Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа.

-Цахим салбарын тэргүүн наадам “Web Awards 2019” шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч?

-Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа“Web Awards” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим салбарын ганц наадам гэдэг утгаараа ач холбогдлын хувьд маш өндөр байдаг. Энэ жил сайтын холбооны арван жилийн ой тохиож байна л даа. 

Өнгөрсөн хугацаанд бид “Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриалгыг цахим салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууддаа уриалж ирсэн. Энэ удаагийн “Web Awards 2019”-д ч энэ уриалгыг дэвшүүлж, нийгмийн хөгжлийг дэмжигч номинациудыг наадамдаа оруулж ирсэн. Тус наадамд цахим үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн бүх сайт оролцох боломжтой.

-Хэдэн номинацид шилдгүүдээ шалгаруулах вэ?

-Энэ удаа арван шилдэг номинацид шилдгүүдээ шалгаруулна. Тодруулбал, Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг сэтгүүлч, Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Орон нутгийн шилдэг сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Бизнесийн шилдэг сайт, Шилдэг веб сайт хөгжүүлэгч түүнчлэн Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайтыг шалгаруулна. Мөн Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд бий. Үүнд Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт, цахим үйлчилгээ, үйлдвэр, хөрөнгө оруулагч, улстөрч нарыг шалгаруулна. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эерэг мэдээллийг түгээх үүднээс нийгэмдээ бүтээн байгуулалт хийсэн компаниуд, хувь хүмүүсийг нийгэмд сурталчлан таниулах зорилго биелэх юм.

-Энэ наадмын голлох номинациудын эзнээр өмнө нь ямар ямар сайтууд нэрлэгдэж байв?

-2013 онд анх зохион байгуулагдах үед шилдгийн шилдэг сайтаар www.ZALUU.com, 2015 онд www.CAAK.mn, мөн 2017 онд www.NEWS.mn сайт тус тус шалгарч байв.

-Сайтын холбоо цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна вэ?

-Монгол Улсад интернэт нэвтрээд 23 жил, анхны мэдээллийн сайт болох SONIN.mn бий болоод 16 жил болсон байна. Сайтын анхны мэргэжлийн холбоо байгуулагдаад 10 жил болжээ. Бидний дараагийн алхам бол өнгөрсөн 10 жилд Монголд хэдэн зуугаар тоологдох сайтууд бий болсон. Энэ цаг үе бол Монголд цахим орчноос мэдээлэл авах хөгжлийн үе шат байсан юм байна гэж харж байгаа. Дараагийн 10 жилдээ цахим сэтгүүл зүй гэх отгон жанрыг мэргэжлийн болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 107 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйтэй, үнэ хүндтэй явсаар ирсэн. Нийгэм сэтгүүл зүйгээс үнэн бодит мэдээллийг авч, итгэж үнэмшдэг байлаа. 

Цахим салбар мэдээллийг хурдтай дамжуулж, хүн бүрийг мэдээлэгч болгосон хэдий ч нөгөө талаараа сэтгүүл зүйн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Тиймээс ирэх 10 жилд сэтгүүл зүйн нэг салаа мөчир болох цахим сэтгүүл зүйг мэргэжлийн, итгэл үнэмшилтэй болгохоор ажиллана. Тиймээс л цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлчдийн ёс зүйн асуудлаас нэн тэргүүнд өөрчлөлтөө эхлүүлж байгаа.