МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрыг Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшүүлжээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон учир тус албан тушаалд ойрын хугацаанд дараагийн хүнийг томилох шаардлага үүсч буй юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр чуулганы хуралдаан дээр Сар шинийн баяраас өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан эзэнгүй байгаа албан тушаалыг бүгдийг нь эзэнтэй болгоно хэмээн мэдэгдсэн. Тиймээс удирдлагагүй байгаа ЗТХЯ, БСШУСЯ-ны сайд нарыг ч Сар шинээс өмнө томилох бололтой.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол өргөн барих үеэрээ албан тушаалын төлөө яваагүй, УИХ-ын дарга болохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл намын Удирпах зөвлөл нь түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад дэвшүүлжээ.

Тус асуудлаар МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.