Хөл хориотой холбоотой эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Хөл хорио тогтоосон ч өдөр бүр 1000 гаруй хүнээс коронавирус илэрч байгаа учир үр дүнгүй гэж зарим хүн харж байна. Тархвар судлаачдын тооцооллоор энэ хугацаанд хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт илрэх тохиолдол 31.000 хүрэх төлөв гарсан. Ингэсэн бол эрүүл мэндийн байгууллагын систем бүхэлдээ уналтад орно. Халдварын тохиолдлыг тогтвортой нэг түвшинд барина гэдэг нь хөл хорионы чухал ач холбогдол, үр дүн.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ачаалал өндөр хэвээр, халдвар 1000-аас олноор илэрч байгаа нь нийтэд халдвар өргөн тархсаныг илтгэж байна.

Хөл хориог цуцлахаар шийдвэрлэх үед эмнэлэгт эмчлүүлж буй, эрчимт эмчилгээнд буй, амьсгалын аппаратад орж буй хүмүүсийн тоо, нас баралт буурсан байх ёстой. Гэвч буураагүй нэмэгдсэн. Үүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ талаас нь харахад хөл хориог сулруулах шалгуур үзүүлэлт хангагдаагүй. Энэ бүхнийг харгалзаад шийдвэр гаргагч байгууллага хөл хориог сунгах шийдвэр гаргавал энэ нь эрүүл мэндийн байгууллагад өгч буй хамгийн том дэм болно.

Хөл хорионы дүнд тархалтын эрчим, тохиолдлын тоо буурснаар эрүүл мэндийн салбарынхан энэ хугацаанд нөөцөө бэлдэх, сэлбэх зэрэг бүх зүйлийг хангаж авдгаараа давуу талтай.

Хөл хориог тогтоосноор халдварын тархалтыг 100 хувь байхгүй болгоно гэсэн хүлээлт иргэдийн олонход байна. Ийм бололцоо байхгүй. Тодорхой түвшинд бууруулж, тогтвортой бариад, вакцинжуулалтыг эрчимжүүлж хийх нь хөл хорионы ач холбогдол" хэмээлээ.