Ж.Байгалмаа: Хөл хориог энэ сарын 25-нд цуцалбал эргээд халдварын маш том давалгаа гарна

Б.Баясгалан
04 сарын 21, 2021

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хорионы хугацаа болон коронавирусийн халдварын дэгдэлтийг харьцуулсан судалгаа, тооцооллын талаар мэдээллээ.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хөл хорио үргэлжлэхэд халдвар тохиолдол төдүүлэн буурахгүй, хэсэг хугацаанд тогтвортой байна. Харин 25-наас хөл хориог шууд цуцлах юм бол эргээд маш том давалгаа гарч, өдөрт илрэх тохиолдол 1400 хүрэх дүр зураг харагдаж байна. 


Тэгвэл хөл хорионы 14 хоногийг 21 хоног болгон 5 дугаар сарын 02-ныг хүртэл сунгавал халдварын илрэлт буурч, өдөрт илрэх тохиолдол 677 орчим болно. Үүний дараа бага зэрэг давалгаа яваад буурах төлөвтэй байна.


Хөл хориог 28 хоног болгож 5 дугаар сарын 09-нийг хүртэл сунгавал ойролцоогоор өдөрт 536 тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хорио цуцалсны дараа өдөрт илрэх тохиолдол багаар нэмэгдэж 593 орчимд хүрээд буурах төлөвтэй байна.

Хэрвээ ямар ч арга хэмжээ авахгүй буюу хөл хорио тогтоохгүй, вакцин хийхгүй байвал халдварын тохиолдол нэмэгдсээр өдөр 31.000 хүнээс коронавирус илэрч, өдөрт биеийн байдал нь хүндрэх хүний тоо 6244 хүрэхээр байна.

Ер нь хөл хорионы хугацаа урт байх тусам халдварын тархалт тууштай буурна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол тогтмол олноор илэрч, нас баралт, биеийн байдал нь хүндэрч буй хүний тоо нэмэгдэж буй.

Тухайлбал, өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 18-нд 1340 хүнээс, 19-нд 889 хүнээс, өчигдөр 1.311 хүнээс, өнөөдөр 1.169 хүнээс коронавирус илэрчээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.