Б.Баясгалан
04 сарын 20, 2021
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тогтмол олноор илэрч байна. Үүнийг дагаад нас баралт, биеийн байдал хүнд хүний тоо нэмэгдэж буй. 14 хоногийн хугацаанд тогтоосон хөл хорио талдаа орж буй ч нэмж 14 хоногоор сунгах нь гэсэн мэдээлэл өнөөдөр цахимд нэлээд гарч байна.
Үүнтэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.
Тэрээр "ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яам анхнаасаа 28 хоног хөл хорио тогтоох санал гаргасан. 28 хоног нь коронавирусийн халдварын хоёр удаагийн нууц үе өнгөрөх хугацаа юм.
Өмнө нь өдөрт 50-100 шинэ тохиолдол илэрдэг байсан бол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 5 хоног тутамд тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэж байна.
Халдварын тархалтын оргил үеэс цааш 14-21 хоногийн дараа гол хүндрэлүүд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ачаалал, нас баралт, биеийн байдалд хүнд хүний тоо нэмэгдэнэ. Энэ мэт олон үндэслэлийг тооцож 28 хоног хөл хорио тогтоох санал гаргасан. Гэхээ эдийн засгаа аварч үлдэх, иргэд, ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай хөл хорионы хугацааг Засгийн газар харгалзаж үзээд 14 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Хөл хорио тогтоогоод эхний долоо хоног өнгөрлөө. Дараагийн долоо хоногт нөхцөл байдал ямар байх нь уу, нас баралт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хариу арга хэмжээний багуудын хүрэлцээ, хангамж хэр байх вэ гэдгээс хамаарч дараагийн саналуудаа УОК, Засгийн газарт хүргүүлнэ.
Түүнээс биш шууд өнөөдөр хөл хориог 14 хоногоор сунгах нь гэж ойлгож болохгүй.
Мөн вакцины хоёрдугаар тунг хийх арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Цаашид вакцинжуулалттай холбоотой зөв зохион байгуулалт хийх, хэрхэн бөөгнөрөл үүсгэхгүйгээр иргэдийг вакцинд хамруулах вэ гэдэг дээр тодорхой шийдэл гаргаж ажиллана" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.