Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт нийт 103 хүнээс коронавирус илэрчээ. Улмаар манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 3664 болжээ. Өчигдөр 80, уржигдар 109 хүнээс коронавирус илэрч, шинэ халдварын тоо тогтмол их байна. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Ойрын өдрүүдэд Улаанбаатар илэрч буй коронавирусийн халдварын тоо тогтвортой их байна. Олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдсэн. Эрүүл мэндийн ажилчдын дундах өвчлөл нэмэгдсэн. 

Иймд иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

- Иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Ажлын уулзалт, болон гэр бүл, найзуудаараа цуглах зэргийг хойшлуулж, цахимаар уулзах, олон хүнтэй газраар явахгүй байх, фитнесс, дугуйлан зэрэгт явдаг бол халдварын тархалт их байгаа энэ үед түр явахгүй байх зэргээр өөрөө биеэрээ очиж оролцох нийгмийн харилцаанаас татгалзаж, багасгах нь зүйтэй.

-Байгууллагууд ажилтнуудынхаа байгууллага дээр ирж ажиллах дотоод зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Ялангуяа нэг өрөөн олон хүн суудаг бол нэг өдөрт цуглах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллах хуваарь гаргах, цахимаар ажиллах боломж нөхцөлөөх хангах шаардлагатай.

- Томоохон хурал цуглаан зохион байгуулахгүй, нэг дор 10-аас олон хүн цугларахгүй байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хэрвээ танай байгууллага дээр халдвар илэрвэл халдварт өртөх хүний тоо бага байх ач холбогдолтой.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт коронавирусийн халдварын нөхцөл байдал нэлээд хүндэрч байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай байх шаардлагатай, Халдвараас сэргийл, өөрийгөө хамгаал, халдвар хамгааллын дэглэмүүдээ сайтар мөрд" хэмээлээ.