УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилж, өмнөх дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тодруулбал, АТГ-ын даргаар З.Дашдавааг, АТГ-ын дэд даргаар Ж.Батсайханы нарыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар тус тус томилсон юм.

Шинээр томилогдсон АТГ-ын дарга нарын товч намтарыг хүргэж байна.


АТГ-ын дарга З.Дашдаваа гэж хэн бэ?

АТГ-ын даргаар томилогдоод буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ. 

Тэрбээр 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр, 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 

З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж буй аж. 

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд З.Дашдаваа нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж буй хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.


АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан гэж хэн бэ?

АТГ-ын дэд даргаар томилогдоод буй  Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. 

Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлжээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд Ж.Батсайхан нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдгийг мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгынхаа үеэр хэлсэн юм.