Орчин үеийн Сингапур улсын хөгжлийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэгвэл энэ үсрэнгүй хөгжлийг авчирсан хүн бол орчин үеийн агуу менежерүүдийн нэг Ли Куан Еү юм.

Ядуу, хоцрогдмол, жижигхэн Сингапур улс өнөөдөр олон улсын санхүүгийн төв болов. Сингапур улс боловсрол, эрүүл мэнд, технологийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж байна. Ерөнхий сайд Ли 1960 онд 600 сая доллар байсан эдийн засгийг 1990 он гэхэд 36 тэрбум доллар болгосон байдаг. Харин 2022 оны байдлаар Сингапурын эдийн засаг 400 тэрбум доллар болжээ.

Орос, Хятад, Монголын баячууд Сингапурын банканд дансаа нээлгэж, тэнд хүүхдээ сургаж, эмнэлэгт нь эмчлүүлж, тэнд хаустай болохыг мөрөөддөг ажээ. Энэ бүхэн агуу менежментийн үр дүн биш гэж үү?

1962 онд дөнгөж тусгаар тогтнолоо олсон Сингапурын эргэн тойронд өөрөөс нь хэдэн арав дахин том, тийм ч найрсаг биш хөршүүд оршиж байв. Ли Куан Еү (1923-2015) олон бэрхшээлийг давж, менежментийн нарийн стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй болсон юм. 

Сингапур маш жижигхэн, байгалийн ямар ч баялаггүй, ундны усаа хүртэл гадаадаас авдаг орон юм. Мөн улс нь Хятад, Энэтхэг, Малай гаралтай иргэдээс бүрдэж байсан тул үндэсний эв нэгдлийг хангах шаардлагатай байсан юм.

Ли ерөнхий сайд өөрийн дурсамж номондоо менежментийн арга барилаа тодорхой бичсэн байдаг. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, улсдаа авчрах нь түүний гол зорилгуудын нэг байлаа. Гадаад яамандаа тусгай нэгж байгуулж, тэндхийн ажилчид нь өдөржин дэлхийн томоохон компаниуд руу утсаар залгаж Сингапурт ирэхийг урьж байв. 

Ли ерөнхий сайд өөрөө дэлхийг тойрч хамаг л том компаниудын эзэдтэй уулзаж явлаа. Ийм нэг аяллын дараа тэрээр Сингапурын Чанги онгоцны буудалд газардаж гэрлүүгээ явж байжээ. Гэнэт тэр жолоочдоо чиглэлээ өөрчилж шууд засгийн газрын ордон руу явахыг даалгалаа. Тэрээр машиндаа суун явж байхдаа:

“Хэрэв саяны миний урьсан компанийн захирлууд Сингапурт буугаад ийм бохир, халтар орчныг харах юм бол яагаад ч манайд хөрөнгө оруулахгүй.”

гэж боджээ. Засгийн газрын ордонд очмогцоо ерөнхий сайдын тушаал гаргаж онгоцны буудлаас хотын төв хүртэлх замын дагуу мод тарьж, замыг засахаар болжээ. Улмаар Сингапур улсад бохь зарахыг хориглож, гудамжинд хог хаясан хүнийг өндөр дүнгээр торгохоор болсон байна. Ийнхүү дэлхийн хамгийн цэвэрхэн хот Сингапур бий болсон түүхтэй.

Дээрх жишээнээс бид менежмент гэдэг бол учрыг нь олоход хэцүү, нарийн ухаан биш, харин ч эсрэгээр энгийн логик юм байна гэдгийг харж болно.

Гэтэл Монгол Улсын гадаад яам гадаадаас хөрөнгө оруулах чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Тэтгэвэртээ гарсан улс төрчдийг элчин сайдаар “шагнах” маягаар томилдог газар шиг л байдаг. Мөн сүүлийн 30 жилийн турш гадаад дахь Монголын элчин сайд, консулын ажилтнууд эхэндээ тамхины хориотой наймаа, одоо бүүр хар тамхины наймаанд холбогдож улсынхаа нэрийг шороотой хутгаж байгаа нь бидний хувьд шившиг юм. Гэтэл Сингапурын гадаад яам, Ли ерөнхий сайд зөв менежментийг хэрэгжүүлснээр Сингапур олон улсын хөрөнгө оруулалтын төв болсон түүхтэй юм.

Ли ерөнхий сайдын хувьд дэлхийн санхүүгийн төв болохын тулд Сингапурчууд өндөр мэдлэгтэй, өндөр чадвартай, англи хэлийг төгс эзэмших шаардлага нүднийх нь өмнө тодорхой харагдаж байв.

Учир нь тэр популист улс төрч биш харин мундаг менежер байсан юм.

Ингээд англи хэлийг сургуулиудад заавал зааж, бүх Сингапур хүмүүс англи хэлийг төгс эзэмших хэрэгтэй гэж шийдлээ. Энэ үед маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг. Үндсэрхэг үзэлтнүүд англи хэлийг багаас нь зааснаар Сингапур хүмүүс үндэстний онцлогоо алдана гэх мэтээр дайрч эхэлжээ. 

Ли ерөнхий сайд гаргасан шийдвэртээ үнэнч байж, яагаад дэлхийн санхүүгийн төв болохын тулд бүх хүн англиар ярих хэрэгтэй байгааг тайлбарлаж байлаа.

Орчин үеийн шинжлэх ухаан хоёрдох хэлийг аль болох эрт буюу 5-7 настайд нь сурвал хамаагүй хялбар, илүү үр дүнтэй болохыг нотолжээ. Мөн хоёр хэлээр ярьдаг хүний тархины чадамж ганц хэлтэй хүнээс хамаагүй илүү болохыг аль хэдийн тогтоожээ. Гэтэл монголын улс төрчид Монгол хэлний тухай гэх хууль гаргаж хүүхдэд 12 наснаас нь өмнө нь өөр хэлж зааж болохгүй гэж хуульчилсан байгаа. 

Хамгийн аюултай нь үүнийх нь ард ямар ч судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан байхгүй. Зүгээр л “монгол хүүхдийг монгол хүн болгож өсгөнө” гэсэн улс төрийн попролт агуулагдаж байгаа юм. Монгол хүн англиар ярьчихаар монгол хүн биш болно гэж байхгүй шүү дээ.

Хэдийгээр Ли ерөнхий сайд маш их эсэргүүцэлтэй тулж байсан боловч эрүүл саруул ухаанаар, ирээдүйг маш тодорхой харж байсны ачинд өнөөдөр дэлхийн бүх том компаниуд Сингапурт оффис, салбараа нээн ажиллаж байна. Учир нь Сингапурчууд бүгд англиар чөлөөтэй ярьж, дэлхийтэй харьцдаг билээ.

Ө.Ганзоригийн бизнес, менежментийн философиос суралцаж илүү дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл энд дарна уу.