Монгол уламжлалаа дагаад гэх үү, олон хоног амрахын гээд саяны наадмаар хонь авав аа. 

Чухам л гэдэс арилгадаг сүрхий эхнэр болоод ханцуй шамлаад ороод явчихлаа. Уг нь надаас өөр хүнд бол бага малын гэдэс гэж юухан байх вэ дээ. Аргагүй л усны гачаалгүйн тулдаа ард нь гарах шив. Говийн айлд ингэж гэдэс цэвэрлэсэн бол хамаг амны усыг нь барчих шахуу юм болов оо. Ингээд л муу Мээмийгээ бодлоо. Галынхаа өмнө суугаад багахан усаар яах ийхийн зуургүй малын гэдсийг шувтарчихдагсан. Мээм хөл жаахан муу. Тиймээс ганц нэг гарын үзүүрт намайг зарна аа.

“Миний хүү үүн дээр жоохон ус хий, алий ходоодны сүлбээр зорохоор тэр жижиг мод аваад өг” гэхчихлэн. Төдхөн л тогоо дүүрэн гэдэс пор пор буцалж, энэ хооронд аав хоёул элэг сэмжинд нь ороон зуухны галд хайрч хорхойгоо дардаг байж билээ.
Мээм гэдэг нь миний эмээ. Төрд данстай нэр ус нь Дарийнцоо. Нутаг усны ах дүүс, таньдаг мэддэг бүхэн эмээг маань Мээм хэмээн авгайлах. Хавь ойрын хүн бүр ийн авгайлдагаас би нэлээд том болсон хойноо хүртэл ийм л нэртэй юм байна хэмээн төөрөлдөж явсан байдаг юм. Бүр хожим төрд данстай нэр нь Мээм биш Дарийнцоо юм байна гэдгийг мэдэж, хэд хэдэн удаа дотроо давтан хэлсний дараагаар нэрийг нь тогтоож байсан юмдаг. 

Ямартай л сургууль соёлын элдэв анкет, тулгаж асуусан асуултад барьц алдаж, жинхэнэ нэрийг нь хэлэх гэхээр Мээм гэдэг нэр түрүүлж санаанд буугаад эмээгийнхээ нэрийг мартчихаад гацаж байсан удаатай. “Манай Мээм” гэхээр хүүхдүүд их шоолно оо. “Мээм байхаараа яах вэ” гээд л охидоос илүүтэй хөвгүүд мушилзан инээдэгсэн. Тэдний тэр шоолонгуй байдлыг хараад би огт уурлаж ундууцаж байсангүй. Мээм гэдэг бол миний хувьд эмээгийн жинхэнэ нэр. Тийм учраас өөр ямар ч нэрээр энэ нэрийг орлуулах боломжгүй байлаа.
Мээм маань залуугийн өндөргүй хүн. Нас ахих тусам улам жижгэрсээн. Гэхдээ сэтгэл нь хаа өндөрт явдгийн нь бүү мэд, тийм өндөр сэтгэлтэй буурай байв. Мээм ер уурладаггүй хүн байсан юм шүү. Намайг хүмүүс их тайван л гэдэг юм. 

Мээмтэй бол зүйрлэх ч юм биш. Амьтан хүн муулж гоочилж, атаа жөтөө уралдуулж, хэл амаа билүүдэж, аяга шанагаа шидэж хавь ойрынхныгоо айлгаж ичээж явсангүй. Харин ч орсон гарсанд ундтай хоолтой, тав арван төгрөгөө айлын хүүхдэд тарааж өгсөн, хүний өөрийн гэлтгүй цаашлаад нутаг усныхаа төлөө гэсэн уужим сэтгэлтэн байлаа. Мээмийн нэг “сул” тал нь нулимс ихтэй. Биднийг ирэх сургаар уйлж л сууна, буцлаа гэхэд уйлж л сууна. Хар элгийн хүн байлаа ч өөрснийхөн дээрээ тусгаж бодно. “Яагаав нөгөө тэдний шар өнөө маргаашгүй нярайлах гэнэ. Яаж хоёр яс сална даа” гээд толгойн алчуураар нүүрээ шудрах бол энүүхэндийн үзэгдэл.


Одоогоор бол Мээм өрхийн үйлдвэрлэгч. Ажаагийн /өвөө/ болоод хүүхдүүдийнхээ дээл хувцасыг өөрөө оёно. Ер нь айлд, тэр тусмаа мал дагасан айлд оёж бөхлөх юм мундах биш дээ. Тэр бүрийг гараараа оёно шүү дээ, хэзээ нь амжуулдаг байсан юм бол. Сааль сүүгээ базаагаад ааруул ээзгийгээ тавьчихна. Тогоо нэрнэ. Хурганы арьс элдэж зүйгээд дээлгүй нэгнийг нь дээлтэй болгоно. Тоононы чагтаганаас гэрийн бүслүүр, тэр битгий хэл амсар сав баглах, унины уяа хүртэлхийг томоод илүү гэрийн ханын толгойд тохоод бэлдчихсэн байдагсан. Ер нь бусдыг царайчлана, бусдаас авна, бусад хүн хийж өгөх ёстой гэх нялзааж нялцаах сэтгэлгээгүй хөдөлмөрч хүн байж дээ гэж хэзээ хойно сэхээрч сууна. Хүүхэд шуухдаа хүртэл зарж мэддэггүй, өөрөө л хийж суудаг "сонин" хүн байв.


Эмээ ажил хийлгэхийн тулд хүүхдийг загнаж биш өөрөө үлгэрлэж сургана. Эхлээд нэг хоёр удаа айраг бүлнэ, эмээгийн айраг бүлж байгааг харахаар зугаатай санагдах тул хорхойсож очоод бүлж эхэлнэ шүү дээ. Мээм бас эмч ээ. Бидний энд тэнд шалбарсан, урагдсан, түлэгдсэнд бол эргэнэг хавиас ухаад юу ч юм түрхчих жишээний. Эмийн сандаа олон эмгүй ч таарсан тохирсоныг нь олоод уулгачихна. Дом шившлэг гээд гайхуулах юмгүй ч өөртөө зөв. Бас тогоо шанагаа таслахгүй ээ. Хань ижил, үр хүүхэд, орсон гарсныг цайлах ч хамгийн гайхамшигтай нь Ажааг маань гал тогоотой ороогоогүй хүн дээ. Говийнхон хэзээнээс унд чадахдаа гаргуун. Мээм ч тэр. Махтай, борцтой, бантантай, шар цагаан будаатай гээд олон янзаар амталж чанана. Өдрийн гол хоол бол унд. Мээм хоол хошонд түүртэхгүй. Олон янзын амтлагчгүй, за даа заримдаа ч сонгиногүй байж таардаг байсан байх. Борцтой гурилтай шөлийг нээх сайхан хийдэгсэн. Орой бүр идсэн ч уйдамгүй өргөжөөр тасалсан Мээмийн гурилтай шөлний амтыг ээ. Янзтай шүү дээ. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл бөртөгнөх малч хүний хөдөлмөр дээр эх хүний, эхнэр хүний ачаа тэгнээстэй ч Мээм өчүүхэн ч гомдол тунирхалгүй насыг баржээ. Заримдаа ч туйлгүй ядардаг байсан биз. Галынхаа өмнө дугхийчихсэн байдагсан. Эргэх дөрвөн цагт төл хүлээн авах, ноос ноолуураа авах, аргал хоргол түүх, хашаа хороогоо савардах гээд Мээмийн минь ажил дуусдаггүй байсан бололтой юм, одоо бодох нь ээ. Хамгийн сүүлд унтаж, хар өглөө босч, амьдралын буулганд хором ч сөхрөлгүй зүтгэсэн дээ, миний Мээм.


Мээм ёс дэг, шашин шүтлэг гэж сүйдэхгүй. Гэхдээ зул их барина. Ялангуяа цагаан сараар зул тасрахгүй барих нь их гэрийн ёс билээ. Мээм ямар ч ажлыг хийхдээ сүр болгохгүй. “Би хийж байна. Хийх гэж байна” хэмээн сүржигнэхгүй. Түүнчлэн “Тэр тэр тийм юм хий” хэмээн тушааж захирсан өнгө түүнээс гарахгүй. Ажлыг ярс ирс гээд гялалзуулаад байхгүй ч аядуу зөөлнөөр дараалалд нь оруулж хийнэ. Зуны нэг өдөр тогоо гаргах гэтэл жийрэглэчихмээр юм олддоггүй. Яая даа гээд зуух орчмыг нүдээрээ нэгжиж байтал Мээм “Өө яачихсан юм” гэнгүүтээ халуун тогоо улаан гараараа бариад гарчихаж билээ.

Мээмийг ажилд нухлагдаж, амьдралд боомилогдсон эмэгтэй байсан гэж ойлгож болохгүй. Хүн юм хойно баярлаж баясах өдөр хоног байлгүй яахав. Хэд хэдэн цагаан сарын шинэдээр дуулж байсныг санаж байна. Голдуу ардын дуу дуулна. Дуулах нь дээр үеийн бягтруул дээрх шиг өвөрмөц хуучны аялгуутай. Цагаан сар, наадам гэлтгүй бусад үед ч Мээмийг нутгийн айлууд урина. Хонуутаар зочилж яваад ирэхдээ хөл хөөрцөг болж, олон үг дэлгэхгүй. Нэг үгээр зочилсон айлынхаа сайн мууг үл дуудах. Хүндэтгэлийг хүндэтгэлээр хариулна. Мээм гэр орныхоо ачааллаас үүрдэг шигээ сүрхий мэдэлтэй. Мэдэлд нь их гэрийн зүүн тал, гал тогоо, илүү гэр, хураалттай бараа, тооны мал гээд юм юм бий. Өвөөгийн мэдлийн юманд эмээ оролцохгүй шиг Мээмийн мэдлийнхэд Ажаа бас оролцохгүй. Мээм өмч хөрөнгөнөөсөө мэдэж зарцуулах эрхтэй хүн байлаа. Ажаа гийчинд хувь боож өгвөл Мээм бас өөрийнхөө хувийг бэлдчихсэн байх. Хүний хүн гэхгүй л бусдын алга тэнийлгэнэ. Тэр үед одооных шиг уут сав элбэг байсан биш. Варены шил, сонин, бор цаас гээд сав боодол бүр хөдөөний айлд хэрэгцээтэй зүйлийн нэг байв. Тиймээс өмнө нь ирсэн махны уут, ааруулын хүүдий, сүүний бетон дотор аав ээж талх, боорцог, элсэн чихэр, өөр юу юу ч билээ хийхийн хамт хадгалах нөөцлөх, баглаж хүлэх зүйлсийн хамт хийж явуулдаг байлаа. Төдөлгүй л өвөөгийнхөөс өнөө уут сав дүүрээд л ирнэ шүү дээ.


Эмээ дөрвөн хүүхэдтэй. Том нь миний ээж Ш.Лхагвасүрэн. Сүүлийн гурав нь хүү. Ш.Батмөнх, Ш.Ширмэнбаатар, Ш.Төмөрбаатар. Ээж маань эрүүл мэндийн салбарын хүн болж, гурван дүү нь малч удмыг нь залгажээ. Мээм ер нь үр хүүхдээ хүртэл загнаж зодож, харааж ерөөж яваагүй хүн шиг байгаа юм. Тийм нинжин хүнийг өөрийн эрхгүй хайрлах хүндлэх сэтгэл төрөөд байдаг юм билээ. Нас дээр гарсан хойно Мээм “Гар ар руугаа явахаа байлаа. Гэзэг шиг юм аа тайруулъя” гэхэд Батаа, Ширмээ ах хоёр “Эгч мэднэ” гээд, ээж болохоор “Та нар эрчүүд. Та нар мэд” гээд гурвалжин дөрвөлжин юм болж байж билээ. Мээмд хүүхдүүд нь тийн хүндэтгэлтэй хандана. Эргэн бодоход эмээгийн дотор юу болж, юу түүнийг цэлмүүлж бас бараантуулж явсаныг бодох сөхөө байсангүй. Өвөөтэй хэрхэн танилцаж, ханилсаныг хүртэл асуугаагүй өнгөрчээ. Эмээ өвөө, ижий аавтайгаа амьд сэрүүнд нь ярилцаж баймаар юм байна шүү. Ажааг маань өнгөрөхөд хүртэл Мээм маань уйлж бахирч, үр хүүхдүүдээ айлгаж сандарсангүй. Намжуу хүн юм болохоороо дотогшоо нурж гашуудсан юм болов уу даа.


Мээмийн тухай, бас хөдөөгийн дурсамж дунд ангид орох үеэс нэг хэсэг тасарсан даа. Ухаан нь би гэдэг хүн хөдөө явах дургүй болсонтой холбоотой. Харин Мээм сүүлхэндээ хүйтэн сэрүүний улиралд аймгийн төв бараадаж, охин дээрээ /ээж дээр маань/өвөлжөөд урин унахаар гэр рүүгээ харьдаг болов. Ээж маань их бөөцийлнө өө. Нэг удаа миний найз Н.Мөнхсүх Улаанбаатараас Сайншанд явна гэхээр нь гэр рүүгээ захиас дайв аа. Сүх манайд нэг найзтайгаа очсон юм байх аа. Гэтэл найз нь “Энэ чинь цагаан сарын айл шиг яасан цэвэрхэн айл вэ, эмээ нь бас ямар цэвэрхэн юм бэ” гэсээр гарч ирсэн гэдэг. Аяга ч угаалгахгүй болохоор угаас зүгээр сууж сураагүй хүнд суурин газар наалдаж өгдөггүй юм биз. Мээм хаваршаад ирэхээр өндөлзөөд унаа машин ирж байгаа эсэхэд чих тавиад харихын түүс болж байгаа нь илт харагддагсан. Ээжийг гомдчихно гэдэг юм уу ил цагаан хэлэхгүй ч байр байдлаасаа андашгүй. Гэрийн зүг год хийх унаа хөсөг таарвал дарга цэрэг, ачаатай ачаагүй, том жижиг гэлтгүй сууж аваад явж одно. “Саяхан л хүүш энэ цүнхийг нь авсан уу, мартсан санасан зүйл байна уу” хэмээн бужигнаж байсан чимээ гэрт тасрахад сэтгэл нэг хөндүүрлээд нэг том орон зай гарчих шиг болдогсон. Хэсэгтээ л дэн дун гээд эвгүй шүү. 

Намар нь Мээм ирэх гэж байгаа тухай яриа хэсэг сонсогдсоны эцэст мөн нэг л өдөр ажил тараад ирэхэд гэрт ирчихсэн, инээд хөөр болж байдагсан.
Сүүлд манайхыг Улаанбаатарын айл болсны дараа манайд ганц нэг ирж өвөлжсөн. Хүүхдүүдийнхээ тоонд оруулж, Мээмдээ чихэр жигнэмэг авна аа. Юу юугүй гар дагуулж харахгүй ч горьдоно оо. Горьдож байгаагаа харагдуулахгүй санаатай. Авч өгснийг голж шилж чамлахгүй. “Мээмдээ хэрэггүй, хүүхдүүддээ ав” гэх буюу эс бөгөөс “Ажил төрөлтэйгээр миний хүү өөртөө юм авч баймаар юм” л гэнэ. Энэ яваа насандаа би, намайг гэж хэлж үзээгүй эгэл гэхэд дэндүү эгэл нэгэн байжээ.


Өвчин тоочдоггүй Мээм маань ерэн дээрээ хорвоог орхиж билээ. Улаан хоолойн хорт хавдар тусчихаад байхдаа ч ганц ёо хэлэлгүй байсаар ертөнцийн жамаар одсон доо. Ямар хүнд ийм их тэвчээр заяадаг юм бол доо гэж одоо хүртэл би боддог юм. Унтуу цунтуугүй уужим хүн юм болохоор нь бурхан 90 насныг наслуулсан юм уу ч гэж бодогдох шиг. Мээмийнхээ тухай дурсахад нулимс унагахгүй байхын аргагүй. Тэр хэрээр хүний хайлан болсон түүний сайн сайхан зан чанарыг хадгалж үлдэх эрмэлзэл өөрийн эрхгүй төрөх. Эрмэлзэхгүй байхын аргагүй, би чинь Мээмийнхээ үргэлжлэл шүү дээ.