Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эрүүл мэндийн даатгалыг бие даалгаад гурван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Бие даагаад тодорхой өөрчлөлтүүд гарч буйд сайшаалтай байна. Харамсалтай нь нийгмийн даатгалд даатгуулж буй 2.9 сая иргэн сэтгэлд хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ авч чадаж байна уу гэвэл чадахгүй байна. Иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарч байна вэ гэдэг ганцхан үзүүлэлтээр л хэмждэг юм билээ. Анх эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталж байхад эмнэлэгт очиж тусламж, үйлчилгээ авч буй хүмүүсийн 80 хувь нь халааснаасаа мөнгөө гаргадаг байсан. Одоо энэ үзүүлэлт сайжирч байгаа, илүү сайжрах ёстой. Эрүүл мэндийн даатгал хөгжсөн улс орнуудад энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу 80 хувь нь даатгалаас, 20 хувь нь иргэдийн халааснаас гардаг. Энэ чиглэлээр тодорхой үр дүн гаргах хэрэгтэй.

Би тайлангаас нэг зүйлийг их гайхаж байна. Эрүүл мэндийн даатгалд зарцуулагдахаар төлөвлөсөн хөрөнгөөс 56 тэрбум төгрөг хэмнэлээ гэж байна. Мөнгө нь жилдээ зарцуулагдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл 0 байвал сайн байдаг. Тухайн жилдээ иргэдийнхээ эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг хэмнэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ Т.Мөнхсайхан сайдаа. Энэ бол хамгийн муу үзүүлэлт. Эрүүл мэндийн даатгалын сан зөвөөр ажилаж чадахгүй байна" хэмээлээ.

Хариултад нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Энэ нь 2019 оны тайлан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 байсан. 2020 онд 420.000 төгрөгөөс төлөгдөөд явах байх. 2019 онд иргэдийн халааснаас 240 тэрбум орчим төгрөг төвлөрсөн. Энэ нь нийт төсвийн 20 орчим хувь. Эрүүл мэндийн даатгалын сан ер нь үлдэгдэлтэй яваад байгаа. Энэ нь санхүүжилтын тогтолцоо буруу байгааг харуулж байна. Тиймээс 2021 оноос бид нэг худалдан авагчийн тогтолцоонд ороод гүйцэтгэлээрээ санхүүжээд ирэхээр Эрүүл мэндийн даатгалын санд ямар нэгэн үлдэгдэл байхгүйгээр явах боломж бүрдэнэ.