр дотроо нийгмийн тодорхой зорилготой үйл ажиллагааг дүрслэх, зураглах боломж бүрдээд байна. Шинжлэх ухаан хөгжиж байгаагийн маш том давуу тал ч гэж болно.
Үүнийг бид ашиглах ёстой. Тэгээгүй цагт өнөө л нүүрс, зэс, алт, улс төрчдөө ярьсан хүмүүс хэвээрээ үлдэж хоцрогдоно. Бидний байнга ярьдаг түгжрэл, нүүрс, зэс, алт, өмхий үнэр, утаа, боловсрол, эрүүл мэнд, авилгал, гэмт хэрэг гээд ойлголтууд чинь бүгд нэг сэжмээр хоорондоо холбогдчихсон байдаг. Тэр холбоос нь та бидний сэтгэлгээ. Ийм учраас та бид сэтгэлгээгээ цэгцэлж байж энэ бүхнийг бүтнээр нь, цогцоор нь харахаас өөр арга байхгүй. Үүний нэг адил Үндсэн хуулиар тодорхойлсон нийгмээ бид олон өнцгөөс харж байгаагаа цэгцэлж, нэг янзаар ойлгодог болох шаардлагатай. Ядаж л тийм оролдлого, санаачилга гаргах хэрэгтэй мэт санагдах юм. Иргэн ч бай , улс төрийн намууд ч бай, эрх баригчид ч бай ялгаагүй бүгд бүх шийдвэрээ Үндсэн хуулийн үзэл баримтлалтай яв цав нийцүүлж гаргах ёстой. Үндсэн хуулийн аль нэг өгүүлбэрт нь эсвэл заалтад биш шүү. Тэгэж байж л Үндсэн хуулиар тодорхойлж баталгаажуулсан зорилгоо нийгэм маань хэрэгжүүлж чадна. Бид үүнийгээ хийгээгүй байж нийгэмд болж байгаа бүх сайн муугаа, бүтэлгүйтлээ хүртэл Үндсэн хууль руу чихдэг хандлагатай болчихлоо.
Байшинтай болох мөрөөдөл, зорилготой хүний хийдэг үйлдэлтэй харьцуулбал барих гэж байгаа байшингийнхаа загварын зураг төслийг Үндсэн хуулиар тогтоочихсон гэсэн үг. Гэтэл тэр зураг төслийнхөө дагуу байшингаа бариагүй байж энэ хууль муу юм байна, ерөөсөө л загвараа өөрчлөе гээд байж таарахгүй биз дээ. Манайд яг л ийм нөхцөл үүсээд байна. Олон олон хуулиуд, тэдгээрийн дотор 1990-ээд оны эхээр баталж гаргасан хуулиуд нь Үндсэн хуулийн үзэл баримтлал гэхээсээ илүү бидний хуучин нийгмийн үед хэрэглэдэг байсан хэвшмэл ойлголтууд дээр суурилан гаргасан хуулиуд байгаа юм билээ. Засгийн газрын тухай, Улсын Их хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай гээд олон хуулиуд.
-Системийн аргыг хэрэглэснээр бид нийгмийн тухай ойлголтоо хурдан цэгцлэх боломжтой юу?
Системийн онол, системийн инженерчлэлийн аргыг байгууллагын түвшинд хэрэглэх нь ихээхэн ач тустай гэдгийг олон байгууллага, компани ойлгож эхэлж байна. Түүгээр барахгүй улс, нийгмийн түвшинд хэрэглэх хэрэгцээ шаардлагын талаар нэлээд ярьж бичдэг болжээ. Энэ бол бидэнд асуудал байна гэдгээ ухамсарлаж, ойлгож эхэлсний шууд илрэл гэж хэлж болно.
Аливаа нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүлэг хүмүүсийн байнгын үйл ажиллагааг тогтолцооны загварт оруулах боломжтой төдийгүй тийм арга аргачлал нэгэнт бий болжээ. Тэдний нэг нь манай тохиргоотой угсардаг систем / ТУС/ -ийн загварчилах аргачлал юм.
Энэ аргачлалыг ашиглаад янз бүрийн үйл ажиллагааг нүдээр харж болохуйцаар нэг хавтгай дээр дүрслэлд оруулах боломжтой болсон. Хүмүүс тодорхой дүрсэлсэн, цаасан дээр буулгасан нэг зорилготой загвар харж байгаад хэлэлцэх нь нүдээрээ хаа хамаагүй, өөр өөр юмсыг эсвэл бие биенээ харж байгаад хэлэлцэж ярилцахаас хамаагүй илүү үр дүнтэй төдийгүй хурдтайгаар нэг ойлголтод хүрдэг. Нөгөө талаар зураглалаа ашиглаж байгаад өмнөх шийдлүүдээ мөн л хамтын хэлэлцүүлгээр байнга сайжруулаад байх боломжтой. Энэ системийн загварыг ашиглаад ямар ч тогтвортой үйл ажиллагааг, жишээлбэл: Үндсэн хуулиар тогтоосон үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны загварыг зурчихаад тал талаасаа ярьвал ойлголтыг нэгдмэл болгох нь тийм ч хэцүү процесс биш.
-Таны тэргүүлдэг Залуу судлаачдыг дэмжих сан ийм судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгийн талаар танилцуулаач?
-Бид судлаачдын судалгааны багийг 2018 онд бүрдүүлээд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дүрслэл, загварын хэлбэрт оруулах гэж оролдсон. Боломжтой юм билээ.
Судалгааны тайлан, дүгнэлтийг олон нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор тус сангийн вэбсайтад байршуулсан байгаа. Хэн ч танилцах боломжтой шүү. /Энд дарна уу/ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дээр дурьдсан аргачлалыг ашиглан загварт оруулаад тэр загвараа “Хэт” 16 гэж нэрлэсэн.
ХЭТ гэдэг нь хүний эрх төвтэй гэсэн үгүүдийн товчлол. 16 гэдэг тоо нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн бүрт хамааралтай, баталгаажсан, хамгаалсан иргэний эрхүүдийг илэрхийлж буй.
Энэ заалтад заасан эрхүүдийн цаана ардчилалын нэр доор бидний сайтар таньж мэдээгүй хүний эрхийн тухай ойлголтууд биш, харин ямар ч хүн амьд байх, амьдрахад заавал хангагдаж байх учиртай, байгалиас заяагдсан бодит хэрэгцээнүүд байгааг бид сайтар ухамсарлах хэрэгтэй. Манай Үндсэн хуулийн 16-р зүйлээр иргэн бүрийн баталгаатай эдэлбэл зохих 18 эрхийг баталгаажуулсан юм билээ. Хөдөлмөрлөх, амьд явах, сурч боловсрох, бодол санаагаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, эд хөрөнгө олж авах, эдлэх хэрэглэх гээд байгалиас заяагдмал хэрэгцээнүүд байгаа биз. Ийм заяагдмал хэрэгцээнүүдийг “эрх” гээд нэрлэчихээр ямар нэгэн хаан эсвэл аль нэг засаг төрийн түшмэлийн өгдөг зөвшөөрөлтэй хольж хутгаж ойлгодог бидний сэтгэлгээний хэвшмэл дутагдал бийг энд дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.
Хүний заяагдмал хэрэгцээг хэн нэгний өгдөг, олгодог зөвшөөрөл мэтээр ойлгодог буруу ойлголтоосоо салах цаг болчихлоо шүү дээ. Харин ийм заяагдмал хэрэгцээ нь баталгаатай хангагдаж байдаг нийгмээ л бид хүмүүнлэг, ардчилсан нийгэм юм гэж ойлгож хэвшмээр байгаа юм. Нөгөө талаар ийм нийгмийг байгуулах, үр шимийг нь хүртэх, улмаар нийгмийнхээ тогтолцоог өөрсдийнхөө болон бусдын санаатай болон санаандгүй халдлагуудаас хамгаалдаг байх, үүний тулд иргэн бүр идэвхи зүтгэл гаргаж тэмцэх шаарлагатай мэт.
Идэвхитэй байна, тэмцэнэ гэдэг бол бид бүгд Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд яв цав захирагдаж хэвших, энэ үүднээс бие биенийхээ өмнө үүрэг хүлээж сурахыг хэлээд байгаа хэрэг.
Ийм үүргийн тогтолцооны үзэл баримтлал нь мөн л манай Үндсэн хуульд туссан байгаа юм. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлээр иргэн бүр бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг юм билээ. Үүн дээр нь нэмж хэлэхэд Иргэдийнхээ 16 дугаар зүйлд заасан эрхийг баталгаатай эдлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төрд Үндсэн хуулийн 19 дугаар зүйлээр ногдуулсан байдаг.
Аливаа тогтолцооны зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч бүр тодорхой үйлдлүүдийг заавал гүйцэтгэж байж тухайн зорилго хэрэгждэг. Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагаанд оролцогч бүр үүрэг хүлээн, гүйцэтгэж байж сая нэг зорилгодоо хүрнэ гэсэн үг. Машины эд ангиудын араа шүд болгон нь тодорхой үүрэг гүйцэтгэж, хоорондоо уялдаатай хөдөлдөгтэй ижилхэн. Тогтолцоонд үүрэг хүлээдэггүй оролцогч байвал тэр оролцогч нь тухайн зорилгыг хэрэгжүүлснээр бий болох үр шимээс хүртэх эрхгүй байх ёстой хэмээн системийн онолд сургадаг. Тэр бүү хэл тэрхүү эрх хүлээдэггүй оролцогч нь тухайн системийн үйл ажиллагаанд юу юунаас илүү хортой үйл ажиллагаа явуулдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Энгийнээр хэлэх юм бол Үндсэн хуулийн 16-р зүйлээр баталгаажсан иргэний эрх нь бусад хүмүүсийн хүлээх үүргээр хангагддаг гэсэн үг.
Дээрхи судалгааны үр дүнд Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлалд суурилсан нийгэм маань зорилгоо хэрэгжүүлэх чадвартай, системийн суурь хэв шинжийг бүрдүүлсэн юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
-Тэгвэл ийм боломжийн загвартай хэрнээ манай нийгэм асуудлаар дүүрэн байгаа юм бэ?
-Бид үүнийг нарийвчилж судлаж дүгнэлт гаргаж чадаагүй л байна. Гэхдээ нэг оролдлого хийж Үндсэн хуулиас гадна бусад салбар хуулиуд Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд байна уу? Байгаа бол хаана байгаа талаар авч үзлээ.
Ингээд манай нийгмийг бүхэлд нь бухимдалд хүргээд байгаа олон асуудлууд нь дараах хүчин зүйлүүдээс үүсч байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа.
Нэгдүгээр шалтгаан: Улс төрийн намууд ямар ч үүрэг хүлээдэггүй. Монгол улсын Үндсэн хуулийн хамгийн эмзэг сул тал нь ч энэ байх. Болдогсон бол хамгийн түрүүнд үүнийг засмаар байгаа юм. Улс төрийн намууд төрийн эрх барих эрхийн төлөө өрсөлддөг, төрийн эрх барьдаг бүтэц шүү дээ. Үүрэггүй учраас хариуцлага тооцож болдоггүй. Үүрэг хүлээдэггүй байгаад зогсохгүй, төрийн бүтцэд оронгуутаа өөрсдийгөө баахан эрх дархаар хуяглацгаадаг. Тийм хуулиудыг улам олноор нь үйлдвэрлэн гаргаж байгааг та бид мэдэж байгаа. Ийм учраас жирийн иргэдийн хажуугаар гэмт хэрэгтнүүд, дарангуйлагчид, луйварчингууд нь нам руу очоод бүгэж байна. Өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэсэн эдгээр нөхөд л намын ивээлд орж, төрийн нэрээр өөрийгөө хамгаалуулдаг нь нууц биш. Бүр цаашилбал өөрийн хувийн ашиг сонирхлоо төрөөр, намаар дамжуулж хүнтэй тооцоо боддог, унагадаг зорилгоо биелүүлж байна.
Хоёрдугаар шалтгаан: Манай ихэнх хуулиуд 90-ээд оны эхэн үед гарсан. Тэр үед гарсан хууль Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд захирагдаагүй, хуучин нийгмийнхээ сэтгэлгээнд баригдаж гаргасан. Дарга нар маань манийгаа удирддаг, захирдаг байх ёстой гэж үздэг бидний хэвшмэл ойлголт. Тэр нь юугаар илэрч гарч байна вэ гэхээр Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төр дандаа үүрэг хүлээхээр заасан хэрнээ Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай хуульд дандаа эрхтэй байхаар заачихсан. Бидний төрийн гурван өндөрлөг гэж нэрлэдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохицуулдаг хуулиудад тэдгээр албан тушаалтнуудад хүлээлгэдэг, хэмжиж болдог үүргүүд огт байдаггүй.
Гуравдугаар шалтгаан: Хууль боловсруулан батлан гаргах ажлыг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлдэггүй, хоноцын сэтгэлгээтэй явуулын түшмэлүүдийн үзэмжинд даатгацгаасан учраас хоорондоо үзэл баримтлалын болон утга санаа, ойлголтын маш их зөрчилдөөнтэй хуулиуд гарч байна. Ийм учраас иргэд, түшмэлүүд, шүүх, прокурорууд, улс төрчид хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлан хэрэгжүүлдэг болсон нь нийгэмд маш их бухимдал үүсгэж байна.
-Өндөр хөгжсөн орнуудад төр засаг нь бүгд үүрэг хүлээдэг шүү дээ. Гажуудал нь энд байх нь ээ?
-Хариуцлага хүлээдэггүй, ямар нэг үүрэггүй оролцогч тогтолцоонд орчихоороо системийг эвдэж гажуудуулдаг. Бугуйн цаг дотор тоос ч юм уу ус ч юм уу орчихвол тэр цагийг эвдэж орхидог доо. Түүнтэй л адил. Бидний амьдралд тохиож байгаа хамгийн эмгэнэлтэй жишээг хэлье.
УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх эрхтэй” гээд хар дээр цагаанаар биччихсэн байна. Уг нь энгийн логикоор бодоход л үүрэгтэй байх ёстой биз дээ. Ингэж гишүүд маань аливаа үүрэг хүлээхээс бүхий л боломжит аргаар зайлсхийж ямар ч хяналтгүй болчихсон, бас өөрсдөдөө зориулаад ийм л хууль гаргаж байна шүү дээ.
Бас “УИХ-ын гишүүн нь ажил үүргээ гүйцэтгэхдээ нийгмийн нийтлэг эрх ашгийг харгалзан үзэх эрхтэй” гэчихэж. Энэ чинь ариун явдал мөн үү? Харгалзан үзэх эрхтэй биш үүрэгтэй л байж таарна шүү дээ. Бүр нарийн яривал харгалзан үзэх биш харин ч тэд нийтийн эрх ашгийн төлөө л бүхнээ зориулна хэмээн амлаж сонгогдсон учраас тэдний аливаа үйлдэл нь нийгмийн эрх ашигийн төлөө зорилгод захирагдаж байх ёстой бус уу?
Мөн “Бусдын алдар хүндийг хүндэтгэх эрхтэй” гээд заачихсан. Ийм юм байж болох уу? Засгийн газрын хуульд нийгмээ удирдана гээд заачихсан л тууж яваа. Тэгэнгүүт сэлэм жад эргүүлдэг сэтгэлгээтэй түшмэлүүд нь манийгаа удирдана гээд өнөө хэдэн чадахгүй байгаа бусад түшмэлүүдээ тойруулж суулгачихаад баруун солгойгүй загнаад, хашгираад л, шоудаад явж байна.
Яагаад ийм эмгэнэлтэй нөхцөл байдал үүсээд байна? Энд хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Эцэстээ бид мэдлэггүй, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас улс төрчдөд сул тал дээрээ тоглолт хийх боломж өгөөд байгаа хэрэг.
-Бүх хүмүүс нэг мөр ойлгодог загвартай болох үйл явц хэцүү юу?
-Хүн бүр хичээвэл нэг мөр загвартай болох нь боломжтой төдийгүй тийм ч хэцүү биш гэж үзэж байна. Манай нийгмийг машин байна гээд бодоод үз дээ. Толгойд чинь юу бууж байна? Араа, дугуй, кузов, мотор гэх мэтийн төсөөлөл буюу хэв шинжүүд хүн болгоны оюун санаанд буудаг даа. Машины тухай ойлголт байгаа биз. Тийм учраас хоорондоо машины тухай хүмүүс хоорондоо ярьвал 100 хувь биш юмаа гэхэд 80 хувь баттай ойлголцож чадна. Үүнтэй л ижилхэн шүү дээ. Ямар ч ойлголтыг дүрслэж зурах замаар системийн загвар руу оруулаад тэр зургаа хараад хэлэлцэж ойлголцож болно.
Юутай ч бид Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийж загварыг нь гаргалаа. Иргэд та бүхэн ийм загварыг харж санаа оноогоо хэлж, ойлголтоо нэг болгох цаг нь болсон гэдгийг хэлмээр байна. Тэгэж байж энэ жүжиглэдэг, попордог улс төрчдийн замбараагүй үйлдлүүдийг хазаарлана, тэднийг иргэдийн хяналтад оруулна. Системийн загвар ашиглан бидний гаргасан Үндсэн хуулийн үзэл баримтлалын загвар төгс биш. Учир дутагдалтай зүйлс олон байгаа байх. Гэхдээ огт загваргүй байснаас буруу ч гэсэн ямар нэг загварыг хэрэглэсэн нь дээр. Яагаад гэвэл бид тэр буруу загвараа байнга сайжруулсаар байгаад бүр илүү сайн загвартай болно.
Ингэж нэг зүг харж хөдлөхгүй бол 3 сая загварыг оюун санаандаа агуулсан 3 сая хүн хоорондоо маргалдсаар, савалсаар хамаг нөөцөө барна. Барсаар ч байгаа.
-Ингэхэд монголчууд бид өмнө нь ямар нийгмийн загвараар явж ирсэн юм бэ?
-Монголчуудын бүтээсэн хамгийн анхдагч нийгмийн загвар нь Монголын нутаг дээр оршин тогтнож байсан эзэнт гүрнүүдийн үед гарсан загварууд л юм уу даа. Тэр үед тухайн үеийн нийгмийн харилцааг тодорхойлсон хамаг загвар, шийдэл тэр эзэн хаан хүний оюун санаанд л байсан юм болов уу. Хааны зарлиг, шийдвэрээр баталгаажсан, албажсан нийгмийн загварт хүн бүр захирагддаг байсан. Түүнээс хойш бид Манжийн толгойд захирагдсан гашуун түүх бий. Дараа нь Хятадын, Оросын толгойд захирагдсан. Ингээд 1990 онд өөрсдийн толгойтой болж Үндсэн хуулиар нийгмийн харилцааныхаа үндсэн хэв шинжүүдийг тогтоосон ч өнөөг хүртэл бүгд хүлээн зөвшөөрсөн нийгмийн загвараа гаргаж чадахгүй л байна. Одоо бид нийгмийнхээ тухай салангид, тархай бутархай ойлголтуудаа нэгтгэж нэг ойлголттой болох цаг нь болжээ. Тэр загвар нь төгс төгөлдөр байх албагүй. Тийм загвар ч хорвоо дээр байдаггүй гэж би итгэдэг. Тэгэхдээ бусад улс орнуудыг хар даа.
Бусад улс орнууд нийгмийнхээ өмнө тулгарсан болох, болохгүй байгаа асуудлаа засаж янзалсаар байгаад тогтолцоогоо овоо засаж янзлаад авчихаж байна.
Харин бид алдаа дутагдлаа нуугаад л, бусад руу чихчихээд явдаг улс. Алдаа гаргасан хүнээ шоронд хийгээд л санаа амарчихдаг. Нөгөө хуулийн цоорхойгоо бөглөх, дахин хулгай, луйвар гарахгүй байхуйцаар доголдол, дутагдлаа засах ажил маань хаана байна? Чухам ямар шалтгааны улмаас алдаа, дутагдлууд гарав?, түүнийг яаж засаж залруулах вэ? гэдэг асуултууд хариултгүй байсаар л байна. Мөн л бидний сэтгэлгээний сул тал юм даа.
Барууны орнууд, Зүүн өмнөд Азийн орнууд түүхээ сайн бичдэг, болсон болоогүй асуудлаа ярилцаж маргадаг. Янз янзаар шинэ онолыг гаргаж ирээд туршаад үзэж байна. Болохгүй бол хуучин загвараа өөрчилж байна. Миний баттай мэдэж байгаа өндөр хөгжсөн орнуудын иргэдийн сэтгэлгээ биднийхээс хамаагүй илүү цэгцтэй байна.
-Манай нийгмийн нээлттэй байдаг нь бидэнд ямар давуу тал болж чаддаг болов уу?
-Энэ хорвоо, дэлхий дээр асуудалгүй нэг ч хүн, нэг ч нийгэм, байгууллага, гэр бүл байхгүй. Асуудал бидний цэгцгүй сэтгэлгээний үр дагавар. Бидний бүтээгдэхүүн, хүүхэд гэж ч нэрлэж болох байх. Асуудал тулгарна гэдэг нь бид, би ямар нэгэн хийж байгаа зүйлийнхээ төлөвлөлт, хэрэгжилтэн дээр аль нэг оюуны шийдлийг дутуу гаргачихсан хэрэг. Өөрөөр хэлбэл дутуу судалсан, дутуу төлөвлөсөн, дутуу хэрэгжүүлсэн гэсэн үг. Харин тулгамдсан асуудлаа нуудаг газар их бий. Жишээлбэл манай хуучин нийгэм. Бүх юм сайхан байна гэж худлаа хэлж, ард түмнээ төөрөгдүүлж сурталддаг. Манай өнөөгийн нийгмийн хамгийн том давуу тал нь бид бүгдээрээ асуудалтай гэдгээ мэдэж байна. Мэдэж байгаа учраас бүгдээрээ бухимдаж, шийдэл хайж байна. Энэ бол агуу том давуу тал мөн. Одоо харин шийдэх арга замаа л цэгцтэй болгох хэрэгтэй.
-Иргэн хүн тухайн нийгмийнхээ талаар мэдлэгтэй байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Өөрийнхөө мэдлэгийг сорьж үзье гэвэл энэ нийгмийнхээ талаар ойлголтоо дүрсэлж зурах гээд оролдоод үз. Хэрэв нэг минутын дотор зурж чадахгүй бол “Би энэ нийгмийнхээ загварыг мэддэггүй юм байна” гэсэн дүгнэлтийг Та баттай хийж болно. Мэдээж мэддэггүй гэдгээ мэдсэн юм чинь мэдэж судлах ёстой шүү дээ. Ядаж л Үндсэн хуулиа уншиж судлах хэрэг гарна даа. Ингэж нийгмээ танин мэдэх, улмаар сайжруулах ажлаа хийцгээе гэж уриалахаар бид урдах ажлаа хийгээд завгүй байна гэдэг. Завгүй гэдэг бол ердөө л шалтгаан нь шүү дээ. Ажил хийнэ гэдэг судалгаа шүү дээ. Таньж мэдэх зүйлээ хийгээгүй хүн ажлаа хийж чадах уу. Энэ бол ердөө л шалтаг, шалтгаан биш. Магадгүй аргаа мэдэхгүй байж болно. Ядаж аргаа мэдэхийн төлөө танин мэдэх аргуудад суралцах ёстой. Харин мэддэг дүр эсгээд худлаа хашгираад, шүүмжлээд суугаад байж таарахгүй.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.