Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-ийн ачааллыг зохицуулах талаар шуурхай цахим хурлыг хийлээ. Ойрын өдрүүдэд зохион байгуулсан ковид-19 халдварын өргөжүүлсэн тандалт судалгаатай холбоотой ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалал эрс ихэссэн. 

Шуурхай цахим хуралд Эрүүл мэндиийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ы газрын дарга П.Эрхэмбулган, ЭМС-ын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, дэд захирал Д.Наранзул, лабораторийн баг болон бусад албаныхан оролцов.  


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сорьц цуглуулах явцад халдварт өртөх эрсдэл гарч байгаа тул дадлагажуулах сургалт нэн чухал. Нөгөө талаар мэргэшсэн буюу ТТ нэгжид ажилладаг багийг дайчлан ажиллах, лабораторийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. 

Мөн 21 аймаг, 9 дүүрэгт PCR шинжилгээ хийх лабораторийг өргөжүүлэх тул ялангуяа ажиллах нөөцийг үе шаттай бэлтгэх ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдалд анхаарах, ачааллыг зөв зохицуулах шаардлагатай гээд хурлаар хэлэлцэгдсэн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Одоогоор нийслэлд ХӨСҮТ, ЗӨСҮТ, аймгуудаас Ховд, Дорнод, Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад молекул биологийн лабораториудад PCR- шинжилгээ хийж байна.


2020 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд 294,336 хүнд түргэвчилсэн оношлуураар, 262,742 хүнд ПГУ (PCR) шинжилгээ, 754 хүнд Gene-expert-ээр шинжилгээ хийсэн. Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээний 36 хувь нь халдвар бүртгэгдсэн аймагт, ПГУ шинжилгээний 79.7 хувь нь нийслэл хотод хийгдсэн байна.



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам