Д.Жаргалсайхан: Сэтгэлгээ нь цэгцгүй учраас бид аль нэг улс төрчийн хэлсэн үгэнд шууд итгэдэг

Х.Оргил
12 сарын 10, 2020

"ТУС солюшн ХХК"-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хийж буй цувралаар ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв бол дүгнэлт. Дүгнэлтийг олон талаас нь тайлбарласан энэхүү ярилцлага ирээдүйд таныг амжилтад хүрэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж байна. Судлаачийн ярилцлагыг ул суурьтайгаар тухлан уншина уу.

-Дүгнэлт гэж юу юм бэ? Бид яагаад дүгнэлт хийдэг юм бэ? 

Хүн аливаа үйлдлийг хийх, үг хэлэхийн өмнө тухайн хийх үйлдэл болон үгийнхээ утга учрыг өөрийнхөө оюун санаанд эргэцүүлэн боддог байх ёстой. Үүний дараа л үгээ хэлж, үйлдлээ хийх учиртай. “Бодно” гэдэг нь цөөхөн хэдхэн үсгээс бүрдсэн үг боловч тодорхой алгоритмын дагуу нарийн дарааллаар явагддаг, өөрийн гэсэн дэг жаягтай, хариуцлагатай хийгддэг олон үйлдлүүдээс бүрддэг. Энэ бүх шат дамжлагуудыг алдаагүй хийж, бодож сэтгэсний үр дүнд гарч байгаа үр дүнг “Дүгнэлт” гэж тодорхойлдог. 

Дүгнэлтийг мэдлэг гэж ч нэрлэж болно. Жишээлбэл, хүнд дараагийн үйлдлээ хийхийн тулд баттай үнэн зөв гэж үзээд тулах дотоод итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Энэ хүнд итгэж болох уу үгүй юу гэдэг асуултад бид байнга л хариулт эрэлхийлдэг. Тэгвэл энэ асуултад хариулт олох процессыг дүгнэлт хийх гэж нэрлэж байгаа хэрэг. Аливаа зүйл, юмс үзэгдлийг дүгнэхээс өмнө заавал танин мэдэх процесс явагдах естой.  

Хүн амьд байх, амьдрахын тулд зайлшгүй хангах естой хэрэгцээнүүдтэй байдаг. Улмаар эдгээр хэрэгцээгээ хангах арга замыг байнга эрэлхийлдэг төдийгүй тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл, цангахаараа шингэн уух, өлсөхөөрөө юм идэх, асуудалтай тулахаараа юм сурах зэрэг хэрэгцээгээ мэдэрч, улмаар хэрэгцээгээ хангахад чиглэсэн үйлдлүүдийг хийдэг. Тухайн хэрэгцээ бий болсон эсэхийг бид байгалиас заяасан өгөгдөл  цуглуулдаг эрхтэнээрээ дамжуулан мэдэрдэг. Тухайлбал хамар, ам, нүд, чихээрээ болон бусад мэдрэх эрхтэнээрээ хүн секунд тутамд 11 сая тэмдэгт хүлээж авдаг гэсэн мэдээлэл бий. Энэ бүхнийг өгөгдөл буюу дата гэдэг. Танин мэдэх процесс нь өгөгдлийг цуглуулж боловсруулахаас эхэлдэг. 

Нэг энгийн жишээ авъя л даа. Тодорхой бүлэг хүмүүсийн амьдралыг танин мэдэхийн тулд  бид эхлээд тэдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь ангилдаг. Гэхдээ ингэж ангилчихлаа гээд хэрэгтэй зүйлээ хангалттай танин мэдчихэж байгаа хэрэг биш. Байгаа ангилсан өгөгдлүүдийнхээ хоорондын хамаарлыг нь олж тогтоох  ёстой. Үүний дараа өгөгдөл нь мэдээлэл болж хувирдаг. Үүний дараа мэдээллийг иж бүрнээр нь ангилж, мөн л ангилсан мэдээллүүдийн хоорондын хамаарлыг тогтооно. Ингэснээр мэдээлэл маань мэдлэг болж хувирч байгаа хэрэг. Мэдлэг бол хүний нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй мөртлөө оюун санаанд бий болсон хийсвэр ойлголтуүдын нийлмэл цогц юм. Чухам ингэж бий болсон мэдлэг дээр суурилсан шийдвэр нь хэрэгжих чадвартай байдаг. 


-Бид хийсэн дүгнэлтийнхээ зөв, бурууг мэдэх боломжтой юу? Үүнийг юугаар хэмжих вэ?

-Хүн бараг алхам тутамдаа дүгнэлт хийх хэрэгцээтэй тулгарч байдаг. Жишээ нь, бид нийгмээ хоцрогдсон эсвэл хөгжсөн гэж, байгууллагаа сайн, муу гэж, амьдралын ханиа хайртай, хайргүй гэж, хүүхдүүдийнхээ зан авирыг буруу, зөв гэх мэтээр дүгнэлтүүдийг байнга хийж, маргалдаж, заримдаа бухимдаж эсвэл баярлаж бахархдаг. Сонгуульд оролцож саналаа өгөхдөө ч гэсэн тухайн нэр дэвшигчийн талаар энэ сайн эсвэл муу хүн гэсэн дүгнэлтийг бид оюун сэтгэлгээндээ тунгааж дүгнэчихээд санал өгдөг шүү дээ. Ингэж дүгнэлт хийсний үндсэн дээр дараагийн үйлдлээ хийдэг. Ийм л учраас бид ер нь дүгнэлт хийж чадаж байгаа эсэх, дүгнэлт хийхдээ танин мэдэх аргуудыг ашиглаж байгаа эсэхээ шалгаж үзэх ёстой. Хуудуугүй хийсэн дүгнэлт таныг амжилт өөд гарцаагүй хөтөлнө

Дүгнэлт хийхийн тулд таны олж авсан өгөгдөл, мэдээ бүхэн үнэн байдаггүй. Эдгээр өгөдөл, мэдээний бодитой эсэхийг байнга шалгаж нягтлах ёстой. Тэгэхгүй бол бодитой бус өгөгдөл нь хуудуутай  мэдлэг болж, улмаар буруу шийдвэр гаргахад хүргэж танд өч төчнөөн  асуудал үүсгэдэг. Үүнээс харвал ирээдүйд аль болох цөөн асуудалтай байя л гэвэл үнэн, бодитой өгөгдөл цуглуулах хэрэгтэй нь харагдана.

Дараа нь тодорхой арга, аргачлалаар өгөгдлөө боловсруулах ёстой. Буруу боловсруулвал дахиад л өнөөх асуудал үүснэ. Тэгвэл та өгөгдлөө цуглуулж, боловсруулж чадаж байна уу гэж өөрөөсөө нэг асуу. Дараа нь үүнийгээ өөрөө үнэлж, сорьж үзэх хэрэгтэй. Дараах асуултуудад та бодитойгоор хариулах  замаар та өөрийнхөө шийдвэр гаргах чадварыг сориод үзэхэд гэмгүй. Үүнд: 

- Дүгнэлтийг ашиглаж байгаа мэдээллээ шалгадаг уу ? 

- Дүгнэлт хийж байгаа зорилгоо мэддэг үү? 

- Таны олж дуулсан дүгнэлтийг хийж байгаа хүний мэдлэгийн цар хүрээг та мэдэх үү? 

- Хуудуугүй дүгнэлт хийхэд зориулж  цаг хугацаа зарцуулдаг уу? 

- Тухайн дүгнэлтийг хийснээс үүдэн хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарлаж ойлгодог уу? 

- Нийгмийн эсвэл хамт олны зүгээс таны хийж буй тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх магадлалыг тооцдог уу? 

-  Дүгнэлтийн үнэн бодитойг хэмжих хэмжүүр танд байна уу? гэх мэтээр үргэлжлүүлж болно.


-Бид олон асуудал дээр нийгмээрээ туйлширсан дүгнэлт гаргадаг ард түмэн. Энэ нь асуудлыг хэтэрхий өнгөц харж дүгнэлт хийдэг гэсэн үг үү?

-Дүгнэлт хийх нь ийм төвөгтэй учраас ихэнхи тохиолдолд хүмүүс оюун ухаандаа тунгааж үздэггүй, дүгнэлт болон шийдвэрүүдээ яаруу, сандруу гаргаснаар өөртөө болон өрөөлд асуудал үүсгэдэг. 

Монголчууд бидний нийтлэг алдаа бол хов жив, явган ярианд суурилж дүгнэлтүүдийг амархан хийчихдэгт байгаа юм. Үүнийхээ горыг ч хангалттай амсдаг.

Шуудхан хэлэхэд залхуу учраас хэн нэгэн хүний өгсөн мэдээллийг шалгадаггүй, сэтгэлгээ нь эмх цэгцгүй л байна гэсэн үг.

Сэтгэлгээ нь цэгцгүй байгаад олон шалтгаан бий. Жишээ нь нийгмийн тогтолцоо солигдсон ч хуучин нийгмээс авсан хуучин ойлголтуудаа одоо болтол хэрэглээд явж байна. Энэ сэтгэлгээний доголдол нь төрийн тухай ойлголт дээр бүр илт харагдана. Хүн өөрийн асуудлаа өөрөө шийдвэрлэх ёстой байтал өмнөөс нь төрийн албан хаагч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хийх ёстой юм шиг ойлгодог. Хуучин нийгэмд төр бидний өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг, бараг л хаана, хэзээ, бараг бие засахыг хүртэл заадаг байснаас үүдэн тийм хэвшмэл ойлголттой болчихоод түүнээсээ одоо болтол салж чадахгүй байх шиг. Гэтэл өнөөгийн нийгмийн төрд ийм үүрэг байхгүй. Нэгэнт л хүн төрийн төлөө биш, бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө амьдардаг учраас өөрийн асуудлаа өөрөө л шийдэх учиртай. Харин өөрөө дангаараа оролдоод шийдэж чадаагүй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нийтлэг арга замуудыг хайх, олж тогтоох нь төрийн үүрэг юм.  

Сэтгэлгээ нь цэгцгүй учраас бид аль нэг улс төрчийн хэлсэн үгэнд шууд итгэдэг, дараа нь  10 минут ч болоогүй өрсөлдөгч нь өөр юм ярихаар өмнө нь үнэн гэж итгэсэн зүйлээ өөрчилдөг. Ингэхээр  тэр хүнд өөрийнх нь итгэл үнэмшил байхгүй нь харагдаж байгаа биз.  Гэтэл бидний энэ залхуу занг, өөрийн итгэл үнэмшилгүй, гуйвамтгай байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, өөрийнхөө зорилгодоо ашиглаад байна. Ялангуяа сонгуулийн үеэр энэ аргыг хэрэглээд гаршчихсан. Тиймээс дутуу хагас, худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дээр суурилж дүгнэлт гаргаснаас огт дүгнэлт хийхгүй байх нь хамаагүй дээр.


-Улс төрчид бидний сэтгэлгээний сул талыг ашиглаж байгааг яаж зогсоож болох вэ? 

-Номгүй лам, сэтгэлгүй улс төрчид, шунахай наймаачид гээд олон бүлгүүд өөрийн гэсэн шүүлтүүргүй  бидний сэтгэлгээний сул талыг маш чадамгай ашиглацгаадаг. 

Дүгнэлт бол аливаа шийдвэр гаргахын өмнө заавал хийгддэг зорилготой логик үйлдэл. Энэ үйлдэлд гаднаас сайн, муу янз бүрээр нөлөөлж болно. Ихэнхидээ сайн санааны үүднээс туслах, заах, сургах, сэрэмжлүүлэх зэрэг зорилгоор нөлөөлдөг. Гэтэл бүр бусдын санаа бодлыг үймүүлэх, олон нийтийн санаа бодлыг самрах, эсвэл хүчирхийлэл үйлдэх зорилгоор ч нөлөөлдөг. Тийм учраас л бид тухайн хүний дүгнэлт хийж байгаа жинхэнэ зорилго, тэдний ашигласан мэдээллийн чанарыг шалгаж чаддаг байвал тэр л таны сэтгэлгээний шүүлтүүр, хамгаалалт гэсэн үг. Ийм чадварыг та өөрөө эзэмших нь бусдын нөлөөллөөс өөрийгөө хамгаалах хамгийн найдвартай арга юм. Яахав залуу зандан, нялх балчир байхад чинь эцэг эх, багш нар тусалдаг. 

Та хэн нэгний хийсэн дүгнэлтийг өөрийнхөө шалгуураар шүүхгүйгээр шууд хүлээн зөвшөөрөх нь эрт орой аль нь ч бай танд ямар нэгэн асуудал заавал дагуулна. Цаг хугацааны л асуудал.


-Хийж байгаа  дүгнэлтээр нь тухайн хүний сэтгэлгээг нь таньж болдог тухай дээр дурьдсан. Ийм чадварыг эзэмшихэд хэцүү юу? 

Хийсэн дүгнэлтийг нь шинжилж дүгнэх замаар тухайн хүний сэтгэлгээний хэв шинж болон араншинг баттай таньж болно.

Сэтгэлгээний хэв маяг дүгнэлтийн хэв маягаар илэрдэг. Тухайлбал, 

♣ Их ерөнхий дүгнэлт хийдэг хүний сэтгэлгээ нь их ерөнхий, барагтай бол асуудлын нарийн ширийн рүү ордоггүй гэсэн үг.  

♣Шинэ санааг эрс эсэргүүцсэн дүгнэлтийг байнга гаргадаг хүн бол аливаа өөрчлөлтөөс ихээхэн айдаг, хэвшмэл ойлголттой хүн байж таарна.  

♣ Бусдын гаргасан дүгнэлтүүдийг шууд хуулбарлан дуурайсан дүгнэлт хийдэг хүмүүсийн ихэнхи нь залхуу, бэлэнчилэх сэтгэлгээтэй байх жишээтэй.  

Алдаа мадаггүй дүгнэлтийг хийхэд сэтгэлгээгээ цэгцлэх, түүний дотор логикийн болон системийн сэтгэлгээний арга барилыг эзэмшсэн байх нь туйлын чухал. Ийм арга барилыг эзэмшсэн хүн баргийн хүнд, төвөгтэй  асуудлыг бүхлээр нь нэвт харж чаддаг. Мөн асуудал үүсгэж байгаа суурь шалтгааныг алдаа мадаггүй илрүүлэн дүгнэх чадвартай болно. Бусдын хийж байгаа дүгнэлтүүдийг задлан шинжилж танин мэдэх боломжуудыг ч бас өөртөө нээнэ. 

Ийм учраас сэтгэлгээгээ эмх цэгцтэй болгох ажлыг нэн даруй эхлүүлж ахуй амьдралдаа хэрэглэх нь таны өмнө тулгарсан олон асуудлыг амжилттай шийдвэрлэх арга зам болно.


-Дүгнэлтээр мэдлэгийн цар хүрээг ч хэмжиж болох уу?

-Бололгүй яахав. Үүнийг сонирхолтой жишээн дээр тайлбарлая. 

Нэгэн сохор хүн гэнэт хараа орж нэгэн зүйл харжээ. Уулга алдан “Энэ юу юм бэ” гэж асуутал үүнийг илжиг гэдэг юм гэж дэргэдэх хүн нь хэлж л дээ. Мань хүн илжиг гэж ийм зүйл байдаг байх нь ээ гэж бодож байтал дахин хараагүй болжээ. Үүнээс хойш тэр хүн юу ч асуусан, юуны ч тухай ярьсан илжигтэй харьцуулж ярьдаг болжээ. Тэр чинь илжигээс том уу эсвэл жижиг үү, тэр чинь илжигээс...гээд л. Хүн хэдий чинээ их зүйл уншиж, судалж, бас хийж бүтээнэ, ихийг үзнэ төдий чинээгээр мэдлэгийн цар хүрээ тэлнэ. Үүнийхээ хэрээр аливаа дүгнэлтийг хийхдээ олон талаас нь харж, нягт няхуур ханддаг. 


-Аливаад өөрийн шүүлтүүргүйгээр хандах зарим хандлагууд тухайлбал мухар сүсэг нь дүгнэлт хийдэггүйн үр дагавар болж таарах нь ээ?

-”Дурная голова ногам не дает покоя” гэдэг орос ардын зүйр үгийг мунхаг тархи хөлөө ядраана гэж орчуулмаар юм уу даа. Мунхаг ухаанаа гэгээрүүлбэл ядаж л таны хөл чинь өвдөхгүй, зовохгүй нь. Мэдлэгийн цар хүрээгээ тэлэхгүй бол казино, наймаа, улс төрийн давалгаанд хамаг байдгаа өгөөд л барна даа.

Хаа нэг газраас хэн нэг хүнээс дуулсан мэдээлэл дээрээ үндэслэн сэтгэлийн хөөрлөөр хийсэн дүгнэлтүүд хийвэл тэр чинь заавал асуудал дагуулна.

Энэ асуудал насан туршдаа залруулж барахгүй алдаа болон хувирах тохиолдол ч олон. Үүнээс сэргийлэх цорын ганц арга бол та өөрийгөө танин мэдэх арга барилд сургах юм. 

Ийм арга барилтай хүн ядахдаа л таны өмнө суугаад ярьж байгаа хүн худлаа яриад байгаа эсэхийг амархан дүгнэчих чадвартай болно. Үүнийг л таньж мэдэх арга эзэмших гээд байгаа юм шүү дээ.


-Ихэнхи хүмүүс дүгнэлтийг их хурдан хийдэг. Хуудуугүй дүгнэлтийг хийхэд цаг хугацаа их шаардагдах уу?

-Аливаа дүгнэлтийг алдаа мадаггүй хийх, бусдын хийсэн дүгнэлтийг шинжилж дүгнэхийн тулд заавал тодорхой цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Энэ шаардлага нь ихээхэн өгөгдөл, мэдээлэл цуглуулах, шалгах, боловсруулах шаардлагаас үүдэн гардаг. 

Амьдрал дээр цаг хугацаандаа шахагдаад дүгнэлтүүдийг зохих тооцоо судалгаагүйгээр хийх тохиолдлууд гардаг. Ингэж яаруу сандруу дүгнэлт хийвэл тухайн дүгнэлтээс улбаалан үүсэх сөрөг муу үр дагаврын цар хүрээ, хэмжээг урьдчилан тооцоолох бас тийм үр дагавараас урьдчилан сэргийлэх боломжгүйг анхаарах нь чухал. Хаана буухаа мэдэхгүй үсэрдэг дэвхрэгтэй ижил гэсэн үг юм даа. Харин дэвхрэг бол газардалтыг зөөллөх чадвартай хөлтэй байдаг бол хуудуутай, яаруу сандруу дүгнэлт хийдэг хүнд тийм хөл байхгүйгээрээ ялгаатай. 

Зарим улс төрчид, наймаачид хүнийг цагийн шахаанд оруулж өөрийнхөө нөхцөл байдлыг бидэнд тулгах нь элбэг. Энэ бол тэдний хэрэглэдэг башир арга. 

Аливаа дүгнэлтийн шууд үр дагаврыг ил тод харуулж, ойлгуулж чадах нэгэн жишээ бол шүүх хурал юм. Шүүх хурал дээр оролцогч талуудын хийсэн үйлдлүүдийн тухай хэлэлцэж, мэтгэлцэж үр дүнд нь дүгнэлт гаргадаг. Дүгнэлтийг үндэслээд хүнийг яллана эсвэл цагаатгана. Энэ дүгнэлт гаргах процесс зөв явагдахгүй бол шүүхээр дамжуулан бие биенээ хэлмэгдүүлнэ эсвэл мөнхийн зөрчилдөөнтэй амьдралаар насыг барна. Өнөөгийн нийгмийн амьдрал ч үүнийг нотолж байна шүү дээ. Манай нийгэмд эрүүл саруул ухаанд суурилсан биш, хийрхэлд автагдсан дүгнэлтүүд маш их гарч байна. Залуучууд эдгээр дүгнэлтүүдийн  зөв бурууг нь ялгаж чадахгүй байна. Өөрсдөө ч эрүүл саруул дүгнэлтийг хийж чадахгүй байна. 


-Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг үүсгэж байгаа шалтгаан нь бидний хийдэг хуудуутай дүгнэлт юм байна. Ялангуяа төрийн байгууллагуудын хийж байгаа дүгнэлтүүд нь их аюултай үр дагаврыг бий болгодог юм байна шүү дээ.? 

-Монголын өнөөгийн нийгэмд үүсээд байгаа энэ бүх асуудал бол бидний эмх цэгцгүй сэтгэлгээний шууд үр дагавар юм. Сүүлийн үед хүмүүс УИХ-ын зарим гишүүдийн ярьсаныг сонсоод “Энэ ямар тэнэг юм бэ” гэж гайхан шуугицгааж байна. Гэтэл тэр хүнийг хэн сонгосон билээ дээ, бид өөрсдөө сонгосон. Тэр хүнийг сонгох нь зөв гэсэн дүгнэлт бидний тархинд яаж бүрэлдсэн байж таарах вэ?  

Тэднийг сонгоход өгөгдөл дата ашиглаж дүгнэлт хийх бидний өөрсдийн арга барил бидэнд алга. Тэр тэгэж ярьсан, энд ингэж бичсэн байна гээд цөөхөн хэдэн мэдээлэл дээр суурилж хийсэн дүгнэлтэндээ итгэчихдэг эсвэл 10, 20 цаасаар саналаа худалдчихдаг. Ингэж бид өөрсдийгөө болон өрөөлийг асуудалд оруулж байна. Ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг өөрсдөө сонгочихоод харааж элдвээр дуудацгаагаад яах ч юм билээ... Энэ бол бидний сэтгэлгээ туйлын ядуу, туйлын цэгцгүй байгаагийн тод жишээ. 

Заавал том хүрээний, нийгмийн эсвэл улс төрийн хэмжээний асуудлаар биш, өдөр тутамдаа л бид ажил дээрээ, өрх гэрийн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Энэ шийдвэр болгоны өмнө заавал тодорхой дүгнэлт хийгдэж байдаг. Жишээ нь хэн нэгэн хүнтэй уулзахаасаа өмнө бодно, түүнтэй уулзах нь зөв гэж үзсэн үедээ л уулзах ёстой. Харин манайхан энэ талаар бодохгүйгээр, ямар ч гэсэн энэ хүнтэй уулзаад үзье гэдэг. 

Хүн үгээ хэлэхээсээ өмнө бодох ёстой. Хэрэв энэ үгийг хэлчихвэл тэр хүнийг гомдох болов уу, яах бол гэдгийг урьдчилан дүгнэх учиртай. Үүний дараа л амнаас үг болгон гаргах ёстой. Юу ч бодохгүйгээр бурчихаад “Би юм бодохгүй ярьсан, би чинь гэнэн цагаахан хүн” гэдэг. 

Юм бодохгүй хэлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэл нь тархинаасаа түрүүлж хөдлөөд байна гэсэн үг үү. Хэрэв тийм бол тэр хүнтэй нөхөрлөх хүн байх уу. Хүн байгалиас заяагдсан бодож сэтгэх чадвараа хэрэглэхгүй бол тэжээвэр мал, зэрлэг ан амьтнаас юугаараа ялгаатай гэж? 


-Дүгнэлтээ зөв хийхгүйн төлөө, хариуцлага нь юу байж болох вэ?

-Хүн бүр л дүгнэлт хийдэг. Угаасаа дүгнэлт хийхгүйгээр нэг ч зорилготой үйл ажиллагааг төлөвлөх боломжгүй. Гол төвөгтэй асуудал нь гарсан дүгнэлт нь дандаа хуудуутайд байдагт л байгаа юм. Хуудуутай гэдэг нь тухайн дүгнэлтийг хийхэд ашигласан өгөгдөл нь хуучирсан эсвэл буруу, дутуу байдгаас, магадгүй хэн нэгний санаатай шургуулсан хуурмаг мэдээлэл ашигласнаас, тухайн дүгнэлт хийж байгаа хүний мэдээллийг боловсруулах ур чадвар дутмагаас үүдэн бий болдог. Энгийн үгээр бол баттай тулж болохгүй дүгнэлт гэсэн үг.

Дутуу дулимаг дүгнэлт хийснийхээ төлөөсийг хэнбугай ч байсан эрт орой хэзээ нэгэн цагт заавал төлнө. Мөн тэр дүгнэлт чинь бусдын амьдралд маш их асуудал үүсгэж гай учруулах тохиолдол бас бий. Ялангуяа улс төрчдийн амнаас гарч байгаа үг болгон, дүгнэлт болгон маш хариуцлагатай байх учиртай. Гэтэл хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийг манай парламент гаргачихаад үүнийх нь улмаас өөрсдийнхөө амнаасаа гаргадаг хийг хошногоноосоо гаргадаг хийтэй адилхан болгочихоод байгааг нь бид мэдсээр байж дуугүй, хүлцэнгүй харсаар л байдаг. Туршлагагүй, гэнэн залуусын сэтгэлгээ нь улс төрчдийн, их хурлын гишүүдийн санаатай болон санаандгүй хийж байгаа дүгнэлтүүдээр туйлширан савлаж  байгааг та бид бэлхэнээ харж байна. 

Өөрсдөө баттай дүгнэлт хийж чаддаггүй хүмүүсийн итгэл үнэмшлийн суурь шинж нь үргэлж өөрчлөгддөг, тийм хүмүүсийг бид улааныг харж урвагч, шарыг харж шарвагч гэж нэрлэдэг. Харин итгэл үнэмшил нь тогтчихсон, дүгнэлтийг буурь суурьтай хийдэг хүнийг бид буурьтай хүн гэдэг. Буурьгүй хүний гаргадаг үйлдлийн жишээ бол ах ламын үгэнд итгэж хүний аминд хүрэх шахаад, дараа нь буруугаа ухаарч, улмаар лавлаж асуухыг зуршлаа болгодог  “Сэрэлт” киноны лавлаа Дашийн дүр юм. Лавлана гэдэг чинь өгөгдлөө шалгаж байгаа хэрэг. 

Ер нь дүгнэлт хийнэ гэдэг сайн дурын хэрэг мэт боловч хийсэн дүгнэлтийг бусдад тулгах, албадах тохиолдлуудыг хуулийн болон ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлах нь зүй ёсны хэрэг. Буруу зөрүү, эмх цэгцгүй эсвэл зориуд төөрөгдүүлэх мэдээллүүдийг түгээснээр  бусдаар буруу, үндэслэлгүй дүгнэлт гаргуулж өрсөлдөгчийгөө гүтгэж, нэр хүндэд нь халддаг. Харамсалтай нь сүүлийн үед манай улс төрийн амьдралд энэ аргыг өргөн дэлгэр хэрэглэж байна. 


-Дүгнэлтийн үнэн бодитойг хэмжих шалгуур байдаг уу? 

-Дүгнэлтийн үнэн бодитой эсэхийг уг дүгнэлтийг хийхэд ашигласан өгөгдөл мэдээллийн үнэн бодитой эсэхийг нь шинжлэх замаар шалгаж  болно. Дүгнэлт танд таалагдсан эсэхээс үл хамааран  ашигласан өгөгдөл, мэдээллийг дахин дахин нягтлах хэрэгтэй. Ингэснээрээ тухайн дүгнэлтийг хийсэн хүний зорилго, зан төрхийг нь хүртэл танин мэдэх боломжтой. 

Үнэн бодитойг нь нотолж чадахаар хийгдсэн дүгнэлт бол та бидний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг давуу талтай. 

Нийгмийн болон техникийн ухаанд аливаа алдаа мадаггүй дүгнэлтийг хийхэд тулгардаг, цаг зав их шаарддаг ажилбарууд бол үнэн зөв, бодитой өгөгдлүүдийг бий болгох, цуглуулах, боловсруулах ажлууд юм. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний амьдралын бүхий л хүрээнд огцом өөрчлөлт хийхэд хүргэж буй технологийн шийдлүүд, тэр дундаа аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын хөдөлгөх хүч нь болж байгаа хувьсгагч буюу disruptive технологийн үр дүнд өгөгдлүүдийг бий болгох, цуглуулах, боловсруулах аргууд олноор бий болж байна. Энэ нь үнэн зөв, бодитой дүгнэлт хийх арга барилыг эзэмших, дүгнэлт хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг богино хугацаанд олох, шалгах ажилбаруудыг хялбар дөхөм болгож байгаа. Энэ давуу талыг манай залуучууд маань аль болох өргөн ашигладаг болоосой. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.