Тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвартай болсноор иргэдэд ямар таатай орчин, нөөц шаардлагатай байна вэ гэдэг асуултад хариулт олохыг эрмэлзсэн

Х.Оргил
07 сарын 24, 2021

“Нэйшнл Лайф Даатгал”(National Life) ХХК-ийн санаачлага, санхүүжилтээр “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ-аас “Монгол Улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцсон судлаач М.Мөнхбаатараас уг судалгааны ажлын талаар тодрууллаа.

Тэрбээр даатгалын салбарт сүүлийн 10 жил ажиллаж буй. Тун удахгүй даатгалын салбарт мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа нэгэн юм.


-"Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаанд оролцох болсон таны зорилго юу байсан вэ?

 -Юуны өмнө системийн онол, системийн сэтгэлгээний арга барилд сургахын зэрэгцээ судлаачдыг шинэ арга барилд сургаж байгаа “Залуу судлаачдыг дэмжих сан”-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

Бид сүүлийн 10 жил нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, олон тулгуурт тогтолцоонд шилжих шаардлагатай гэдгийг ярьж байгаа ч шийдэл хараахан гараагүй, ярилцсаар л байна. Мөн миний хувьд ирээдүйд тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэр маань амьжиргаанд хүрэлцдэггүй, насаараа төлсөн нийгмийн даатгалаасаа үр шим хүртэхгүй байвал яах вэ гэдэг асуултад хариулт олох, даатгалын салбарт ажиллаж байгаагийн хувьд тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах суурь судалгааны ажилд гар бие оролцох,  судалгааны шинэ арга аргачлалд суралцах байсан.


-Танай судалгааны зорилго юу вэ? Нийгэмд ямар үнэ цэнэ бүтээх хүлээлттэй/ төсөөлөлтэй байна вэ?

-Манай судалгааны ажлын гол зорилго нь Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх байсан.

Тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвартай болсноор тухайн тогтолцооны оролцогч талын нэг иргэдэд ямар таатай орчин, нөөц шаардлагатай байна гэдэгт хариулт олохыг эрмэлзсэн.

Ямар үнэ цэнэ бүтээх вэ гэдгээс өмнө жишиг загвар гэдэг ойлголтын талаар ярих нь зүйтэй байх. Манай судалгааны баг тэтгэврийн тогтолцооны үйл ажилллагаанд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг үүсгэж буй тогтолцооны доголдолыг засахад шаардлагатай шийдлийг боловсруулахад хэрэглэх 50 суурь ойлголтыг “Суурь ойлголт тодорхойлох алгоритм”-ыг ашиглан тодорхойлсон.

Энэ тодорхойлолтод “Жишиг загвар” гэдэг нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдож, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл гэж тодорхойлсон.

 

Ингэхээр тэтгэврийн үндэсний тогтолцооны тулгамдаж буй асуудлуудын суурь шалтгаануудыг илрүүлж, уг тогтолцоог хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн жишиг загварыг боловсруулснаар тэтгэврийн тогтолцооны оролцогч талууд, судлаачид, шийдвэр гарах түвшний төрийн байгууллагууд  санаа авах, сайжруулах, үйл ажиллагаандаа ашиглах гэх мэтчилэн цаашдын үйл ажиллагаанд нь ихээхэн хувь нэмэр оруулах байх гэдэгт эргэлзэхгүй байна.

 

-Ямар асуудлуудын хүрээнд судалгааг боловсруулсан бэ? Та бүхний судалгааны голлох үр дүнгүүд юу вэ?

 -Манай улсын хүн амын насны бүтэц, одоогийн хөдөлмөрийн насны хүн амын хувь өндөр байгаа таатай үед тэтгэврийн даатгалын сангийн орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байнгын алдагдалтай ажиллаж байгаа, тэтгэвэр өвлөгдөхгүй байгаа зэрэг тэтгэвэртэй холбоотой тулгамдаж буй нийтлэг 17 бүлэг асуудлыг тодорхойлж, одоогийн  тогтолцоог сайжруулах, улмаар тогтолцооны жишиг загвар боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг танин мэдсэн.

 

Голлох үр дүнгээс дурдвал тохируулгатай угсардаг системийн загварыг ашиглан “Нийгмийн даатгалын тухай хууль”-д холбогдох багц хуулиудаар зохицуулж буй тогтолцооны төлөв байдлыг үнэлэхэд уг тогтолцоо нь хэвийн үйл ажиллагаатай нийгмийн нэгж системийг бүрдүүлбэл зохих 5 дэд тогтолцооны 40 хэв шинжийн 120 шалгуураас 76.6 хувийг бүрдүүлж, “Эрсдэлийн нөлөөллийг тогтоон барих чадвартай” системийн ангилалд багтаж буйг тодорхойлж, 39.2 хувийн доголдолтой тогтолцоо болохыг тогтоосон. 

Энэ нь бол манай судалгааны арга аргачлалын хүрээнд л гаргасан бидний дүгнэлт гэдгийг онцолж хэлэх нь зөв байх. Хэдийгээр доголдолтой гэж байгаа ч одоогийн албажсан тогтолцоог бүр муу гэж ойлгож болохгүй.

-Танай судалгааны онцлог, давуу тал, ач холбогдол юу вэ?

 -Манай судалгааны баг иргэдэд тулгарч буй тэтгэвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ, Үндсэн хуулиар тодорхойлогдсон зарчмууд, Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргаар боловсруулагдсан Тохируулагатай Угсардаг Системийн загварын 5 дэд тогтолцооны суурь хэв шинжүүдэд үндэслэн Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг 112 хэв шинжийг тодорхойлсноор, тэтгэврийн үндэсний тогтолцооны нэгдмэл зорилго, түүний хэв шинжүүд, олон улсад нийтлэг хэрэглэдэг хэмжүүр үзүүлэлтүүдэд үндэслэн зорилгын үр дүнгийн 5 хэмжүүр үзүүлэлтийг боловсруулснаар бусад судалгааны ажлуудаас онцлог байгаа.

Энэ нь тухайн тогтолцоо нь зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа гүйцэтгэл, түүний үр дүнд мониторинг хийх, системийн доголдлоо оношлоход шаардлагатай өгөгдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзсэн.


-Судалгааны арга, аргачлалын талаар тайлбарлаач, бусад судалгааны арга аргачлалаас ямар ялгаатай байна вэ?

-Судалгааны аргын хувьд тоон шинжилгээний бүтэцлэгдсэн арга, чанарын шинжилгээний бүтэцлэгдээгүй арга, холимог аргууд байдаг гэдгийг мэднэ.  Тоон шинжилгээний арга нь гаргасан үр дүнгээ задлан шинжилж, нэгтгэн холбож, цаашид өргөжүүлэн дэлгэрүүлж болохуйц дүгнэлт гаргадаг. Чанарын шинжилгээний арга нь судалж буй зүйлээ хэмжих бус түүнтэй холбоотой мэдрэмж, ойлгох чадвар, туршлага зэргээ гарах дүрслэл, хүүрнэл зэргийг онцгойлон авч үздэг.

Энэхүү судалгаа нь системийн онол, системийн сэтгэлгээ, нийгмийн нэгж системийн инженерчлэлд тулгуурлан боловсруулсан шийдлүүдийг ашигладгаараа  бусад судалгааны аргачлалаас ялгаатай.

Мөн Чилийн эрдэмтэн Макс Нефийн боловсруулсан хүний суурь хэрэгцээний ангилал, Монгол улсын үндсэн хуулийн зарчим, Хүний эрх төвтэй нийгмийн ХЭТ-16 загвар, цэгцтэй сэтгэлгээний аргуудыг тус тус ашиглаж, судалгааны ажлыг гүйцэтгэсэн нь бусад судалгааны арга аргачлалаас ялгаатай байгаа.


-Судалгаа гүйцэтгэх явцад тулгарсан бэрхшээл байсан бол дурдаач?

 

Судалгааны багт цар тахалтай холбоотой танхимаар хэлэлцүүлэг хийх боломжгүй байсан, тэтгэврийн харилцааг зохицуулж буй хуулиудаас зөвхөн “Нийгмийн даатгалын тухай” хууль, “Даатгалын тухай” хуулиудад системийн шинжилгээ хийх зэрэг тодорхой нөөцийн хязгаарлагдмал байдалд захирагдаж байсан нь бэрхшээлийг бий болгож байсан.  

 

-Судалгаанаас сурсан зүйлээ дурдахгүй юу?

 -Энэхүү судалгааны ажилд оролцсоноор системийн онол, системийн сэтгэлгээ, системийн инженерчлэлийн арга аргачлалд суралцаж, цэгцтэй сэтгэх аргын талаар тодорхой мэдлэгийг олж авсан.

Танд сая ярилцаж амжаагүй нэмэлтээр уншигчдад сонирхуулах мэдээлэл байвал хуваалцаарай.

 

Манай  судалгааны баг одоо хэрэгжиж буй Монгол улсын тэтгэврийн тогтолцооны иргэдэд үүсгэж буй асуудлууд дээр үндэслэн “Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгаагаар иргэдэд үүсгэх давуу талын синергистик хэв шинжийг тодорхойлсон.

Тухайлбал, тэтгэвэр нь  иргэдийн амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр байх, иргэд тэтгэвэрт гарах насаа сонгох боломжтой байх, тэтгэвэр өвлөгддөг байх гэм мэт хэв шинжүүдийг тодорхойлсон.

 

Энэ нь олон хүндрэлтэй асуудлуудыг, жишиг загвараар шийдэх, тэдгээр асуудлуудын шийдлийг зохицуулах боломжийг иргэдэд үүсгэх давуу талуудыг тодорхойлон гаргахад оршсон.


Цаг заваа гарган судалгааны ажлынхаа талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа, цаашдын ажил, амьдралд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.