Дэлхий дахин 21 дүгээр зууныг “Азийн зуун” болно гэж ярьж байна. Улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны энэхүү томоохон шилжилтийн тэргүүн эгнээнд жагсахын тулд Азийн улс орон бүр өөрийн стратегиа боловсруулж, аль хэдийн ажилдаа оржээ.

Энэ зуун бол хүний оюуны, мэдлэгийн ширүүн өрсөлдөөнтэй зуун болох нь нэгэнт тодорхой болсон. Мэдлэгийг мэдээж хүн л бүтээх учир улс орон бүрийн хөгжлийн стратегийн цөм нь хүнээ хөгжүүлэхэд л оршиж байна.

АНУ-ын "Сити" группын 2010 оны судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийг Энэтхэг улс 86 их наяд долларын ДНБ-тэйгээр тэргүүлж, Хятад улс 80 их наяд долларын ДНБ-тэйгээр удаалах тооцоо гарчээ. Орос улс л гэхэд 7.8 их наяд, харин Япон улс 6.5 их наяд долларын эдийн засгийн чадавхтайгаар эхний 10-т жагссан байна. Зөвхөн Азид Монгол Улсыг тойроод 200-гаас хол илүү их наяд долларын эдийн засаг, зах зээл бүрэлдэн тогтох дүр зураг гарч байна.

Дэлхийн эдийн засаг 2050 онд ямар байх талаар олон таамаг байгаа ба Азийн олон улс орнууд эдийн засгийн чадавхаараа давамгайлах ерөнхий дүр зураг тодорч байгаа. "Сити" группын дээрх судалгааны тайланд Хойд Америк болон баруун Европын дэлхийн эдийн засагт эзлэх хувь 2010 онд 41 хувь байснаасаа 2050 он гэхэд 27 хувь болж буурна гэж таамаглажээ.

(Монгол Улс, Монгол компаниуд энэ том зах зээлийг хэрхэн атгах бол?)

Хүн төрөлхтний түүхэнд хоёр шинжлэх ухааны хувьсгал, гурван технологийн (аж үйлдвэр ч гэж хэлдэг) хувьсгал гарч, дэлхий аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих замдаа эрэлт буцалтгүй орсон тухай мэргэжилтнүүд ярьж буй.

Image for post

Нэгдүгээр шинжлэх ухааны хувьсгал нь Коперникоос Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал. Хоёрдахь шинжлэх ухааны хувьсгал нь Эйнштейний харьцангуй онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютрийн шинжлэх ухаан болон технологийн хувьсгалыг үүсгэсэн аж.

Нэгдүгээр технологийн хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарын хувьсгалуудыг дагуулсан. Хоёр дахь технологийн хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж зэрэг бидний өнөөдрийн амьдралын суурийг тавилцсан. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн технологийн эрин үеийг хэлдэг аж.

Дэлхийн хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд айсуй яваа гурав дахь шинжлэх ухаан, дөрөв дэх технологийн (аж үйлдвэрийн) хувьсгалыг угтаж, үүний ашгийг хүртэхийн тулд тус тусын стратегиа боловсруулж, институтаа байгуулж эхлээд удаж байна. Энэ хувьсгал нь шинэ биологи болон биотехнологи, мөн шинэ физик буюу сансар, цаг хугацааны хувьсгал байх ба шинэ биологийн болон физикийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологиудыг хөгжүүлэх зорилготой шинэ судалгааны төвийг олноор байгуулж байна.

(Монгол Улс, монгол компаниуд энэхүү шинэ мэдлэгийн эдийн засгийн эринд ямар оролцоотой байх бол?)

Дээр дурдсанчлан, энэ зууны томоохон өөрчлөлтийн төв нь хүн байх учир 21 дүгээр зуун бол хэн хүндээ хамгийн их хөгжих боломжийг олгож чадна, хэн шинэ мэдлэгийг хамгийн ихээр үйлдвэрлэж чадна тэр улс орон, албан байгууллага, компани оршин тогтнох боломжтой эрин зуун болох нь.

Хамгийн гол нь бидний өдийг хүртэл мэдлэгт суралцах, түүнийг дамжуулах арга барил, дамжуулах институцүүд (боловсролын байгууллагууд) реформ хийхийг шинэ эрин шаардаж байна. Дэлхийн улс орнууд аль хэдийн нүүдлээ хийгээд эхэлчихлээ.

Дан ганц бодоод хангалтгүй, бодохын тухай бодох, заасныг суралцаад хангалтгүй суралцахын тухай суралцах, механикаар хийх бус хийхийн тухай дахин бодох, цаашлаад хүн байхын суурь ойлголтуудтай хурдан танилцаж, шинэ эрин үед нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.