Өнөө цаг үед амьдарч буй хүн бүр “Корона” хэмээх аюулт, олон төрлийн вирус байдаг тухай хэрэв анхаарал болгоомжгүй хойрго хандвал ямар их хохирол, гарзтай нүүр тулж болохыг хангалттай мэдэрч суугаа билээ. Хаа нэг тохиолдох байгалийн гамшиг, олон нийтийг хамарсан үймээн, улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас болж богино хугацаанд хэлбэлздэг дэлхийн ЭДИЙН ЗАСАГ өнөөдөр сүүлийн хэдэн жилд тохиолдоогүй өндөр уналт, доройтол, шокыг амсаж байна. Нөхцөл байдал үүнээс ч хэцүү болохыг салбарын эрхмүүд сануулаад буй.


Гэвч энэ цаг үед энэ үеэс ч өмнө хамгийн ноцтойд тооцогдож байсан иргэдийн “СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ” хэрхэн өөрчлөгдөх бол ?


Эдийн засгийн хямралын үед ажилгүйдэл хамгийн ихээр нэмэгддэг. Ажилгүйдэл нэмэгдэхээр иргэдийн стрессийн түвшин нэмэгдэж, сэтгэл зүйн байдал тогтворгүй болж эхэлдэг. Тэгэхээр сүүлийн 20 жилд тохиолдсон эдийн засгийн хямралын үед болон түүний дараа иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдсөн талаарх судалгааны дүгнэлтүүдийг хүргэж байна.

#Стресст өмнөхөөсөө их өртөнө: Эдийн засгийн хямралтай үед сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой жороор хэрэглэх эмүүд болох антидепрессант, сэтгэц нөлөөт эмийн жор бичилт 11%, эрэгтэйчүүдийн эмийн хэрэглээ 9%-аар нэмэгддэг байна. 

Энэ судалгааны үзүүлэлт нь ажилгүй болсон болон ажилдаа хэвээр үлдсэн хүмүүст аль алинд нь ажиглагдаж байсан бөгөөд нийт 16,482 эмэгтэй, 6,835 эрэгтэй ажилчид бүгд сэтгэл хямралтай эсхүл түгшүүртэй хэмээн оношлогдсон байна. / Chen & Dugger, 2014 /.

≠Мансуурах донтолт нэмэгдэнэ: АНУ-ын хамгийн том 25 үйлдвэрийн 11,625 ажилтнууд 2008–2009 оны эдийн засгийн их хямралаас хойш нэг жилийн дараа тэдний хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, нойрны эмийн хэрэглээ эрс нэмэгдсэн байсан байна. Мөн хэдий ажилтай үлдсэн ч гэсэн эдийн засгийн уналт эхэлснээс хойш ажилчдын эмнэлэгт хэвтэх, амбулаторийн үзлэгт ажлын цагаа зарцуулах нь мөн нэмэгдсэн байдаг байна. Сонирхолтой нь ажилгүйдэл ажилгүйдэл 1%-аар нэмэгдэхэд өндөр настнуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал 3,2%-аар нэмэгддэг байна.

#Цаашид үргэлжлэх хор уршиг: Эдийн засгийн хямралын үед болон түүний дараах жилүүдэд сэтгэцийн өвчний тархалт ихэсдэг байна. Тухайлбал сэтгэл гутрал, донтолт, амиа хорлолтын түвшин эрс нэмэгддэг байна. (Cooper,2011; Marmot, Bloomer & Goldblatt, 2013; WHO 2007)

Залуучууд ажилгүй болох магадлал их байдаг ба тэдний цалин бага, дараагийн ажлын байрны олдоц бага тул сэтгэл зүйн эрүүл мэндийн сөрөг илрэлүүд нь 10 жилийн туршид ч үргэлжлэх боломжтой.(Marmot, Bloomer & Goldblatt, 2013 )

Ажилгүй болох магадлал өндөртэй хүмүүс ихэвчлэн боловсрол багатай хүмүүс байдаг.

#Асуудал: Грек болон Нэгдсэн Вант улсад 2007–2010 оны хооронд амиа хорлолт 7–17% хувиар өссөн байхад Итали, Швед улсад буурсан байна. Учир нь энэ 2 улс нийгмийн халамжийн хөтөлбөр, нийгмийн хамгааллын хүчтэй хөтөлбөр нь үр дүнгээ өгсөн байна.

Эдийн засгийн хямралаас үүдсэн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал нь харамсалтай нь эдийн засаг шиг хурдан сэргэлт авдаг зүйл биш. Хамгийн багадаа л 10 жил зарим тохиолдолд түүнээс ч илүү олон жилийг өрх гэр, хувь хүмүүсийн амьдралыг өөрчилж, өмнөхөөс нь дордуулж, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хааж орхидог. Боловсролын түвшин тааруу, чанартай боловсрол, тэгш боломжоор хангагдаагүй, ядуурлын түвшин бага байх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байх урьдач нөхцөл байдал. Харамсалтай нь энэ байдал урт хугацаанд үргэлжлэхээрээ эмгэг болно, тэрийг нь засаж, эмчлэх, туслах бодлого манай улсад байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийнхөө сэтгэлзүйн тогтвортой байдал, эрүүл мэндэд анхаарал тавих боломж зөвхөн танд өөрт тань л байна.


Жич: Энэхүү бичвэр нь ДеФакто Газетта-д хэвлэгдсэн болно.

Эх сурвалж: Орчуулсан Д.Лхамсүрэн