Улсын Онцгой комисс Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

 "Өчигдөр буюу 17-ны өдөр УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хонгконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрөл авсан. Үүний дагуу бид бэлтгэлээ хангаад, зорчигдын бүртгэлийг энэ цаг үед хийж байна. УОК-ын Шуурхай штабаас өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны багтаамжийг нэмэх. Нэмэгдүүлэхийн хэрээр тусгай үүргийн нислэгийн тоог нэмж байгаа. 170 гаруй иргэнээ авах боломж бүрдсэн даруйд бид Хонгконг руу нисэхээр болсон. Энэ нислэгээр дамжуулаад Зүүн Өмнөд Азиас, тэр дундаа Малайзаас иргэдээ авна. Дээрээс нь Тайваньд байгаад 100 орчим оюутан буцах хүсэлтээ илэрхийлээд байсан. Тэднийг ч авах боломж бүрдсэн. Мөн АНУ, Австралид байгаа иргэд буцах хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгвэл энэ удаагийн нислэгээр АНУ, Австралид байгаа цөөн тооны иргэдээ авч байна. 

АНУ руу бид хоёр удаагийн нислэг үйлдсэн. Эхний нислэгийг үйлдэхэд иргэдээс мөнгө авсан гэх асуудал гарсан. Эхний нислэг бол Монгол Улсаас АНУ-д өгөх тусламжийг хүргэсэн. Энэ үеэр иргэдээс нэмэлт төлбөр авсан юм байхгүй. ХАҮТ, МИАТ-ийнхэн буруу ойлголцсон юм билээ. Маш олон иргэд авлига аваад байна гэсэн гомдол гаргасан. Ганцхан энэ сард ч биш, 5, 6 сарын турш л ийм гомдол гарсан. Хуулийн байгууллага шалгаж байна. Хэрвээ үнэхээр тийм зүйл болсон бол нотлох баримттай мэдээллээ иргэд бидэнд өгөөч ээ. Энэ хүнд цаг үед хүний зовлонгоор тоглож, мөнгө авч байгаа бол иргэд бидэнд мэдээлээч ээ гэж хүсье."