УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "АТГ-ын түүхэн ийм эгзэгтэй цагт энэ хоёр хүн томилогдож байна. Хэрвээ та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр сайн ажиллаж чадахгүй бол АТГ бараг татан бууугдах байх. Яагаад вэ гэхээр иргэд энэ байгууллагад итгэхээ больсон. АТГ-ын өмнөх удирдлагууд гайхамшигтай сайн ажилласан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хүн амины хэрэгт зохиол бичиж, түүндээ нэр бүхий хүмүүсийг хүчээр тоглуулж, хэрэгт хилсээр ял тулган зандалчлан шүүсэн байх магадгүй нөхцөл илэрч байна. Манай улсад д мэдсэн ч мэдээгүй юм шиг ажрахгүй яваад байгаа болохоос биш  ардчилсан Үндсэн хуультай улсад энэ бол аймшигтай зүйл. Үндсэн хууль гэж яриад буй хүмүүс үүн дээр дуугарах ёстой. Хууль хяналтын байгууллагуудыг шүүхтэй нь нэг банк барьцаалж, стратегийн ордуудыг нь цөлмөж, Төрийн 3 өндөрлөг нь Үндэсний аюулгүйн зөвлөлийн ширээн дээр бичгээр хоорондоо үг дамжуулж ярьж байсан нөхцөл байдалд манай хууль хяналтын байгууллагууд орчихсон байсан. Энэ цаг мөчийг хэзээ ч битгий мартаарай. АТГ яг улс төрийн нам шиг ажилладаг болсон байсан шүү. Намар, хаврын чуулган нээгдэхээр л, Засгийн газар огцрох болохоор л нэг хүний баривчилгаа явигдана. Хүн баривчлаад тавина. Баривчилсан хүнтэйгээ хоолонд орно... 

Яг үнэндээ АТГ улс төрийн алиа салбадай болчихсон байсан. Ийм хариуцлагатай үед та хоёр томилогдож буй гэдгээ ойлгоорой. Шударгын төлөө тэмцсэн иргэдийн хүчинд томилогдож буй гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Та хоёр энэ хүлээлтэд хариулж чадахгүй бол дахиад өөрчлөгдөнө. Тиймээс одоо хугацаа бага байна. Нийгэмд хариулт өгөх зүйл рүү итгэлтэй ажилла. Хамгийн түрүүнд тэр он сар өдөртэй дуулиант хэргүүдийг барьж ав. Түүнээс биш сургуулийн захирал барьж авч, АТГ хөгийн зүйлд битгий бяр харуулаарай. Хоорондоо битгий амбицлаарай. Эвтэй ажиллаарай. Тэгэж чадахгүй бол өмнөх удирдлага шигээ ичгэвтэртэйгээр явах өдөр ирнэ шүү. Хариуцлагатай ажиллабал Засгийн газар бүх талаар дэмжих болно" хэмээлээ.