Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтыг зогсоогоогүй

Улсын болон хувийн хэвшлийн 58 эмнэлэгт энэ оныг дуустал эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгохгүй байхаар шийдвэр гарсан гэдэг мэдээлэл гарсан билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тодруулга өглөө. 

Тэрбээр "Улсын болон хувийн хэвшлийн бүх байгууллага ЭМДЕГ-тай гэрээ байгуулдаг.  Уг гэрээнд тухайн жилдээ  хэдэн төгрөгт багтааж, хэчнээн төрлийн, ямар тусламж үйлчилгээ үзүүлэхийг тусгасан байдаг. 

Гэрээнд заасан үнийн дүнгээс хэтэрсэн газрууд руу энэ талаар нь мэдэгдэж гэрээний сунгалт хийх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Ямар нэгэн байдлаар санхүүжилт зогсоосон зүйлгүй" гэлээ.


Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт багассан, хүнд нөхцөлд байгааг онцлоод:

-2021 оноос хойш ковидын үед үзүүлсэн тусламж үйлчилгээ, ялангуяа Омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд зарцуулсан санхүүжилт маш өндөр байсан. 2021 онд даатгалын санд төвлөрөх ёстой санхүүжилт бүрдэхгүй явсаар өнөөдрийг хүртэл 218 тэрбум төгрөгийн авлагатай үлдсэн байна. Үүнийг ирэх оны төсөвт нэмж шийдэх гаргалгааг ярьж байгаа. 

Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт байхгүй гээд ямар нэгэн тусламж үйлчилгээг зогсоогоогүй. Цаашид аль эмнэлэгтэй, ямар тусламж үйлчилгээн дээр үргэлжлүүлэн гэрээ хийх вэ гэдгийг судална" гэж мэдэгдлээ.

Холбоотой сэдвүүд

т.мөнхсайхан эмд эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.