М.Алтанцэцэг: Дандаа сөрөг сэтгэгдэл бичдэг бол сэтгэл зүйн хувьд эмгэгтэй гэсэн үг

Х.Оргил
02 сарын 10, 2020

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэгтэй донтолт сэдвээр ярилцлаа. 



-Донтолт гэж юуг хэлэх вэ?

-Хамааралтай болох, аливаа зүйлд донтоно гэдэг нь тухайн зүйлээсээ хараат болно гэсэн үг. Донтолтоос болж өөрийнх нь амьдрал сүйрч буйг харсаар байж өөрийгөө хянаж чадахгүй байх сэтгэцийн эмгэг юм. Сэтгэцийн зовиуртай хүн сөрөг мэдрэмжээ удирдахын тулд донтдог гэж зарим судлаачид үздэг. Сэтгэлийн зовиур гэдэгт өнгөрснөөс үлдсэн айдас, түгшүүр, эргэлзээ, ганцаардал, уйтгар гуниг, гашуудал, уур бухимдал, түрэмгийлэл, цөхрөл, ичгүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүд орно. Донтогч хүний сэтгэл зүй хэт мэдрэмтгий байдаг тул өөрийгөө донтолтоор тайвшруулдаг гэж сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг "Донтолд ба сэтгэлзүйн зөвлөгөө" номондоо бичсэн байдаг.


-Юу ч дутаагүй өссөн хэрнээ буруу зүйлд татагдаад, донтчихлоо гэж ярьдаг. Ямар шалтгаан байдаг юм бол?

-Саяхан надад нэг гэр бүл хандаж иймэрхүү асуудлаар зөвлөгөө авч байсан. VI ангийн охинд өөрийгөө зурах даалгавар өгсөн юм. Гэтэл ямар ч навч, мөчиргүй модонд дүүжлэгдэж үхэж байгаа хүнийг зурчихсан. Зургийн талаар ярилцахад “Би үхмээр байна” гэж хэлсэн. Хүүхдээ хөгжүүлэх гэж хэт их дугуйланд хамруулж, ачааллаар дарсан эцэг эхийн хүсэл нь хүүхдийг нь амьдрах хүсэлгүй болгочихсон хэрэг. “Би үнэхээр их ядарч байна, надад хийх ёстой маш их даалгавар байна. Дээрээс нь улирлын амралтаар хүртэл өдөр болгон дамжаанд явдаг. Би зүгээр л гэртээ амармаар байна, унтмаар байна, тэдэнд хэлээд өгөөч” гэсэн. Харахад хөөрхөн охин, хангалуун сайхан амьдралтай айлын хүүхэд. Гэсэн ч тухайн хүүхэд зүрхэндээ тийм их гуниг тээж явжээ. Энэ мэтээр хүүхдээ хэт их академик боловсролоор нүдээд хүн гэдгийг нь мартчихсан, зүрх сэтгэлийн боловсролыг орхигдуулсан эцэг эхчүүд олон болчихжээ. Үнэхээр хүүхдэдээ хайртай болоод л өв тэгш болгох гэж хичээдэгтээ тэр биз. Ийм төрлийн эцэг эхчүүдтэй тулаад ярилцахаар хүүхэдтэйгээ огт харилцдаггүй, юу хүсэж байгааг нь үл хайхарсан байдаг. 


-Энэ бүхнээс харахад хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцахгүй байх нь олон сөрөг нөлөөтэй байх нь ээ?

-Хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож, ярилцаагүй нь ямар нэгэн буруу зүйл хийх, ямарваа зүйлд донтох суурийг нь тавиад байна. Хамгийн эмзэг нас бол хүүхэд наснаас том хүний нас руу шилжиж буй шилжилтийн нас. 9-12 насандаа хүүхэд өөрийгөө эрж хайж байдаг юм. Ирээдүйд хэн болохоо төсөөлж, эцэг эх багш нараас тусламж эрж байдаг. Харин 13-15 нас хүрсэн бол таныг сонсохоосоо өнгөрсөн. Учир нь хэдийнэ өөрийн итгэл үнэмшилтэй болчихсон байдаг. Тиймээс хүүхэддээ элдэв сургалт дамжаа, хэрэгцээт зүйлсээр хангахаасаа өмнө сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах тал дээр илүү анхаарах шаардлага тулгарчихлаа. Завгүй, ажил ихтэй гэх шалтгаанаар хүүхдүүдээ нэг бол хэт их ачаалалд оруулж эсвэл хараа хяналтгүй орхидог томчуудыг нэгийг бодох ёстой. Энэ нь араасаа маш олон сөрөг эрсдэл, тухайлбал ямар нэгэн зүйлд донтох, сөрөг зан үйлүүд гаргах, сошиал хийсвэр ертөнцөд автах шалтгаан болж байна.

-Донтолтод шууд бусаар нөлөөлдөг сэдэлжүүлдэг зүйл байдаг уу?

-Нэг эцэг эх хандаж байсан. Хүүхэд нь ээжийнхээ цүнхээс сэмхэн мөнгө хулгайлаад байж л дээ. Санаандгүйгээр ээж нь гар утасных нь чатыг хараад электрон тамхи худалдаж авахын тулд мөнгө хулгайлсныг нь мэдэж. Ярилцтал ангид нь тамхины талаар судалгаа авснаас сонирхох сэдэл үүссэн юм билээ. Судалгаанд баахан тамхины нэр төрлийг дурдаад хэрэглэж үзсэн үү гэж асуусан юм билээ. Эндээс л өсвөр насны хүүхэд сэдэл авч асуусан тамхийг нь татаж үзмээр санагдсан хэрэг. Томчууд бид өсвөр насны хүүхэдтэйгээ болгоомжтой харилцах ёстойг энэ жишээ тод харуулж байгаа биз. Өсвөр насан дээрээ шинэ зүйлийг өөрийн биеэр хийж үзэх хүсэлтэй байдаг. Энэ нь янз бүрийн сөрөг зан үйлд татагдах сэдэл болж болно. 

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйтэйгээ холбогдох гүүрийг барьдаг гэсэн үг бий. Тэрхүү гүүр нь хүмүүжил төлөвшил, амьдрах ухаан, зүрх сэтгэлд нь суулгаж өгсөн мөн чанар, хүмүүстэй харилцах арга ухаан, хандлага юм. Тухайн эцэг эхчүүд хүүхдэдээ ямар суурь хүмүүжил, хандлага суулгаснаар нь сэтгэл зүй нь бүрддэг, тэр хүмүүжилтэйгээ ирээдүйд очно гэсэн үг. Жишээ нь өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хүнд өөрийгөө ойлгуулаад хэдэн үг хэлчихэж чаддаггүй болж өссөн хүмүүс хүнд хэцүү зүйлстэй нүүр тулахад барьц алддаг. Яагаад гэвэл энэ төрлийн хүмүүст хүнд өөрийгөө нээж, ойлгуулахад хэцүү санагддаг. Иймээс өөрийгөө тайтгаруулах өөр зүйл хайж эхэлдэг.

-Донтолтын талаар ярихдаа нийгмийн сүлжээ, дэлгэцийн хамаарлын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх…?

-Бид өсвөр насны хүүхдүүдийн дэлгэцийн дон гэж нэлээн ярьж байна. Яг бодит байдал дээр эцэг эхчүүд өөрсдөө хэдийнээ дэлгэцийн хамааралтай болчихсон. Хэдэн минут болоод л гар утсаараа оролддог, фэйсбүүкээ шалгадаг томчууд зөндөө. Хаа яваа газраа харж анзаарахад эцэг эх нь гар утсаа оролдоод бага насны хүүхэд нь юу хийхээ мэдэхгүй бүлтэгнээд сууж байх юм. Эмнэлэг дээр хүртэл хүүхэд нь ханиаж халуурч байхад хайхралгүйгээр эмчээ хүлээнгээ гар утсаа л харж суугаа эцэг эхчүүд олон байна. Хүүхэд нь анхаарлыг нь татах гэж бүлтэгнээд л. Сүүлийн үед хүүхдүүд оройтож хэлд орж байна. Эсвэл хожуу хэлд орохдоо гэнэт англиар ярилаа гээд ээж аавууд ярих юм. Ерөөсөө л гар утсаа хараад хүүхэдтэйгээ ярилцах цаг зав гаргадаггүй, гар утас бариулаад орхичихдогоос болж байгаа хэрэг. Мэдээж гар утсаар ажил амьдралаа амжуулж байгаа нь үнэн. Гэхдээ энэ шаардлагад хэрэгцээнээсээ хэд дахин давуулж хэрэглээд байгаад асуудал байгаа юм. 20 минут амжуулах ажил байхад нийгмийн сүлжээнд сатаарсаар 2 цагийг өнгөрүүлчихдэг. Үлгэрлэж чадаагүйгээ үр хүүхдээсээ нэхвэл үр дүн гарах нь юу л бол. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ шүүмжлэхээсээ өмнө өөрсдөө интернетийн хэрэглээгээ хянахыг зөвлөе. 

Хүүхдийн тархи хамгийн идэвхитэй хөгжиж байдаг бага насанд нь гар утас хэрхэн хэрэглүүлэхийг эцэг эхчүүд өөрийн ухамсраараа зохицуулах ёстой. Гар утасны тоглоомууд гоё өнгө төрхтэй, дуу хууртай, хүүхдийг өөрийг нь оролцуулаад хөгжөөж урамшуулдаг нь хүүхдийг амархан донтуулдаг. 

ДЭМБ-аас 7 хоног 38,4 цагийг онлайн өнгөрүүлж байгаа бол донтолт гэж үздэг юм билээ. Донтолтод насны хязгаар гэж байдаггүй.


-Эцэг эхчүүдийн өөрсдийнх нь онлайн донтолт хүүхдүүдэд нь аливаад сатаарах, хяналтаас гарах боломжийг олгоход нөлөөлөх үү?

-Нөлөөлөлгүй яахав. Ер нь эцэг эх болно гэдэг маш том хариуцлага юм. Түүнээс биш ачлалт аав, энэрэлт ээж гэсэн нэр цол, уянгалсан төдий зүйл биш. Хүүхэд аливаа зүйлийг нүдээрээ харж, чихээрээ сонсож далд ухамсартаа суулгаж байдаг. Байнга гар утсаа оролдож суугаа гэр бүлийнхэн эсвэл эцэг эхийнхээ маргалдаж байгааг хараад тэр чигээр нь хүлээн авдаг. Сайн муу аль ч тохиолдолд шүү дээ. Багаас нь гэр бүлийн тухай ойлголт нь анхдагчаар төлөвшиж байгаа нь тэр. Ингээд л бие хүн болж төлөвшсөн хойноо өөрийн мэдэлгүй л эцэг эхийнхээ олгосон хүмүүжлээ гаргадаг. Сонирхолтой нь эцэг эхчүүд үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хэнийгээ дуурайсан юм гэж ярьдаг, гайхдаг, томчууд бид л үүнд буруутай. 


-Нийгмийн сүлжээнд донтох эмгэгээс үүдэн байнга сөрөг сэтгэгдэл бичих, нэг хүн рүү дайрдаг үзэгдэл бий болчихлоо. Энэ бас нэг төрлийн эмгэг мөн үү?

-Манайд хэн нэгний хийсэн алдаа дээр дөрөөлөн нийгмийн сүлжээгээр сүрэглэн дайрдаг үзэгдэл бий болчихлоо. Нэг удаагийн алдаанаас болоод тэр хүнд эргээд ухаарах, нийгмийнхээ дунд орох ч зай, эрх чөлөөг нь бараг үлдээхгүйгээр хар бараан сэтгэгдлээр балбаж байгааг хараад маш их харамсдаг. Сүүлийн үед энэ үзэгдэл хэрээс хэтэрсэн. 

Хэн нэгний тухай мэдээний дор сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хувьд ямар ч зарчим баримталдаггүй, тухайн үйл явдал үнэн эсэхийг, юу нөлөөлсөн гэдгийг ч мэдэхийг хүсдэггүй. Ард нь бас нэг хүний л амьдрал, амь нас байгаа шүү дээ гэдгийг ойлгодоггүй нь анзаарагддаг.  

Магадгүй тухайн хүн алдаа гаргасан, аль нэг зүйлд донтсон байлаа ч гэсэн үүнийг бодолцож үзэх ёстой. Энэ бол тэднийг өөгшүүл гэсэн үг биш. Жишээ нь бид бие нь өвддөг нэгнээ тэр маань өвдчихсөн юм гээд хайрлаж, хүндэтгэлтэй харилцдаг биз дээ. Яг л үүнтэй ижилхэн. Амь нэг зүйлд донтсон хүнийг өвчтөн гэж үздэг. Нэгэнт донтсон хүнд нийгэм хахир хатуу хандах биш харин ч эдгэрэхэд, өөрчлөгдөхөд нь туслах ёстой. Манайд бол цаазын ялыг сэргээ, бууд гээд хашгичаж эхэлдэг. Үүнээс болоод Солонгост “Нийгмийн аллага” гэж ойлголт бий болсон байсан. Нийгмийн сүлжээгээр сөрөг сэтгэгдлээр хэт их балбуулсан Солонгосын хоёр од амиа хорлосон хэрэг энэ талаар ярихад хүргэсэн байдаг.

 

-Үндэстний сэтгэлгээний онцлог үүнд нөлөөлөх үү?

-Бид нүүдэлчин ард түмэн. Нэг хүн мориндоо мордоод саахалтын айлдаа очиж сонсож, үзэж харсан сонин хачинаа ярьдаг байсан. Сургаар мэдээлэл авдаг энэ сэтгэлгээний улбаа 21 дүгээр зуунд ч амь бөхтэй хадгалагдаж ирсэн. Яг энэ сэтгэлгээгээр нийгмийн сүлжээнд хандаж байна. 

Бид замын хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр зогсож, ногоон гэрлээр гардаг шүү дээ. Үүн шиг бид цахим ертөнцөд эдгээр хүнлэг ёсны хэмжүүрийг баримтлах ёстой. Үүнд хүмүүс хоорондын харилцаа, мэдлэг олж авах, нийгмийн шударга ёс, мэдээлэл хуваалцах, хувийн сахилга батыг баримтлахыг зөвлөдөг. 

Энэ асуудлыг хөндөхөөр дахиад л насанд хүрэгчдийн боловсрол төлөвшил хөндөгдөнө. Зурагтын нэвтрүүлэг үзээд л хүнийг элдвээр харааж суугаа ээж аав та хүүхдэдээ үлгэр болж, нэгнээ гадуурхдаг, хар сэтгэгдэл үлдээдэг шинэ үеийг бэлдэж суугаа гэдгээ анзаараарай.

Дүрэм журам хэрэгжүүлдэг, ёс зүйг баримталдаг, бие биенээ хайрладаг, хүндэтгэдэг ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ нийгэм бидэнд хэрэгтэй байна. Энэ тухай лоозон төдий ярьсаар олон жилийг ардаа үдлээ. Хувь хүний хөгжлөөр дамжуулан, хөгжлийн жим гарцыг нэг бүрчлэн хүмүүст зааж сургах шаадлага өндөр байна. 


Холбоотой сэдвүүд

нийгмийн сүлжээ сэтгэлзүйч

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.