Хэдхэн жилийн өмнө хүн төрөлхтөн брэнд гэсэн шошготой, үнэтэй л бол тэр зүйл рүү хошуурдаг байлаа. Тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлага дамжиж, хаана ямар орц найрлагаар үйлдвэрлэснийг сонирхож анзаардаггүй тийм үе саяхан. 


Монгол брэнд дэлхийд 

Харин ойрын жилүүдэд дэлхий дахинд бүх зүйл 360 градус эргэж, байгалийн бүтээгдэхүүн үнэд орж, гар урлал үнэлэгдэж эхэлж байна. Тэр тусмаа гарал үүсэл нь тодорхой эд зүйл худалдаж авах нь эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн улам бүр брэнд болж, энэ талын бизнес цаашид ашигтай байх төлөвтэй байгааг шинжээчид тогтоогоод байгаа. 

Тэгвэл Монгол Улс эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдээр хангалттай орон юм. Тодруулбал, таван хошуу малын өөх, тос, сүүл зэргээр саван, тос, гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаад аль хэдийн эхэлсэн. 

Үүнтэй адил сүүлийн үед монгол сарлагийн арьс, хөөврийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлжээ. Жишээлбэл, сарлагийн хөөврөөр бүх төрлийн цамц, өмд, бээлий, ороолт малгай зэргийг үйлдвэрлэж байгаа бол сарлагийн арьсаар хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж байна. 

Анх “Хүүхэд бүрд бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урлаж байгаа аж.

 

Монгол хүний гараар урласан энэхүү хөл бөмбөгийн сарлагийн арьсан бөмбөг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны стандартад хүлээн зөвшөөрөгдөх боломж байгаа төдийгүй Швейцарын хөгжлийн агентлаг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-той бөмбөг нийлүүлэх хэлэлцээр эхлүүлэх асуудал хөндөгдөөд эхэлжээ.

Тус бөмбөгийн бар кодыг нь уншуулахад аль аймаг, аль сумаас гаралтай, хэн гэдэг малчны сарлаг төдийгүй тухайн малчин хэр зэрэг хариуцлагатай хүн бэ гэдгийг нь хүртэл мэдэж болох гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн аж.

“Монгол Улсын нэг сум, аймаг FIFA-гийн хөл бөмбөгийн албан ёсны нийлүүлэгч болж, дэлхийн брэнд үйлдвэрлэгчээр нэрлэгдвэл монголын нүүдлийн ахуй, соёл болон мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн, түүхий эд олон улсад үнэ цэнтэй болох үүд хаалга нээгдэх сайхан боломж байна. 

Урьд нь бид зүгээр л хог хаягдал төдий байсан зүйлээрээ өнөөдөр дэлхийн брэндийг бүтээж байгаа нь эдийн шинэ эх үүсвэр болж, эдийн засгаа солонгоруулах боломж үүсжээ.  


Эдийн засгийн шинэ эх үүсвэр 

Уул уурхайн бус экспортыг дэмжсэн энэхүү төслийн хүрээнд сарлагийн хөөврийн кластерыг хөгжүүлж, түүний үр дүнд малчид нэг кг тус бүрээс 500 төгрөг олдог байсан нь чанараасаа хамаараад 15-20 мянган төгрөг болж өсжээ. 

Гадаадын зах зээлд монгол сарлагийн самнасан хөөврийн эрэлт байгаа нь хэр чанар болоод Төслийн багийнхан Монголоос гарч болох бүтээгдэхүүнүүдийг Европ, Швейцарын зах зээлд танилцуулах зорилгоор эхний ээлжид сарлагийн хөөвөр, сарлагийн арьсан бөмбөг, торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Мөн нүүдлийн мал аж ахуйн онцлогийг гаргасан түүхий эд үйлдвэрлэлийн стандарт, түүнийг баталгаажуулах цахим мөшгих систем хөгжүүлж, “Responsible Nomads” хэмээн нэрлэсэн байна. 

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт” бэлчээрийн экосистемийн удирдлага төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн IV үе шатанд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг 2017 оноос амжилттай хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, амжилтуудыг өргөжүүлэн нэвтрүүлэх зорилготой аж.