Фэйсбүүк бол аливаа мэдээллийг шейр хийн найз нөхөд, өөрийн хүрээлэлдээ хүргэх зориулалттай платформ билээ. Гэвч үүнийг худал мэдээлэл түгээх, буруу ташаа мэдээ дамжуулах, гүтгэлэг бүхий мэдээллийг дэвэргэх зэрэгт ашиглах нь олширсон тул нэлээдгүй асуудал дагуулж байгаа юм.

Тэгвэл өнгөрөгч Даваа гарагт Фэйсбүүкийн зүгээс мэдэгдэл хийсэн нь нэмэлт комманд оруулахаар туршиж байгаа бөгөөд тус комманд нь таныг ямар нэг мэдээ шейр хийхээс өмнө орж уншихыг зөвлөж байх ажээ. Хэрэв та мэдээг холбоос руу нь орж уншилгүй шейр хийх тохиолдолд Фэйсбүүкийн зүгээс зөвлөмж гарч ирэх ба таныг шейр хийхээсээ урьдаар мэдээг уншихыг зөвлөх гэнэ. 

 Зөвлөмж хуудаснаа “Та энэ мэдээг уншилгүйгээр шейр хийх гэж байна. Мэдээг гарчгаас нь хараад шейр хийснээр гол агуулгыг нь орхигдуулж болзошгүй юм” хэмээсэн байх гэнэ.

Гэвч хэрэв хэрэглэгч тухайн мэдээг шейр хийхийг хүсвэл “шейр хийх явцыг үргэлжлүүлэх” гэсэн өгөгдлийг идэвхжүүлснээр мэдээг унших шаардлагагүй бусдад түгээх ажээ. 

Фэйсбүүкийн хувьд Твиттертэй адил комманд туршиж байгаа бөгөөд Твиттерийн зүгээс тус комманд, зөвлөмж бүхий нэмэлт нь үр дүн өндөртэй байжээ. Учир нь тухайн коммандыг нэмснээр хэрэглэгчид зөвлөмжийг харсан даруй мэдээний холбоос руу хандах нь 40 хувиар нэмэгдсэн ба ямарваа мэдээг “ретвит” хийхээсээ урьдаар холбоос руу нь орж бүрэн унших нь 33 хувиар нэмэгдсэн байна. Мөн зарим хэрэглэгчид мэдээг орж уншаад “ретвит” хийхээ болих нь ч олширчээ. 

Хэдий Твиттер болоод Фэйсбүүк хоёр өөр платформ хэдий ч Твиттерийн туршилтын үр дүнгээс үзэхэд энэ төрлийн нэмэлт нь хэрэгцээгүй мэдээллийг гааруулахаас сэргийлэх эерэг арга гэдгийг харж болох юм.


Эх сурвалж: Mashable