Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг загвар өмсөгч Л.Гончигсумлаатай ярилцлаа. Гэгээ хэмээх нэрээрээ танигдсан тэрбээр Сингапурт бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн нэгэн. Сүүлд Гэгээ үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь компанийн сурталчилгаанд тогложээ.


-Хэдэн настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бэ?

-Би урлаг, уран сайханд татагддаг, жүжигчин болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Аав ээж минь хуулийн мэргэжилтэй хүмүүс.Тэднийгээ дагаад өсвөр нас минь Өмнөд Солонгост өнгөрсөн. Сурагч байхдаа жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн загварын дугуйланд бүртгүүлсэн. Анх home shopping-ийн сурталчилгааны моделээр ажиллах санал ирж камерын өмнө гарч үзжээ. Тухайн үед 17-той л байсан болов уу. 


-Загварт дурласнаар олж авсан чухал зүйл юу байв?

-Олон янзын хүсэл сонирхолтой хүмүүстэй хамтарч ажиллаж тэдэнтэй харилцаж сурсан гэж боддог. Ингэснээр олон орны хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгосон, мэдээж хэрэг гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлсэн. 


-Сүүлийн үед азиуд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байна. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Азийн эдийн засаг өсөлттэй байна.Тэр хэрээрээ ази загвар өмсөгчдийг зах зээл нь зайлшгүй шаардах болсон. Тэгэхээр яах аргагүй зах зээлтэй холбоотой гэж хардаг.  

Ер нь тухайн жил ямар тивийн модел хамгийн их гарч байгаа нь сүүлийн хэдэн жилүүдийн эдийн засгийн эргэлтээс шалтгаалдаг юм билээ. 


-Сайн загвар өмсөгч ямар гол шалгуурыг хангах ёстой гэж боддог вэ?

-Бүтээгдэхүүнээ л хэр чадварлаг гаргаж байгаагаар нь дүгнэх нь зөв гэж боддог. Аль нэг компани намайг сонгож дүр төрхөө болгож, тэр зургийг авахуулснаараа тухайн онцолсон бүтээгдэхүүн л зарагдах ёстой. Энэ л хамгийн чухал. Түүнээс биш миний гоё сайхан гарах эсэх чухал биш. Тиймээс л өмсөж амилуулж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг заавал ойлгох ёстой гэж боддог.

Миний сурч эзэмшсэн мэргэжил бизнесийн удирдлага учраас үүнийг анхаардаг. Зураг авна гэдэг  тэр чигээрээ багийн ажиллагаа нэгдсэн концепи. 

-“Говь” компанийн сурталчилгааны зураг авалтаас анзаарагдсан, хүмүүст нэлээн хүрсэн ажил болсон шүү...? 

-Говь компанийн сурталчилгааны зураг авалтын дараа урмын үгс цөөнгүй сонссон. Урам сайхан л даа. Гэхдээ би ажлаа л хийсэн. Миний хувьд  энэ том компанитай хамтарч ажилласандаа сэтгэл хангалуун байгаа. 


-Зарим хүмүүс таныг хөдөөний бүсгүй гэж ч эндүүрсэн сэтгэгдэл харагдаж байсан…?

-Хэрвээ тэгэж харагдаж байвал манай багийнхан сайж ажилласан л гэсэн үг. Би бас сайн хувирч чадсан л гэсэн үг. /инээв/


-Загварын ертөнцийг хатуу ширүүн гэдэг. Шантрах зүйлтэйгээ тулгарч байв уу?

-Загварын ажлыг амархан гэж эндүүрдэг. Харьцангуй цаг завтай ч яг хийвэл амар ажил биш л дээ. Миний хувьд энэ ажлаасаа залхсан, уйдсан гэж хэлэхгүй. Ер нь ажил гэдэг хүний харилцаа дээр л тулгуурладаг. 

Надаас илүү хөөрхөн, гоё биетэй, зураг дээр гоё гарах охид зөндөө бий. Тэгэхээр би энэ ажлаа чин сэтгэлээсээ л хийх ёстой гэж боддог.

Загварын ертөнц тэр чигээрээ багийн ажиллагаа шаарддаг гэдгээрээ онцлог. Нэг аятайхан зураг авахуулахын тулд хамгийн багадаа дөрвөн хүн ажиллана. Би хүмүүстэй ойлголцож, нэг баг болж ажиллах дуртай.


-Багын мөрөөдлөө биелүүлж “Марк Поло” кинонд тоглож биелүүлсэн гэсэн үнэн үү?

-“Марк Поло” гол шалгаруулалтаа аваад дууссаны дараа надад хатны туслахын дүр санал болгосон. Би ч бөөн баяр, хуруу зузаан гэрээ байгуулав. Гэтэл ярьдаггүй дүр байсан юм билээ. Би гурван сар яваад 3 секунд л гарсан. /инээв/ Мундаг дүрд тоглолоо гэж бодож байтал тэр жаахан хэсэг гараад болох нь тэр. Киногоо үзээд зөндөө инээж билээ. Гэхдээ л анх удаа том продакшнтай хамтарч ажилласан тохиолдол учраас бэлгэшээсэн. Цаашдаа киногоороо дагнаж багын мөрөөдлөө биелүүлэх хүсэл бий.

Өмнө нь “Тогоруу ахайтан” богино хэмжээний кинонд тоглосон. Энэ кино гурваас дээшгүй минутын шилдэг бүтээлийг шалгаруулдаг хамгийн богино хэмжээний олон улсын кино наадам  “Very short international film festival” -д тэргүүлж байсан юм.


-Амьдралд чинь онцгой өөрчлөлт авчирсан үйл явдлаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Амьдралыг гэж яриад яахав. Харин хүнийг үнэхээр өөрчилж чаддаг зүйлийг би хайр гэж боддог. Аз жаргалтай эсвэл эсрэгээрээ сөргөөр ч нөлөөлж болно. Тэр хайр ээж аавын, эр нөхрийн, үр хүүхдийн ч байж болно. 

Миний амьдралд хайр л хамгийн том өөрчлөлтийг авчирсан.

Эмэгтэй хүн хайрлуулах эрхтэй, хайрлуулах зүйлээ ч хийдэг байх ёстой. 


-Хүсэж мөрөөдсөнөөрөө амьдарч чадаж байна гэж өөрийгөө боддог уу?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Хүн хүсэл мөрөөдлөө биелүүллээ ч гэсэн эцэст нь юу хүсдэг гээч. Тэр нь ерөөсөө л сэтгэлийн амар амгалан. Би оногдсон амьдралдаа сэтгэл хангалуунаар, тайван амьдрахыг хүсдэг. Далай ламын “Аз жаргалаа чимээгүй эдэл” үгийг амьдралдаа баримталдаг.  Иймээс би мөрөөдлөөрөө амьдарч байна гэж хэлэхгүй, мөрөөдөөгүй ч гэж хэлэхгүй.


-Сүүлд ямар ном уншив?

-Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагчдын нэг, яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан “Дур булаам”, зохиолч Элиф Шафакын “Хайрын дөчин дүрэм” номыг уншиж байна. 

“Хайрын дөчин дүрэм” номын “Мэдлэг хайр хоёр хоорондоо алд дэлэм зөрүүтэй. Мэдлэг ямар ч эрсдэл шаардахгүй хэрнээ хүмүүсийг улам төөрөлдүүлдэг. Харин хайр эдгээрийг тайлах атлаа хүнийг эрсдэлд оруулдаг. Мэдлэг үргэлж сэрэмжтэй байхыг сануулж битгий хөөр гэж сануулна. Гэтэл хайр эсрэгээрээ биеэ битгий барь, хүссэнээрээ хөгжилд гэдэг. Мэдлэг бат бөх бол хайр хялбархан эмтэрдэг. Гэхдээ эмтэрхий балгас дотор эрдэнэ нуугдаж байдагчлан эмтэрсэн зүрхэнд эгэлгүй гоо сайхан оршдог юм” гэсэн хэсгийг сая уншсан, маш их таалагдаж байна. 

-Эмэгтэй хүний дотор жаахан охин байдаг. Чиний тэр дотор хүн чинь юу хүсч мөрөөддөг вэ?

-Миний дотор шударга, нээлттэй, чанга бас баргил хоолойтой, жаахан сахилгагүй охин бий. Надтай үргэлж хамт байдаг. 


-Нийгмийн сүлжээг хэр идэвхтэй ашиглаж байна вэ?

-Фэйсбүүкээ бараг ашигладаггүй. Голдуу нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шэйрлэж үзэл бодлоо хуваалцдаг. Инстаграм ашиглах дуртай. Яг үнэндээ зураг авалтад байнга ордог ч “сэлфи”-дэхдээ тааруу. Найзууд маань бол энэ тал дээр гаргууд.


-Нийгмийн сүлжээнд өсвөр үеийнхэн өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн бусадтай харьцуулахгүйгээр хэрхэн олж хараасай гэж хүсдэг вэ?

-Өөрийгөө олно гэдэг яваандаа олж авдаг туршлага гэж боддог. Иймээс өсвөр насныханд хамаагүй зөвлөгөө өгөхөөс айдаг. 

Хэрэв зөвлөөч гэвэл өөрийнхөө дотоод хүчээ сонс, мэдэр гэж хэлмээр байна. Ядахдаа л өөрийгөө бүү дутуу үнэлээрэй. Заавал зорилго тавьж, түүндээ хүрэх арга аргачлалаа олоорой. Хэрэв хэтийн зорилго чинь үнэн бөгөөд зөв бол ямар ч асуудал үүссэн ч шантардаггүй.

Үүнд туслах чухал зүйл бол ном юм гэж боддог. Бас хэн нэгний зөвлөгөөг дагахаас илүү эцэг эхийнхээ зөвлөгөөг дагаж ярилцах нь чухал. Эцэг эх нь ч бас хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг бол хүүхдүүд элдэв буруу зүйлд татагдахгүй гэж боддог. 


-Өдөр тутмын хувцаслахдаа баримталдаг зарчим?

-Энгийн боловч цаанаа л дэгжин стилээр, эмэгтэйлэг хувцаслах дуртай. Хамгийн их өмсдөг хувцас гэвэл цагаан юм уу саарал фудволк. Ингээд жинсээ өмсөөд л кейт эсвэл туфль өмсчихдөг.  Ажлаа бүтээж яваа бол пүүзээ углаад л гүйчихнэ.


-Сүүлийн асуулт. Юунаас урам зориг авдаг вэ?

- Сүүлд “Миний Хувийн Стилист" номын зохиолч О.Энэрэлийн номын нээлтэд очсон. Тэнд өрх толгойлсон бүсгүйчүүдийн хийсэн гутал, тоглоом, хүүхдийн ном хараад биширсэн. Тэд ч мундаг хийж бүтээжээ, эмэгтэйчүүд ч нэгнээ дэмжиж байгааг хараад бахархлаа. Өөрийгөө чамласан шүү. Иймэрхүү зүйлсийг хараад маш их урам авдаг.